Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудыг баталлаа

 Ардчилсан нам гүйцэтгэх засаглалын бүтцийг өөрчлөх бодлогоо Парламентаар дэмжүүллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өчигдрийн үдээс хойших хуралдаан Засгийн газрын бүтэц, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдэд “ногоон гэрэл” асааж, анхны хэлэлцүүлгээр аль алиныг нь 90 гаруй хувийн саналаар батлав. Одоо УИХ-ын олонхид сайд нарын танхимын гишүүдийг нэрлэх л үлдэж байна. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Эл шийдвэрийг гаргахын өмнө гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягаас асуулт асуусны зэрэгцээ саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Тендер болгоны маргаан дээр Ерөнхий сайд зогсож байдаг юм руу орчих вий. Эрчим хүчний сайд нь цахилгааны асуудлаа Хөдөө аж ахуйн сайдтай ярих нь зохисгүй, үүнийг өөрчлөх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Яамдын тоог нэмэхээр орон тоо заавал нэмэгдэнэ. Үүнийг одоохондоо нууж болно, цаашдаа чадахгүй. Төрийн өмчийн хороог Хөдөө аж ахуйн яаманд хариуцуулах болж буйг огт ойлгохгүй байна. Хувьчлалын асуудал дууссан учраас Төрийн өмчийн хороог задлах хэрэгтэй гэж ярьж байсан хүмүүс одоо бүр эсрэг зүйл ярьж байна. Төрийн өмчийн хороог бүр харь гариг руу нүүлгэх нь. Ерөнхий сайдын харьяанд байснаар нь үлдээж яагаад болохгүй байна вэ. Хөдөлмөрийн яаманд МСҮТ-ийг өгөөд, Оюутолгой, Тавантолгойд ажиллуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын системийг хэн нь ч сайд болсон хамаагүй, Эрүүл мэндийн яаманд өг. Мөнгөө төлсөн нь эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авдаг болох хэрэгтэй” хэмээв.

Засгийн газрын бүтэц, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөх боллоо. Харин дээрх хоёр төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд 16 томъёоллоор санал хурааж, дэмжлэг хүлээсэн болон горимын таван санал гарсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгбүрчлэн санал хураалгав. Байнгын хорооноос дэмжигдсэн саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд ч мөн дэмжсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах асуудал харьяалагдах байсныг хасч, оронд нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар болсон нь гишүүдээс дэмжлэг хүлээлээ.

Мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд газар зохион байгуулалтын бодлого харьяалагдаж байсан дээр нэмж усны нэгдсэн бодлогыг тусгаж өгөв. Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнээс жендерийн хөгжлийн асуудлыг хасч, Ерөнхий сайдынхад нэмсэн нь дэмжигдэв. Түүнчлэн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг хасч, Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд оруулсны зэрэгцээ Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс түлшний хангамж нөөцийн бодлого, зохицуулалтыг Эрчим хүчний сайдынхад шилжүүллээ. Засгийн газрын бүтэц, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудын эцсийн найруулгыг сонссонд тооцож, дээрх саналуудыг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)