Засгийн газрын гишүүд улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, Үндсэн хуулиа дээдлэхээ тангараглалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад өчигдөр бараалхаж, шинээр томилох Засгийн газрын гишүүдээ танилцууллаа. Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 30.1, 30.2 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын гишүүдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, асуултад хариулж, санал сонслоо. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Эрчим хүчний сайдад “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Н.Тавинбэх, БШУ-ы сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан, Соёлын сайдад ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайдад дэд сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван нарыг томилж буй юм. Эрүүл мэндийн сайд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлд уржигдар танилцуулсан. Тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй байсан тул түүний оронд УНТЭ-ийн захирал Т.Мөнхсайханыг томилохоор болжээ.

САЙДАД НЭР ДЭВШИГЧ ГЭНЭТ СОЛИГДСОНЫ УЧИР ЮУ БАЙВ

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг ийнхүү гэнэт өөрчилсөн нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж, хууль сахиулах байгууллагаас энэ талаар лавлагаа мэдээлэл өгсөнтэй холбоотой гэнэ. Учир нь Б.Цогтбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, удахгүй гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор болоод буй юм билээ. Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй албан тушаалтнуудыг эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан үйлдэлд холбогдуулан өнгөрсөн оны тавдугаар сараас цагдан хорьж шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан. Уг хэрэгт Б.Цогтбаатарыг хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татаад буй аж.

Ташрамд дурдахад, Н.Чимэдлхам тэргүүтэй албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулсан, бусдаас хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлээд байгаа юм.

“ЗАХИАС”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШААРДАХАА АНХААРУУЛАВ

УИХ-ын гишүүд шинэ сайд нарт асуулт тавьж, санал хэллээ.

Ё.Баатарбилэг: -Ерөнхий сайдын танилцуулсан бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Шадар сайд Улсын онцгой комиссыг ахалж байгаа. Гадаадад сурч буй оюутнуудыг маань байрнаас нь хөөж гаргах, нутаг буцаах шаардлага тавьсан зэрэг асуудал тулгарлаа. Үүнд Шадар сайд, Гадаад харилцааны сайд нар анхаарлаа хандуулмаар байна.

Г.Дамдинням: -Дархан-Уулын замын ажлыг хэзээ хийж дуусгах вэ. Энэ замыг яаралтай ашиглалтад оруулахыг танаас байнга шаардах болно. Ажил нь одоо ямар байгааг та үнэнээр нь хэлээрэй.

Л.Халтар: -Эхний ээлжийн замыг ашиглалтад оруулахад 55 мянган тн цемент хэрэгтэй. Цементийн үйлдвэр үүнийг нийлүүлэхэд хүндрэлтэй байна. Цар тахалтай холбоотойгоор БНХАУ дахь мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа. Нэг, гурав, тавдугаар багц замын ажил урагштай. Харин хоёр, дөрөвдүгээр багцын хувьд ажил нь удаашралтай явж буй.

Н.Учрал: -Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын тогтолцоог яаралтай бий болгох нь зөв. Үргэлж “шоовдорлогдож” ирсэн боловсролын салбарт мэргэжлийн, туршлагатай хүн нь томилогдож байна. Гэхдээ бусад улс орон боловсролын салбараа өөрөөр хөгжүүлж байгаа. Тиймээс таныг салбарынхаа “хайрцаг”-наас гарч боловсролын шинэчлэлийг хийж чадна гэж итгэж байна.

Д.Бат-Эрдэнэ: -Төрийн албыг төрлийн алба битгий болгоорой. Хамаарал бүхий компаниудаа тендерт шалгаруулдаг байдалтай хатуу тэмцэж ажиллахыг анхааруулъя. Эдийн засгаа тэлэхийн тулд экспортоо нэмэгдүүлж, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүддээ түлхүү анхаарах хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтын ажилд гол мөрний, саарал ус татах шаардлага тулгарч байгаа. Түүнийг шийдвэрлээрэй.

Ц.Мөнх-Оргил: -Бид хэрэглээний татварт анхаарч ажилламаар байна. Ердийн, тансаг, эрүүл бус гэж хэрэглээг гурав ангилан, зохих хэм хэмжээг тогтоох хэрэгтэй. Манай зарим иргэн байх ёстойгоосоо хэтэрхий тансаг хэрэглээтэй. Олон машин, орон сууцтай. Тэгэхээр хэмжээнээсээ илүү хэрэглээтэй бол авах татварын хувийг өндөр тогтоох шаардлагатай. Үүнээс босгосон мөнгөө нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд зориулах боломжтой.

