Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхааруулж байна

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хүрээнд үргэлжилсэн цас орж, цасан шуурга шуурсны улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэргээс үүдэн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн яам, АТҮТ болон бусад холбогдох байгууллагууд авч ажиллажээ. Тухайлбал,  өчигдөр /2016.11.13/ 13:00 цагаас өнөөдрийн /2016.11.14/ 10:00 цаг хүртэл орон нутгийн замд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох арга хэмжээ авсан билээ.

Ус цагийн уурын урьдчилсан мэдээгээр цаг агаарын нөхцөл байдал сайжирч, орон нутгийн замын засвар арчлалтыг хариуцсан байгууллагууд замын цасыг цэвэрлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд орон нутгийн замын хөдөлгөөнийг өнөөдөр 10:00 цагаас нээж тээвэрлэлт хэвийн явагдаж эхэллээ.

Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул тохиолдсон нөхцөлд улс, хот хоорондын тээвэрлэлтийн чиглэлд улсын байнгын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах эрхийг олгосон байдаг. Энэхүү эрхийн хүрээнд тус яамнаас байгаль цаг уурын нөхцөлд тохируулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зохицуулалт хийсний үр дүнд зам, тээврийн осол болон саатсан асуудал харьцангуй бага гарсан байна. Харин зарим иргэд орон нутгийн замд тээвэрлэлт хийхээр батлагдсан зам, маршрутаас өөр чиглэлээр зорчих  асуудал багагүй гарсан талаар албаныхан хэлж байна.

Монгол улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, нийт 947 зорчигчдыг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулах, буудалд хоноглуулах, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудаас зорчигчдыг галт тэргэнд шилжүүлэн суулгах зэрэг арга хэмжээг авч, болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Үүнд:

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон.
Шийдвэр гарахаас өмнө тээвэрлэлт гүйцэтгэж байсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, 3 суудлын тээврийн хэрэгслийг 14 байршилд зогсоон, Дархан-Уул аймгийн Автотээврийн төв дээр 26 зорчигч, Төв аймгийн Лүн сумын сургуулийн зааланд 44 зорчигч, бусад 743 зорчигч зочид буудалд тус тус хоноглуулах арга хэмжээг авч ажилласан.
Говьсүмбэр аймгаас 27 зорчигчийг Улаанбаатар хотруу, Дархан-Уул аймгаас 65 зорчигчийг Улаанбаатар хотруу, 42 зорчигчийг Орхон аймагруу тус тус нийт 134 зорчигчийг галт тэргэнд шилжүүлэн суулгасан.

Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр 2016.11.14-ний өдөр Зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цасан болон шороон шуургатай, салхины хурд 5-10 м/с хүрнэ.

Зам тээврийн ослын судалгаагаар авч үзвэл тухайн жилд гарч буй нийт ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай замын нөхцөлөөс үүдэлтэй гарч байна гэж олон улсын шинжээчид үзсэн байна.

Хальтиргаатай замд автомашины тоормосны зам 3-4 дахин ихэсч, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ цагийн хурдтай явж байсан автомашины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг ажээ.

Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад автомашин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай байдаг.

Иймд зорчигч та бүхэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулан, анхаарал болгоомжтой зорчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)