Зам дээр “гацдаг” автобуснуудыг яах вэ

“Хүмүүс ээ, буугаад арын автобусанд суу. Тэрэг эвдэрчихлээ” гэж зандрах, гуйхын завсарт хэлэх жолоочийн үгийг хүүхэд, залуучууд хүлцэнгүй нь аргагүй дагаж, хөгшид, хөл муутай нэг нь “Техникийн бүрэн байдлаа шалгаж гардаггүй юм уу” хэмээн ундууцна. Тэглээ гээд яалтай билээ, эвдэрсэн автобусанд суугаад үлдэлтэй биш. Эсвэл явж ядаад, үгүй бол ухас ухасхийн “тонгочих” автобусаа “Хий алдаад байгаа юм” гэж хээвнэг өмөөрөн, гэмгүй царайлах жолооч нар үнэхээр зэвүүн. Үнэн, худал нь мэдэгдэхгүй ийм шалтгаанаар бас л мань хэдийгээ шоглож, буулгаж, “нүүлгэн шилжүүлэх” нь төвөгтэй. Нийтийн тээврийн автобус замын голд гэнэт зогсоод зорчигчдыг энэ мэтээр чирэгдүүлдэг явдал Улаанбаатарын авто зам дээр түгээмэл. Бараг жирийн үзэгдэл болсон гэчихвэл хэтрүүлэг биш. Автобусаар хөл дүүжилдэг хүмүүс үүнийг андахгүй.

Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна өөр нэг хөгийн асуудал нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлдэг хүмүүсийг бухимдуулдаг нь бохир заваан байдал. Хирэндээ баригдаж, лааны тос түрхчихсэн мэт болсон бариулд гараа хүргэх нь тогонд цохиулах мэт аймаар, муухай. Бас янз бүрийн толбо тогтож, халтайсан суудлынх нь бүрээсийг яана. Мөн зарим автобусны буух хэсгийн буюу ар талын хаалганы карт уншигч төхөөрөмж ажиллахгүйгээс иргэд дамжин суухдаа хөнгөлөлт эдэлж чадахгүйд хүрдэг. Энэ бүхэн ч нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд хамаатай.

Улаанбаатарын жирийн иргэдийн гол хэрэглээ болсон нийтийн тээвэртэй холбоотой гомдол, саналыг жагсаавал хэдэн хуудас болох биз. Гэтэл нийслэлийн Тээврийн газар гэж “Хотын тээврийн салбарт дэвшилт техник, технологи нэвтрүүлэн иргэдээ дээдэлсэн систем бий болгоно” гэсэн хоосон уриатай, хийсэн зүйлгүй байгууллага байна. Улсаас өчнөөн татаас авдаг хэрнээ “нүүрээ” ч угаадаггүй тус газрынхан хэзээ “хар унгастай” унаанаасаа салах вэ. Хажуугаар нь явахад л ухаан алдах шахах юм. Бас буудал дээр ирээд хаазлах автобуснаас ямар муухай утаа гардгийг нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй дарга нар мэдэхгүй биз. Насжилт өндөртэй, хар утаа хаядаг автобусыг үйлчилгээнд гаргахгүй гэж хариуцдаг байгууллагаас нь байнга шахам мэдээлдэг ч ажил хэрэг болдог, эсэх нь эргэлзээтэй. Зайсан-III, IV хороолол чиглэлд явдаг автобус өнөөдөр ч “унгаж, пургисаар” л. (Энэ ташрамд дурдаж, дарга нарынх нь чихнээс хонх уяхад эл чиглэлийн автобуснуудын доторх урсдаг самбар дээр харь орны хаяг байдгийг болиулж болдоггүй юм уу).

Өнөөдөр нийтийн тээвэрт явуулдаг 1200 гаруй автобусны дийлэнх нь 10- 12 жилийн насжилттай байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүрснийг харуулж буй. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд шугаманд явж байсан хэчнээн автобус шатав. Өнгөрсөн нэгдүгээр сард Улаанхуаран-Мах маркет чиглэлийн автобус шатсан нь техникийн бүрэн байдлаа хангаагүйгээс шалтгаалсан. “Блюбус” ХХК-ийн автобус “булган сүүлтэй” байж, Орбит-Тахилт чиглэлийн нэг унаа үйлчилгээ эхлүүлэхээр явж байгаад өглөөгүүр шатсан.

