Засгийн газрын гишүүд хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 7-ны дотор хүргүүлэх нь

Авлигын эсрэг хуулийн 11.1.1-т “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хуульд заасан хугацаанд бүртгэж, хянана” гэж заажээ. Мөн уг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүд энэ сарын 30-нд, Засгийн газрын гишүүд ирэх сарын 7-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлэх юм. Одоо ажиллаж буй албан тушаалтнуудын дээрх мэдээллийг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан зарлахыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх хэллээ. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд тусгасны дагуу АТГ тухайн оны хоёрдугаар улиралд багтаан хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулдаг аж.

Засгийн газрын гишүүнээр сонгогдсон, “шинэ” хүмүүсийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулъя. Тэд дэд сайд, агентлагийн дарга зэрэг албан тушаал хашиж байхдаа хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргажээ. Тухайлбал, Зам, тээврийн сайдаар томилогдсон Л.Халтар жилийн 264 сая төгрөгийн орлоготой, 853 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, гурван компанид хувьцаа эзэмшдэг аж. Харин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2017 онд 319 сая төгрөгийн орлоготой байсан бол өнгөрсөн онд энэ тоо 26 сая болж буурчээ. Тэрбээр 800 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, туулах чадвар өндөр автомашинтай, 46 саяар үнэлэгдэх газар эзэмшдэг, нэг эрх, нэг тусгай зөвшөөрөлтэй гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичжээ. БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн 2017 онд жилийн 26.3 сая төгрөгийн орлоготой, нийтийн хоёр орон сууцтай байжээ. Харин өнгөрсөн онд 22.7 сая төгрөгийн орлоготой, нийтийн нэг орон сууцтай болсон аж. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан жилийн 166 сая төгрөгийн орлоготой, нийтийн зориулалттай хоёр орон сууцтай, хурдан удмын 15 адуу, 57 үхэртэй, 30 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа жилийн 30 сая төгрөгийн орлоготой, 26 саяар үнэлэгдэх газар эзэмшдэг, 97 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурджээ. УУХҮ-ийн сайд Г.Ёндон 204 сая төгрөгийн орлоготой, 460 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, тусгай патентын дөрвөн эрхтэй юм байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 97.3 сая төгрөгийн орлоготой, 235 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 533 адуу, 139 үхэр, 1500 гаруй бог малтай аж. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан туулах чадвар өндөр нэг автомашинтай, 245 сая төгрөгийн хадгаламжтай, 4.4 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, хоёр компанид хувьцаа эзэмшдэг гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)