Зангарагтай бай, МАН-ынхаан

Монголын хамгийн ууган улс төрийн хүчин түүхэндээ анх удаа сонгуульд эвсэж орох оролдлого хийв. Гэвч шат шатны сонгуульд ханьсана хэмээн тохиролцсон МАХН-ын дарга Н.Энхбаяраас болоод энэ “оргилуун” хүсэл нь биелсэнгүй. МАН-ын бага хурлаас сонгуульд урьдын адил дангаар оролцох шийдвэр гаргав. Угшил нэгтэй намууд эвсэж, хамтарч ажиллая хэмээн хоёр талаас ажлын хэсэг байгуулаад хэдэн сар болсон. Уг ажлын хэсгийн МАН-ын талын ахлагч Ч.Хүрэлбаатар, МАХН-ын талын ахлагч Ч.Улаан нар 51:25 харьцаагаар сонгуульд эвсэж орохоор тохирсноо зарласнаас хойш 24 цагийн дараа л байдал  орвонгоороо эргэчих нь тэр. Н.Энхбаяр хамаг тохиролцоог баллаж орхилоо.

Угаас бэлэн болчихсон, гагцхүү баталгаажуулах нь дутуу тохиролцоог баллаж, задлахдаа тэр мэргэшсэн хүн л дээ. Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа танхимаа аварч үлдэх төлөвлөгөө боловсруулан, бүтцээ цөөлж, хэдэн яамтай, хэн сайд байхыг хүртэл “Шударга ёс” эвсэлтэй тохирчихоод яг сайхан батлахын даваан дээр мань Н.Энхбаяр БНСУ-аас нисэж ирээд л “ниргээд” хаячихсан түүхийг уншигчид мартаагүй байгаа.

Н.ЭНХБАЯРЫН ХУВИЛБАРУУД

Тэр АН, МАН болон бас бус жижиг намтай яриа хэлэлцээ өрнүүлж, хэд хэдэн хувилбар зэрэг төлөвлөж явжээ. Ч.Сайханбилэгийн танхимыг аварч үлдээд хариуд нь Шадар сайд болох тохиролцоог энэ эрхэм Ардчилсан намынхантай хийсэн юм. Гэвч нөгөөдүүл нь цагаа тулмагц ялтай байдал хэмээх сул талыг нь АТГ-аар баталгаажуулж авсан. АН-ынхан түүнийг чадлаа гээд үлдсэн байж мэдэх. Харин Н.Энхбаяр зүгээр нэг чадуулаад өнгөрдөг хүн биш. Тэр хөзрөө лавшруулсаар ялтай байдлаа арилгуулах тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгуулж, Байнгын хороо түүнийг нь дэмжсэн тухай шуугиж байна.

Муриулсныхаа хариуд хүссэнээ авч салж байгаа юм уу даа. Түүний “Б” хувилбар нь МАН байлаа. Тус намынхан түүнтэй нэг тал болсноор “мөнхийн дайсан”-аа дарж авна, бас ч гэж нэр хүндийг нь ашиглаад хэдэн суудалтай болно гэж тооцсон байх. Гэвч дарагддаггүй дайсан нь тэднээс хэд дахин илүү нүүдлийн цаадхийг харсан байж таарав. Эвсэнэ хэмээн шуугиан тарьж, Бага хурлын гишүүдийг нь баахан хүлээлгэснийхээ эцэст эргэж буцав.

Түүнд бас “В” хувилбар бий. Тэр нь МНН, Тусгаар тогтнол эв нэгдлийн зэрэг жижиг нам. Энэ жижиг намуудыг “хошгируулаад” л яваа. Тэд нар харин энэ ахаасаа болгоомжилж, хашир үзэхэд илүүдэхгүй л байх. Түүн шиг хашир хүн өөртөө хамгийн ашигтайг нь л сонгоно. Жижиг наймаа хийхгүй.

МАН ГЭНЭН БАЙНА ДАА

90 гаруй жилийн түүхтэй, зангарагтай нам атал МАН бас л гэнэн юм. Тэд хамтрагчаа дутуу үнэлснээ мэдээд баахан гомдлын үг чулуудацгаав. Улс орноо аврахын төлөө нэгдье гэсэн бидний чин хүсэл дээр улс төрийн тоглолт хийлээ. Ашиг хонжоо хайж, наймаачны сэтгэлээр хандан итгэл эвдлээ, аймшигтай хулхидууллаа л гээд байна. Н.Энхбаяртай тэд саяхан танилцсан биш, анхнаасаа л ямар хүн байсныг нь мэднэ. Бас өнгөрсөн хугацаанд хоёр талын ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдахад л өнгө төрх нь цухалзаад байсан юм билээ шүү дээ. Хуралдаан бүрт л МАХН саналаа өөрчилж байсан гэх.

Эхлээд бүх шатны сонгуульд 20:80 гэсэн хувилбараар оръё гэхэд МАН-ынхан дэмжиж. Гэтэл хэд хоногийн дараа барьцаа лавшруулж, 40:60 гэв. Ингэмэгц нөгөө тал нь дургүйцэж, эхлээгүй үерхэл нь төгсөхөд хүрч байсныг бид мэдээлсэн. Н.Энхбаяр уяагаа буцаагаад жаахан суллав. Орон нутагт 20:80, тойрогт 40:60, нийслэлд 50:50 гэлээ. МАН-ынхан эргэж хараад дахин ярилцаж эхэлжээ. Эцэст нь 51:25 дээр тохирч, олон нийтэд зарласны дараа бүх шатанд УИХ-д авсан суудлын тоог харгалзаж нэр дэвшүүлнэ гэх мэтээр шаардлагаа нэмсэн байна. Ингээд МАН замаа бодож, шийдвэрээ гаргасан нь тэр.

Уг нь МАН-ынхан монгол төрд хийдгээ хийж, авдгаа авчихсан атлаа салж өгдөггүй энэ “мангаа”-г царайчлах хэрэггүй байсан юм. Том хүчний зангараг заах ёстой байлаа. Энэ тал дээр Ардчилсан намаас суралцах байж. Тус намынхан буурь зааж, “Угшил нэгтэй, ардчилсан үзэл санаатай ИЗНН, МҮАН-ынхан манайд ирж нэгдээч, хамтдаа эх орноо аваръя” гэсэн. Эвсэе гэж жижгэрээгүй байгаа биз. Гэтэл Монгол Улсын хамгийн том улс төрийн хүчин Н.Энхбаяр гэдэг нөхрийн өмнө жижгэрч үзээгүйгээрээ жижгэрч, эвсэж ажиллая хэмээн гуйв. Эцэст нь нөгөөхдөө тонгоруулчихаад “уйлаад” үлдлээ шүү дээ. Уг нь бол МАН-ынхан “Бид түүхэндээ эвсэж үзээгүй нам, манайхтай нэгдвэл нэгд” гээд том сууж байх ёстой байлаа.

Улс төрийн намууд эвсэх, нэгдэх, эсэхээ энэ сарын 29-ний дотор шийдэх учиртай. Тэгэхээр намуудад ахиад хэд хоногийн хугацаа бий. Энэ зуурт Н.Энхбаяр дарга хэнтэй ч эвсэж мэднэ. МАН-ынхан нэмэлт шаардлагыг нь хүлээж авалгүй дангаараа оролцох талаар ярьж эхэлмэгц мань эр дахин ярилцах санал тавьсан сурагтай. Энэ удаа л ямар ч байсан “уярч” болдоггүй юм шүү, МАН-ынхаан.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)