Засгийн газраас дэмжээд явбал Монголд үйлдвэрлэл хөгжих боломжтойг харуулж байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар мөн Төв аймагт ажилласан юм.

Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар энэ үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байгаа ч үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын хичээл зүтгэлээс үл шалтгаалах хэд, хэдэн бэрхшээл энэ салбарт өнөө хэр тулгамдаж байгаа аж.

Тухайлбал, “Могол ноос” компанийн Ерөнхий захирал Ч.Эрдэнэбат “Манай компани монгол хонины ноосноос ноолуураа ялгаад утсаа өөрсдөө хийж байгаа. Хийсэн утсаа “Blue Sky” компанид өгч даавуу болгодог юм. Түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн болох пальто үйлдвэрлэж байна. Манай ээрэх үйлдвэр гэхэд л жилд 300 тонн нарийн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид энэ хүчин чадлынхаа 10-хан хувийг ашиглаж байсан. Энэ жил пальто үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 орчим хувийг л ашиглаж байгаа.

Гэтэл импортоор жилд 400-500 тонн утас орж ирдэг. Энэ асуудлыг нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай. Хэрвээ бид импортын утасны асуудлыг зохицуулах юм бол дотоодын нарийн ээрмэл утасны чанар маш өндөр түвшинд хүрсэн тул гологдохгүй.

Мөн бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Жилд 2000 тонн ноос авч байж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Түүхий эдийн үнэ гэхэд л 8 тэрбум төгрөг болно гэсэн үг. Энэ бол аль ч үйлдвэрт тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудын нэг.

Бид энэ үйлдвэрүүдийг байгуулахын тулд Засгийн газрын бондын зээлээс 3.5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 2 тэрбум төгрөг авсан. 5-7 жилийн хугацаатай авсан зээлээ бид 100 хувь төлчихсөн. Тэгэхээр оновчтой үйлдвэрлэлээ олж сонгоод, Засгийн газраас дэмжээд явах юм бол Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломжтой гэдгийг манай үйлдвэр харуулж байгаа болов уу” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)