Зам тавьж байсан ажилчид чулуужсан олдвор олджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутгаас үлэг гүрвэлийн өндөг байж болох чулуужсан бөөрөнхий зүйлс олджээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен” ХХК-ийн захиалгаар засмал зам тавьж байсан “Дорноговь АЗЗА” компанийн ажилчид эдгээр зүйлийг олсон аж. Тэд өнгөрсөн есдүгээр сард зам тавьж байсан газраасаа нийт 15 ширхэг ийм чулуужсан зүйл олсон ч тухайн үед холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй юм байна. Харин энэ сарын 4-нд олдворуудаа аймгийнхаа музейд хүлээлгэн өглөө. Олдворуудын долоо нь нэлээд том, нэг нь гурван литрийн бидон савны чинээ бол найм нь Монгол орноос өмнө нь олдсон үлэг гүрвэлийн өндөгний дайтай аж. Тус музейнхэн ШУА-ийн Палеонтологийн төвд  энэ тухай мэдэгдэн, палеонтологчдыг урьж шинжлүүлэх юм байна.

Энэ талаар Палеонтологийн төвийнхнөөс тодруулах гэсэн ч мэдээлэл ирээгүй байлаа. “Доншен” компани зам тавихаасаа өмнө археологи, палеонтологийн хайгуул, судалгаа хийлгээгүй болж таарав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)