С.Чинзориг: -Өвөрхангай аймагт дулааны цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг шийдсэн. Одоо тендерийг нь зарлаж байгаа гэсэн. Энэ ажлыг урагшлуулаарай. Мөн сумдыг инженерийн шугам бүхий цэвэрлэх байгууламжтай болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна. Түрээсийн орон сууцын төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлээрэй. Экологийн доройтол, өвөлжилт, хаваржилтын хүнд үед чиглэсэн бодлого хэрэгтэй байна. Нөгөөтээгүүр, ноос хяргах, ноолуураа самнах зэрэг малчдын гараар хийдэг хөдөлмөрийг механикжуулахад анхаараарай.

Ж.Мөнхбат: -“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг бид хийх ажилдаа тусгасан. Үүнийг хамгийн түрүүнд хэрэгжүүлээрэй. Дарханы аж үйлдвэрийн цогцолборыг яаралтай ашиглалтад оруулах нь малчдын захиас шүү. Шинэ сайд нар УИХ, намын бүлэг, байнгын хороодтой хамтарч ажилладаггүй алдааг битгий давтаарай. Соёлын сайдаар С.Чулууныг томилж буйд иргэд нэлээд шүүмжлэлтэй байна. Оюуны хулгай хийдэг гэх юм. Үүнд хариулт өгөөч.

С.Чулуун: -Соёлын өвтэй холбоотой бүхий л ажлын гол суурь нь судалгаа, шинжилгээ, эрдэмтдийн санал. Тэдэнтэйгээ хамтарч ажиллана. “Эрүүл” шүүмжлэл, саналыг сонсож, анхаарч ажиллана. Харин гүтгэлэг, доромжлолыг хүлээж авахгүй. Би хулгай хийдэг биш, эмхэлдэг, цэгцэлдэг судалгааны газрыг удирдаж байсан.

Т.Аубакар: -Энэ жил төмсийг хангалттай талбайд тариалсан. Тиймээс дотоодын хэрэгцээнээс илүү гарсныг нь экспортлох чиглэлд анхаарч ажиллаарай. Хүүхдүүдэд эх оронч үзлийг танхимын бус сургалтаар олгоход анхаарч, байгальтай танилцуулдаг хэлбэрт шилжүүлээрэй.

Б.Энхбаяр: -Хууль зүйн яамныхан дотоод хэргийн асуудалд илүү анхаарал хандуулсны улмаас хүний эрх, шударга ёсыг хуулиар бэхжүүлэх, хэрэгжүүлэх тал нь орхигдсон. Хуулийн төсөл боловсруулдаг, судалдаг Хууль зүйн үндэсний хүрээлэнг найман ажилтантай болгожээ. Газрын багц хуулийг Иргэний хуульд нийцүүлэн боловсруул гэдэг үүргийг УИХ-аас өгсөн ч Барилга, хот байгуулалтын яамныхан одоо болтол үүнийг хэрэгжүүлэхгүй байна. Мөн УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийн хүрээнд open¬databurtgel.mn сайтаар газрын бүх мэдээллийг ил тод болгох ёстой. Гэтэл ингэхгүй байгаа нь албан тушаалтай холбогдох гэмт хэрэг учир Х.Нямбаатар сайд арга хэмжээ авах нь зөв. Газрын багц хуулийг сайжруулах хэрэгтэй.

Х.Нямбаатар: -“Эрх зүйн шинэтгэл хөтөлбөр 2”-ыг боловсруулж, УИХ-д танилцуулах шаардлагатай. Үүний хүрээнд хууль тогтоомжоо боловсронгуй болгож, хүний эрх, эрх чөлөөг хангах бодлого хэрэгжүүлэх боломжтой. Салбарын эрдэмтэн, судлаачдыг хуулийн төсөл боловсруулахад оролцуулна. Газрын багц хуулийг шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг Барилга, хот байгуулалтын сайдтай хамтран хийнэ.

Б.Мөнхбаатар: -Газрын багц хуулийн төслийг боловсруулсан ч хаврын чуулганд өргөн барьж амжаагүй. Намрын чуулганаар өргөн барина. Газрын харилцаа алхам алхмаар сайжирч буй. Аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлуулж, цахим бүртгэлд оруулдаг. Хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан зөвшөөрөлгүй барилгыг шийдвэрлэнэ.

Ж.Сүхбаатар: -Өнгөрсөн жил хоёр сая 175 мянган зөрчил бүртгэгджээ. Энэ хэрээр торгууль ногдуулж байгаа гэсэн үг. Захиргааны зөрчлийг шийдвэрлэх нь нийгмийн дэг журмыг хангахад чухал. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийг “хэрэглэх” тал дээр хүндрэл үүсэж байна. Тиймээс энэ хуулийг засаж, сайжруулах хэрэгтэй.

