Засаг дарга нар чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

УИХ-ын тухай хуулийн 42.1-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, эрдэм шинжилгээний ажил, багшлах зэргээс бусад албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө түүнээсээ чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна” гэсэн заалт бий. Үүний дагуу парламентын гишүүнээр сонгогдсон аймаг, нийслэлийн Засаг дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар Ерөнхий сайдын шийдвэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх бөгөөд тогтоол нь гараагүй байгаа аж. Мөн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй гэнэ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол түүнийг шинээр томилох хүртэлх хугацаанд бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” хэмээн заасан байдаг. Мөн аймаг, нийслэлийн ИТХ-аас Засаг даргын нэрийг санал болгож, Ерөнхий сайд, хотын дарга нар батламжлах аж.

Бэлтгэсэн: Б.Нандин