Зам, талбай цэвэрлэхэд үүсдэг тоосжилт буурсан уу

зам талбай цэвэрлэх

Зам, талбай цэвэрлэдэг хүмүүс өрөөлд ч, өөртөө ч хүндрэлтэй ажил хийдэг гэхэд хилсдэхгүй. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг тэд “тоос бужигнууллаа” гэж нүд үзүүрлэгдэх нь бий. Зам дагуу шороо шүүрдэхэд тоос бужигнах нь мэдээж. Тоосны харшил, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчинтэй хүмүүс тэднийг хараад зугтдаг нь үнэн. 

Өөрөөр хэлбэл, зам цэвэрлэх ажил иргэдэд ч, үйлчилгээний ажилтнуудад ч хүндхэн асуудал. Уг асуудлыг шийдэхээр нийлэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшилт технологи нэвтрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Улмаар агаар чийгшүүлж, авто зам цэвэрлэх зориулалттай 20 ширхэг “хөөрхөн” машин нийслэлийн гудамж, талбайд үзэгдээд сар гаруй болж байна. Оруулж ирсэн төхөөрөмжүүдийн өнгө зүс дажгүй ч үр дүн төдийлөн гарахгүй байна хэмээн иргэд бухимдах болжээ.

Эл машинуудыг авахад хэдэн төгрөг зарцуулж, одоогоор ямар үр дүнд хүрсэн талаар нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжаваас тодруулахад “Нийт 5.2 тэрбум төгрөгийн төсвөөр цэвэрлэгээний 20, чийгшүүлэгч таван машин авлаа. Чийгшүүлэгч машины гурвыг нь наадмаар үйлчилгээнд гаргасанд иргэд сайшаалтай хандаж байсан. Үлдсэн хоёр нь гаалийн хяналтын талбайд байгаа. Тоос, шарилжны харшилгүй хүн нийслэлд ховор. Энэ төхөөрөмжийг оруулж ирснээр цэвэрлэгээ хийхэд үүсдэг тоос 90 гаруй хувиар буурсан гэхэд хилсдэхгүй. Шүүрдсэн хогийг вакуум орчинд сорж, цэвэрлэдэг учраас ийм итгэлтэй хэлж байгаа юм. Вакуум орчинд хог, шороог сорохын зэрэгцээ чийгшүүлэгчтэй болохоор тоос бужигнахгүй. 

Өмнө нь зам, талбайн үйлчлэгч 0.6-1 км замыг өдөржин цэвэрлэдэг байсан бол энэ машинаар 16 км замыг нэг цагт “гялалзуулдаг”. Цагт 30 км зам туулах хурдтай. Ийм зайд 1.8-2 л түлш зарцуулдаг. Энэ нь зардал бага гарна гэсэн үг. Хятадаас оруулж ирсэн учраас амархан эвдэрнэ гэж иргэд хардаж байна. Уг машинууд евро стандартын шаардлагыг бүрэн хангасан. “Далу” компанийнхан хоёр жилийн хугацаанд засвар үйлчилгээг нь хариуцна” гэв. Харин “Далу” компанийн захирал Э.Ган-Эрдэнэ эвдрэл, гэмтлийг нэг жилийн хугацаанд хариуцна гэдгээ тус төхөөрөмжийг хүлээлгэн өгөхдөө хэлсэн. Нэг, хоёрын аль нь ч байсан энэ нь баталгаа олгоход хэтэрхий богино хугацаа. Уг нь олон улсын жишигт ийм төхөөрөмжүүдэд багадаа 20 жилийн баталгаа олгодог аж.