Х.Нямбаатар: -Уг хуулийг анх санаачлахдаа сануулах, албан шаардлага хүргүүлэх зохицуулалтыг тусгаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд үүнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг би ахалж ажилласан, шинэчилсэн найруулгын төслийг нь бэлдчихсэн байгаа.

Д.Ганбат: -Х.Нямбаатар гишүүн “Нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байсан шүү дээ” гэж ярьж байсан. Тэгвэл шударга бус шүүхтэйгээ яаж тэмцэх вэ. Төгрөгийн ханш унаж буйд яаж анхаарах вэ.

Л.Оюун-Эрдэнэ: -Шүүгчийн хараат бус, шударга байдалтай холбоотой асуудлыг Ерөнхийлөгч хариуцдаг.

Х.Нямбаатар: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Улстөрчдөөс хараат бус байдлаар шүүгчдийг сонгон шалгаруулах тогтолцоо руу шилжих агуулгыг үүнд тусгасан байгаа.

Ч.Хүрэлбаатар: -Эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан. Үүний 50 орчим хувь нь экспортын хэмжээ буурсантай холбоотой. Ханшны хэлбэлзэл 3-5 хувь дотор байна. Энэ бол “эрүүл” явц.

Т.Доржханд: -Гадаадад гацсан иргэдээ ямар хугацаанд татаж авах вэ. Ялангуяа АНУ-д гацсан оюутнуудын асуудлыг яах вэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх, эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ. Сангийн сайд аа, төсвөө хэзээ тодотгох вэ, дотоодын бондын зах зээлийг хэзээ тэлж, банк, санхүүгийн реформоо эхлүүлэх вэ. 2.9 тэрбум ам.долларын өрийг хэрхэн төлөх вэ. Авлигатай тэмцсэн бодитой жишээ байна уу.

Я.Содбаатар: -Ажилтайгаа танилцаад гадаад байгаа иргэдээ татах талаар тодорхой шийдвэр гаргана.

Х.Нямбаатар: -АТГ-ын удирдлагыг УИХ томилдог. Цаашид мөрдөх албаны бүтэц, тогтолцоог өөрчлөх шаардлага бий. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон бүх хэргийг прокурорын байгууллагаас сэргээн шалгаж байгаа. Авлигатай тэмцэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгана.

Н.Энхсайхан: -Монгол Улс 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статусаар нэгдэн орсон. ГХЯ-нд энэ асуудлыг хариуцсан тусгай нэгж байгуулан дүгнэлт гаргаж, хариулт өгье.

С.Чулуун: -Хууль бусаар гаргасан үзмэрүүдийг буцааж авчрахад анхаарна.

Ч.Хүрэлбаатар: -Ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ. Хөрөнгө оруулалтын ажлууд хэвээрээ үргэлжилнэ. Дотоодод бонд гаргах бүх бэлтгэлээ хангасан байгаа. Арилжааны банкуудаас зээл авахгүй. Бондын 2.9 тэрбум ам.долларын төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр шийднэ гэв.

Гишүүд саналаа хэлж дууссаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр “Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны парламент, танхим байгуулагдаж ажилдаа орж байна. Цар тахал, эдийн засгийн хямралтай үед томилгоонуудыг яаралтай хийх боломжоор хангасан та бүхэнд баярлалаа. Би УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож, сайн, муу олон парламентад суусан. Энэ удаагийн парламентыг зөв бодлого, хөгжлийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна. Би эх орноосоо хулгай хийхгүй. Хэрэв хулгай хийвэл хариуцлага хүлээнэ. Засгийн газрын гишүүдээс хууль бус зүйл битгий хүсээрэй. Хэрэв тэгвэл би шалгуулах болно” гэв.

ГИШҮҮДЭД ЗАХИРАМЖИЙГ НЬ ГАРДУУЛЛАА

Байнгын хороодын харьяа Тусгай хяналтын, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын, Төрийн зарлагын хяналтын, Хүний эрхийн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороодын бүрэлдэхүүнийг парламентаар батлав. Засгийн газрын гишүүдийг танилцуулсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэднийг батламжилж, захирамж гардууллаа. Энэ удаагийн Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тангараг өргөх ёстой. Уг хуульд тусгаснаар, Засгийн газрын гишүүд нэг нэгээрээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөлөө. Үүний дараа сайд нарт тамгыг нь хүлээлгэж өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)