Зардлын хэмжээг нэмсэн нь зонхилогч намуудад л зол болно

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр тогтоосон нь 2016 оныхоос 57.6 хувиар өссөн дүн юм. Хэтрүүлж хэлбэл, өмнөх сонгуулиас үндсэндээ хоёр дахин нэмчихэж. Нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээг ч өсгөжээ. Жишээ нь, өмнөх сонгуулиар Баянзүрх дүүргийн 53 дугаар тойрогт нэр дэвшигч нэг хүний зарцуулж болох зардлын дээд хэмжээг 192 сая төгрөгөөр тогтоож байв. Харин энэ удаа тус дүүрэгт нэр дэвшигч нь зардлаа 718.9 сая төгрөгөөс хэтрүүлж болохгүй. 2016 оныхоос бараг дөрөв дахин нэмэгдсэн харагдаж байгаа ч бяцхан тайлбар хийе. Өнгөрсөн сонгуулийг 76 жижиг тойрогт зохион байгуулсан бол энэ удаа томсгосон 29 тойрогт явуулна. Өөрөөр хэлбэл, тойрог нь томорсноор тэнд хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээ хийгээд хүн амын тоо нэмэгдэнэ.

...Гэвч энэ удаагийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын зүгээс 2020 оны сонгуулиас цахим орчинд сурталчилгаа хийх болсонтой холбон зардлын өсөлтийг тайлбарлаж буй. Өнгөрсөн сонгуулиудын хувьд мөрийн хөтөлбөр тайлбарлан таниулах, нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, бичиг хэрэг, шуудан холбоо, унааны болон томилолт, хөлс, урамшуулал зэрэгт хамаг мөнгөө зарцуулж ирсэн байдаг...

Тиймээс томсгосон тойрогт зарцуулах зардал өсөх нь зайлшгүй. Гэвч том зургаар нь харвал нэр дэвшигч, улстөрчдөөс тухайн тойрогт цацах хөрөнгө хавьгүй нэмэгдэхээр байгаа юм. Баянзүрх дүүргээр жишээ авъя. Тус дүүргээс өнөөгийн УИХ-д зургаан гишүүн сонгогдоод буй. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэг зургаан мандаттай байсан гэсэн үг. Харин одоо тэндээс таван гишүүн сонгоно. Өмнө нь МАН-аас тус тойрогт сойсон зургаан нэр дэвшигч нийлээд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөг хаяж болохыг зардлын дээд хэмжээгээр тогтоож байсан. Тэгвэл одоо мандат нь цөөрч тав болсон ч тэдний зарцуулах нийт санхүүжилт хэдийн гурван тэрбумыг хол давахаар байгаа юм. Өнгөрсөн сонгуулиудын тайлангаас харвал АН, МАН тэргүүтэй “том” гэгддэг намуудын нэр дэвшигчид зардлын дээд хэмжээнд тултал нь санхүүжилт гаргаж ирсэн байдаг. Энэ нь өнгөрсөн хугацаанд ээлжлэн эрх барьж ирсэн АН, МАН, тэдгээрээс нэр дэвшигчид, ер нь мөнгөтэй хүн илүү “хурдлах” боломж бий болгож байгаа юм. Зардлын хэмжээг нэмсэн нь зонхилогч намуудад л зол болно гэсэн үг.

2016 оны сонгуульд нийт 12 нам, гурван эвсэл, 498 нэр дэвшигч оролцсон. Үндэсний аудитын газрын гаргасан мэдээлэлд тулгуурлан хийсэн мониторингийн дүнгээс харвал тус сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 11 нам, хоёр эвсэл нийт 8.4 тэрбум орчим төгрөг төвлөрүүлснээс 8.3 тэрбумыг нь зарцуулсан байна. Харин 498 нэр дэвшигчээс зөвхөн 386 нь зардлын тайлангаа хуульд заасны дагуу ирүүлж, бараг дөрөвний нэг нь таг чиг алга болжээ. Ирүүлсэн тайланг нэгтгэвэл зардлын нийт дүн 26 тэрбум гаруй төгрөг болж, нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулсан санхүүжилтийн бүх дүн 34.4 тэрбумд хүрсэн байна. Гагц сонгуулийн үеэр хэдэн арван тэрбумаар нь зарлагаддаг энэ байдал айсуй сонгуулиар даамжирч, зарцуулах мөнгө ч даруй нэмэгдэх нь гарцаагүй болох нь.

Нөгөө талаас сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайланг хянах эрх, үүргээ холбогдох байгууллагууд бүрэн хэрэгжүүлж буй, эсэх нь эргэлзээтэйг судалгаа, мониторингийн дүн баталдаг. “Нээлттэй нийгэм” форум тэргүүтэй ТББ-уудын өнгөрсөн сонгуулиар хийсэн мониторингийн тайланд “Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн төрийн аудитын байгууллагад хүлээлгэн өгч буй зардлын тайланг авч үзэхэд зарцуулалтын хувьд эргэлзээ төрүүлэхүйц жишээ, баримт нэлээд байна” хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл, цаасан дээр учир дутагдалтай тайлагнасан дүнгээс гадна далд, санамсаргүй хийгээд зориуд нуусан санхүүжилт ч бийг харгалзах учиртай. Ингээд харвал манай сонгуулиуд дахь мөнгөний нөлөө, хүчин зүйл жил ирэх бүр нэмэгдэж байна. 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш явуулсан УИХ болон Ерөнхийлөгчийн бүх сонгуулийн турш намуудын сонгуульд зарцуулсан зардлын хэмжээ тогтмол нэмэгдэж ирснийг судалгаануудын дүн өгүүлдэг. “Сонгогчдын боловсрол” төвийн судалгаанд дурдсанаар анхны сонгуульд оролцсон нийт нэр дэвшигч намуудын кампанит ажлын зардал 13.7 сая байсан бол 2012 он гэхэд энэ дүн 36.8 тэрбум төгрөг болтлоо өсжээ. Үүнийг нэг сонгогчид ногдох зардлаар тооцвол 13 төгрөгөөс 29 830-д хүртлээ нэмэгдсэн гэсэн үг.