Цэвэрлэгээний машинд эвдрэл, гэмтэл гарвал нийлүүлсэн компани нь гэрээт хугацаанд сэлбэг, хэрэгслийг нь үнэгүй нийлүүлнэ. Цаашид цэвэрлэгээний төхөөрөмж эвдэрвэл нийслэлийн Хот тохижилтын газрынхан өөрсдөө хариуцах юм байна. Өнгөрсөн жил цас цэвэрлэх машинууд оруулж ирсэн. Гэхдээ бараг ашиглаагүйн шалтгаан нь сэлбэг, хэрэгсэлгүйн улмаас засаж чадахгүй байгаатай холбоотойг албаны эх сурвалж хэлснийг энд сийрүүлэхэд илүүдэхгүй биз. Зам, талбайн үйлчлэгч нар ч “Цас хаа сайгүй үлээгээд бидэнд нэмэргүй эд байна лээ” хэмээн шүүмжилсэн удаатай. Харин өнгөрсөн сараас үйлчилгээнд нэвтрүүлсэн цэвэрлэгээний машин цаашид энэ мэтээр “паактлахгүй” л байгаасай.

Нийслэлийн Хот тохижилтын газрын зам, талбай хариуцсан ажилтан “Гэсэр” сүмээс “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар хүртэлх зам дагуу цэвэрлэгээний машинтай хэрнээ шүүрээрээ хог хамаад зогсож байсныг өнгөрсөн долоо хоногт харсан юм. Тэр ажилчныг замын хөдөлгөөний ачаалал үүсгэлээ гэж жолооч нар багагүй шүүмжилсэн. Түгжрэл үүсгэхээс гадна ажилчид замын голд зогсоод цэвэрлэгээ хийж байхдаа осолд өртөж болзошгүй. Энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж, техник хэрэгслээ бүрэн эзэмшсэний дараа тохижилт, үйлчилгээний ажилчид замын хөдөлгөөнд оролцох ёстойг цагдаа нар байнга сануулдаг. Энэ санамжийг мөрдсөн, эсэхийг нийслэлийн Хот тохижилтын газрынхнаас асуухад “Цэвэрлэгээний машинууд дотроо агааржуулалтын систем, гар удирдлагын товчтой. 

Түүнийг нь ажилчиндаа таниулж, техник, хэрэгсэлтэй харьцах, жолоодох дадал суулгахын тулд тав хоногийн сургалт зохион байгуулсан. Ганц, хоёр нь техник, хэрэгслээ бүрэн эзэмшиж амжаагүй байхыг үгүйсгэхгүй. Юм бүхэн эхэндээ хэцүү байдаг шүү дээ” гэж ярив. Ямартай ч техник хэрэгслээ бүрэн эзэмшээгүй байхдаа осолдох, замын хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд хариуцлага хүлээх эзэн, үүнийг шийдэх гарц одоогоор алга.

ДЭВШИЛТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН Ч ХОГ ШҮҮРДЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Цэвэрлэгээний машин хонхор, гүдгэр газрын нарийн тоосыг ч шүүх чадалтайг Н.Пүрэвжав дарга онцолсон. Гэхдээ шүүлтүүр нь амархан дүүрч түүнийгээ байсхийгээд цэвэрлэх шаардлагатай аж. Түүнээс гадна цэвэрлэгээний машины багтаамж нь бага. Цуглуулж, овоолсон хогийг нь өөр нэг том оврын машин ирж ачих хүртэл хүлээх ёстой юм байна. Мөн муу усны хоолой, ус зайлуулах шугамд орсон хогийг ажилчид түүх ёстой гэнэ. Тиймээс нийслэлийн Хот тохижилтын газрын зам, талбайн цэвэрлэгээ хариуцсан нэг ч ажилчин орон тооны цомхтголд орох аюулгүй гэсэн.

Одоогоор нийслэлийн Хот тохижилтын газарт 730 хүн ажиллаж буйгаас 256 нь зам талбайн цэвэрлэгээ хариуцдаг. Өвлийн улиралд 05.00, зун 04.00 цагаас эхлэн ажилладаг тэд дэвшилт технологийн, жижиг оврын машинтай болсон ч цагийн хуваарьт нь өөрчлөлт ороогүй аж. Уг нь дээрх машиныг үйлчилгээнд нэвтрүүлснээр ажилчдын ачаалал багасах байсан.

