Зарим бизнесийг 11.5 хувийн хүүтэй санхүүжилтээр дэмжинэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулан найм болгох шийдвэр гаргалаа. Мөн урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улсын жилийн инфляц наймдугаар сарын байдлаар нам дор түвшинд буюу 2.1 хувьд хүрсэн, Төвбанкны худалдан авсан алтны хэмжээ нэмэгдсэн, гадаадын түншүүдээс 700 орчим сая ам.доллар зээлэхээр тохирсон зэрэг нь валютын ханшийг тогтворжуулах төлөвтэй байгаа учраас бодлогын хүүг доошлуулах үндэслэл болжээ. Бодлогын хүүг бууруулах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөшүүрэг болох юм.

Коронавируст халдварын цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, зээлийн тасалдал үүсэж болзошгүй нөхцөлд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд эрсдэлээс болгоомжлон зээл олгохоо хязгаарлах болсон гэсэн үг. Тиймээс репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн аж. Тодруулбал, Монголбанк арилжааны банкны хэвийн зээлийг барьцаалан үнэт цаасыг нь худалдаж авна. Түүгээр нь арилжааны банк эдийн засгийн тодорхой салбаруудад зээл олгох үүрэг хүлээх юм.

Төвбанк банкуудын үнэт цаасыг 8.5 хувийн хүүтэйгээр худалдаж авах төсөөлөл хийсэн гэнэ. Энэ тохиолдолд банкууд цааш нь 11.5 хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ гэж Төвбанкныхан үзэж байлаа. Тэд “Уул уурхайн бус салбарт репо санхүүжилт олгоно. Аль салбарт зээл олгохоо судалж, журмаар тогтооно. Дээд тал нь 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тооцоо бий” гэж ярив. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хугацаанд уг арга хэмжээг авах юм байна.

Дээрх шийдвэрийг гаргаснаар эдийн засгийн бодит секторын санхүүжилт нэмэгдэн, уналтыг сааруулан, сэргэлтийг дэмжинэ гэж үзжээ. Төвбанк энэ онд манай улсын эдийн засаг 2.6 хувиар агшина гэсэн төсөөлөл хийснээ энэ үеэр дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)