Автобуснууд жилд 55 тонн хорт утаа ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл үйлчилгээнд явж байгаад зогссон автобусны улмаас иргэдэд цаг хугацаа, эдийн засгийн хохирол хэр учирдгийг тооцдог байгууллага байна уу.

Нийслэлд өдөрт дунджаар 700 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн статистик бий. Их хотын иргэдийн олонх гэсэн үг. Ийм олон хүний нүдийг ширгээхээс наагуур болж ирчихээд, буудалдаа “тогтож” ядаад ухасхийж, замдаа баахан асуудалтай тулгарч, бөөн төвөг уддаг нийтийн тээврийг эрс шинэчлэхгүй бол горьгүй нь ээ. Ямар сайндаа л иргэдийн дунд “Автобусанд суумар” гэсэн егөөтэй “хараал” бий болох вэ дээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хуучныг хуучнаар л солино

Бидний нэрлэж заншсанаар Гэмтлийн эмнэлгээс Шар хадны чиглэлд хойгуур буюу Баянбүрдийн тойрог, 100 айлаар явдаг тав дугаартай автобусанд суулаа. Хоёр ч буудлын ТҮЦ-ээс “Smart” карт авах гэтэл “Байхгүй, дуусчихсан” гэсэн тул 500 төгрөгөө жолоочид нь өгчихөв. Баянзүрх дүүргийн XVI хороо буюу Монбетийн автобусны буудлын орчимд байрлах “Трансбус” компанийн баазыг зорин, автобусанд сууж яваа нь энэ. Эл автобусны суудлуудыг хиймэл савхин материалаар бүрсэн нь цэмцгэр харагдуулна. Ариун цэврийг нь 10 оноогоор дүгнэ гэвэл долоог өгч болохоор байв. 10.00 цагийн үед зам түгжрэлгүй байсан тул Баянбүрдийн буудлаас хөдлөөд, төдийлөн сааталгүй явсаар Монбетийн буудалд хүрлээ.

“Трансбус” компани хоёр баазтай. Нэг нь Сонгинохайрхан дүүргийн VIII хороо буюу Баруунсалаанд бол нөгөөх нь Баянзүрх дүүрэгт байх эл бааз. 4000 орчим шоо метр талбайтай хашааны газрыг цементэлж, гарааш, компанийн оффис, ажилчдын хоолны газар, агуулах зэргийг барьжээ. Гараашийнх нь зогсоол бүр доороо “яам”-тай бөгөөд дөрөв, таван ч автобусанд засвар, үйлчилгээ хийж байв. Техникийн түргэн тусламж гэсэн хаягтай бага оврын автобусанд гурван хүн суугаад Шар хадны орчимд саатсан нэгэндээ туслахаар хөдөллөө.

Тус компанид 200 орчим хүн ажиллан, 60 гаруй автобусаар үйлчилж буйгаас 40-ийг нь дөрвөн чиглэлд, өдөр тутам үйлчилгээнд гаргадаг байна. Өглөө бүр автобуснуудаа цэвэрлэж, техникийн үзлэг хийн, жолоочид нь хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулаад үддэг гэнэ. Урд хөршөөс худалдан авсан ганц, хоёр шинийг эс тооцвол 60 гаруй автобус нь бүгд Өмнөд Солонгост явж байжээ. Дийлэнх компани шинэ автобус худалдан авч чаддаггүй тул (шинэ нь багадаа 100 000 ам.долларын үнэтэй) БНСУ-д 6-7 жил явсныг нь авчирч таван жил ашиглаад “тэтгэвэрт” гаргадаг гэсэн. Учир нь манайд автобусыг үйлдвэрлэснээс нь хойш 12 жил ашиглах ёстой. Хуучныг худалдан авахдаа ч агааржуулагч хийлгэн, халаагуур тавиулж аль болох тоноглож, тохижуулсныг оруулж ирдэг гэнэ. Энэ жил “Трансбус”-ын 20 орчим автобус “тэтгэвэртээ” гарах бөгөөд оронд нь мөн л хуучныг авахаар төлөвлөж буйгаа компанийн захирал Л.Эрдэнэбилэг дуулгав.