Тус байгууллага нийслэлийн төвийн бүсийн буюу нийт 160.9 км замыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Баянзүрхийн товчооноос Моносын уулзвар, Нисэх орчим дахь Наадамчдын замын уулзвараас 32-ийн тойрог хүртэл, Их, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, талбайг цэвэрлэдэг аж.

Нэг машин цагт 30 км зам, талбай цэвэрлэх хүчин чадалтайг дээр дурдсан. Тэгвэл таван машин нэг зэрэг гарахад 160 гаруй км зам, талбайг цагийн дотор л цэвэрлэж дуусгах юм байна. Тэдэнд цэвэрлэгээний 20 машин бий. Түүнээс гадна 256 хүн нийслэлийн зам, талбайг хоёр ээлжээр цэвэрлэж буй ч ажлын ачаалал нь хэвээрээ л байна. Тэгэхээр 20 машиныг зөвхөн нийслэлд бус алслагдмал дүүрэгт ч ашиглаж болохоор санагдсан. Энэ талаар холбогдох газрын дарга хэлэхдээ “Дүүргийн Тохижилт үйлчилгээний газрынхан энэ машиныг үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжтой. Гэхдээ шинээр худалдаж авах шаардлагатай. Бодит байдалд нийслэлийн хэмжээнд 20 машин ашиглах нь хүртээмжтэй, эсэх нь одоогоор тодорхойгүй. Тодорхой хугацааны дараа нийслэлд ийм машин нэмж авах шаардлагатай гэж үзвэл тоог нь нэмнэ” гэж хариулав.

“БОРОО”-НЫ МАШИНД СААРАЛ УС АШИГЛАДАГ ГЭВ

Борооны буюу усалгааны машинд саарал ус ашигладгийг сонсоод баярласнаа нуух юун. “Эм си эс”, АПУ гэсэн хоёр компан, нийслэлийн Хот тохижилтын газрынхантай урт хугацааны гэрээ хийсэн аж. Усалгааны машин дээрх хоёр компанийн сурталчилгааг түгээж, оронд нь саарал усаа үнэгүй авч ашигладаг юм байна.

Түүнээс гадна Сүхбаатар дүүргийн XII хорооны нутаг дахь 32-ын тойргийн дэргэдэх болон Баянгол дүүргийн XX хорооны нутаг дахь хөрсний усны ундарга бүхий худгаас ус авдаг аж. Одоогоор усжуулагч машины гурав нь үүргээ гүйцэтгэж байна. Бороогүй өдрүүдэд хүчтэй сэнсний тусламжтайгаар гудамж, талбайг уг машинаар чийгшүүлнэ. Машинаа нэг удаа цэнэглэхэд найман тонн ус хуримтлуулж, түүнийгээ 50-60 минут ашигладаг гэнэ. Энэ хугацаанд 10-15 км замыг чийгшүүлэх хүчин чадалтай. Ус нь дуусмагц хамгийн ойр худгийг зорих шаардлагатай тул хэрэглээндээ 100 хувь саарал ус ашиглах боломжгүй аж. Ингэх нь хугацаа болон түлш их зарцуулдаг ч одоогоор үүнээс өөр гарц байхгүйг мэргэжилтнүүд хэлсэн.

Нийслэлийн Хот тохижилтын газарт зам, талбай угаадаг, зориулалтын төхөөрөмж үүнээс өөр бий. 2016 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн ширхгийг нь 1.2 тэрбум төгрөгөөр авчээ. Метрополис хотыг шүүр, хүрзээр цэвэрлэх нь хоцрогдол. Түүнийгээ халж, олон улсын стандартад нийцсэн, хотын үзэмжид өнгө нэмсэн дэвшилт технологи нэвтрүүлсэн нь сайшаалтай. Гэхдээ асуудал мундахгүй байгааг болгооно биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)