Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас дамжиж ирсэн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулна

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлагыг 11,589.8 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь байхаар тооцсон байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувь байх юм.

Засгийн газар 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.3, энэ оны эхний хагас жилд 6.3 хувьтай байгаа эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувьд хүргэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд:

  • Эдийн засгийн өсөлтийг дэмжиж төсвийн сахилга батыг чанд баримтлан алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах
  • Экспортод гарч байгаа эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэж орлогоо нэмэгдүүлэх
  • Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх
  • Төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг дээшлүүлэх
  • Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмж, үр ашгийг нь сайжруулах
  • Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээ авах юм.

Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас дамжиж ирсэн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, ирэх онд “Ирээдүйн өв сан”-д 553 тэрбум гаруй төгрөг, цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь анх удаа байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхэлнэ гэсэн үг юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)