Энэ нь өнгөрсөн хугацаанд ээлжлэн эрх барьж ирсэн АН, МАН, тэдгээрээс нэр дэвшигчид, ер нь мөнгөтэй хүн илүү “хурдлах” боломж бий болгож байгаа юм. Ийн зардлын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сонгууль ирэх бүрт сурталчилгааны хугацааг багасгаж буй нь мөнгөтэй хүмүүсийн давуу талыг бүр ч нэмэгдүүлж буй гэлтэй. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны хугацаа уртсахын хэрээр хөрөнгө, хүч их урсах ч хэт богино хугацаанд хэн бэлтэй нь мөнгөөр зодож, илүү олон сонгогчийн санаа бодлыг эргүүлэх нөхцөл үүсдэг. 2016 онд сурталчилгааны хугацаа 19 хоног байсан бол үүнийг өдгөө 17 болгож цөөлсөн. Өмнө нь жижиг тойрогт цөөн сонгогчид бодлого, хөтөлбөрөө танилцуулахад энэ хугацаа хангалттай байсныг үгүйсгэхгүй ч энэ удаа томсгосон тойрогт илүү богино хугацаанд ажиллахаар буй нь нэр дэвшигчдийн нөөц, боломжийг олон талаар шавхах биз ээ. Юутай ч санхүүгийн хувьд илт давуу нэр дэвшигч өрсөлдөгчийнхөө дуу хоолойг бүхий л талаар дарж, цаашлаад сонгогчдын саналыг худалдан авах нь ойлгомжтой. Улмаар авлига цэцэглэх таатай нөхцөл бүрдэж буй гэхэд болно. АТГ болон олон улсын байгууллагуудын хийсэн цөөнгүй судалгаагаар Монголд өндөр түвшний авлига түгээмэл, улс төрийн салбарт далд хэлбэрээр газар авч буйг онцолж байгаа билээ. Уг нь ардчилсан сонгуулийн гол зарчмуудын нэг нь өрсөлдөгч нам, эвсэл, нэр дэвшигчид тэнцэртэй, эрх тэгш гарааны нөхцөл байх ёстой. Бразилд хийсэн судалгаагаар сонгуулийн зардлын дээд хэмжээг 25 хувиар бууруулахад нэр дэвшигчдийн тоо есөн хувиар нэмэгдсэн дүн гарсан аж. Өөрөөр хэлбэл, зардлын дээд хэмжээг бууруулснаар том хандивлагчдын нөлөөнд автах эрсдэлийг багасгаж, хэтэвч хоосон ч толгой тархи нь дүүрэн хүмүүст нэр дэвших боломж олгодог гэсэн үг.

Гэвч энэ удаагийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын зүгээс 2020 оны сонгуулиас цахим орчинд сурталчилгаа хийх болсонтой холбон зардлын өсөлтийг тайлбарлаж буй. Өнгөрсөн сонгуулиудын хувьд мөрийн хөтөлбөр тайлбарлан таниулах, нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, бичиг хэрэг, шуудан холбоо, унааны болон томилолт, хөлс, урамшуулал зэрэгт хамаг мөнгөө зарцуулж ирсэн байдаг. Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Сонгуулийг 700 сая төгрөгөөр хийнэ гэж үлгэр ярих хэрэггүй. Нэг нэр дэвшигчээс тийм их зардал гарах учиргүй. Нэг сонгогчид сурталчилгааны нэг л хуудас тараахад болно. Том том сэтгүүл, боть ботиор ном хэвлэж, түүнийгээ тараагаад ялна гэж бодоод байгаа бол бүтэхгүй. Сонгогчид цахим орчныг идэвхтэй ашиглах болсон. Фэйсбүүк гэхэд л хамгийн зардал багатай, үнэгүй гэмээр хэрэгсэл болчихоод байна. Тиймээс сонгуулийн зардлын зардлын дээд хэмжээг эргэж харах нь зүйтэй” хэмээн бухимдсаныг нь буруутгах аргагүй мэт.

Олон улсад сонгуулийн зардлын дээд хэмжээг хязгаарлаж, бууруулах хандлага давамгайлж байна. Бельги, Чили, Франц, Израил, Шинэ Зеланд, БНСУ тэргүүтэй орнууд сонгуулийн зардлаа бууруулсан нь хамгийн ойрын жишээ. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-ын жишгийг ярьж баахан шуугьсаныг санаж буй биз ээ. Хойд хөрш 2018 онд Төрийн тэргүүнээ сонгохдоо зардлын дээд хязгаарыг 400 сая рубль буюу 16 тэрбум орчим төгрөгөөр тогтоосон бол манай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нам хийгээд нэр дэвшигчийн гаргах зардлын дээд хэмжээний нийлбэр 10.7 тэрбум төгрөг болж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)