Тэрбээр “Нийтийн тээвэрт явж буй 1000 орчим автобусны 70 хувь нь хувийн хэвшлийнх. Бүгд л хуучин автобус худалдан авч, үйлчилгээнд гаргадаг. Автобусаа шинэчил, цэвэр цэмцгэр байлга, жолооч нараа харилцааны соёлтой, найрсаг үйлчилгээнд суралцуул зэрэг санал, шаардлага иргэдээс хамгийн их ирдэг. Бид эдгээрийг аль болох биелүүлэхийг хичээн, иргэдийн гомдлыг барагдуулан, алдаа гаргасан ажилчдадаа хариуцлага тооцдог. Манай компанид 15 жил автобус барьж буй нь ч, ганц, хоёрхон жилийн туршлагатай нь ч байна. Бид жолооч ажилд авахдаа өндөр шалгуур тавьдаггүй, мэргэжлийн үнэмлэхтэй байх хэрэгтэй л гэдэг.

4-5 жилийн өмнөхтэй харьцуулахад нийтийн тээврийнхэн илүү олон чиглэлд үйлчилж, үйлчилгээ болон автобуснуудын өнгө төрх сайжирсан. Бүх компани автобуснуудаа шинэчлэн, шинийг оруулж ирвэл зардал нь өсөн, иргэд 500 биш, багадаа 1000 төгрөгөөр зорчих байх. Ер нь нийтийн тээврийн салбарын хоцрогдол, иргэдийн шүүмжлэл нь бид эдийн засгийн чадамжгүйтэй холбоотой” хэмээн ярив.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн нэг автобусыг, нэг цагт 35 000 төгрөгийн зардал гаргасан гэж тооцон улс мөнгө төлдөг юм байна. Энэ нь хэдэн сар болоод л өсчихдөг шатахууны үнэ, засвар үйлчилгээ, ажилчдын цалин хөлс, татвар зэрэгт хүрэлцдэггүй, маш их хэмнэж, танаж байж л компаниа авч явдаг талаараа Л.Эрдэнэбилэг хэлсэн.

Үүнээс гадна төрийн бодлого эл салбарт дутагдаж буй гэв. Тухайлбал, хэт хуучин, дизель түлш “иддэг” автобуснуудыг үйлчилгээнээс халахаар хоёр жилийн өмнө компаниудаас хийн түлшээр ажилладгийг нь шаарджээ. Хийн түлшээр явдаг автобус утаа гаргадаггүй, он залуу гээд тавьсан шалгуурт нь нийцсэн гэнэ. Гэтэл тухайн автобусанд хэрэглэдэг хийг ганцхан цэгээр борлуулж байсан нь хүндрэл учруулж, дараалал үүсгэх болж. Удалгүй хийг импортолж чадахгүйд хүрч түгээх цэг нь үүдээ барьжээ. Тиймээс өнөөх автобуснууд одоо гараашдаа “унтаж” байна.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Х.БУЛГАА: Хийн түлшгүйн улмаас 100 орчим тээврийн хэрэгсэл сул зогсож байна

Нийслэлийн иргэдийн хөл дүүжилдэг ганц унаа нь нийтийн тээвэр. Манай улс нийтийн тээврийн автобусыг 12 жил ашиглаад акталдаг. Хотын нийтийн тээврийн үйлчилгээний 216 автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусах аж.

Нийт автобусны 78 хувийг есөөс дээш жил ашиглажээ. Гэтэл төрийн өмчийн автобус компаниуд 2015 оноос хойш парк шинэчлэл огт хийгээгүй. Энэ асуудлаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлийг бодлогын түвшинд хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн. Ямар бодлого барьж ажиллах вэ?

-Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар энэ дөрвөн жилд нийтийн тээвэрт 400 автобус нэмж явуулахаар төлөвлөсөн. Гадаадын тусламж, хөнгөлөлттэй зээлээр парк шинэчлэл хийхээр судалж байна. Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлогыг 2018 онд баталсан. Уг бодлогод хотын нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй, иргэдийн тав тухтай байдлыг хангах тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийнэ гэж заасан байдаг. Энэ нь цахилгаан, CNG буюу байгалийн шахсан хийн хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл гэсэн үг. Мөн Евро 5 болон түүнээс дээш стандартын шаардлага хангасан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн. Ийм стандарт хангасан хөдөлгүүр нь байгалийн шахсан хийн хөдөлгүүртэй тэнцэхүйц, бохирдол багатай байдаг. Тиймээс цаашдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай тээврийн хэрэгсэл ашиглах, парк шинэчлэл хийхдээ заавал шинэ автобус авах бодлого баримталж байна. Үүнийг хэрэгжүүлж эхлэхэд тулгамдаж буй гол зүйл нь санхүүгийн асуудал. Гэсэн ч бүх боломж нөөцөө ашиглан ирэх жилд багтаж парк шинэчлэлийг дорвитой хийхээр ажиллаж байна.

-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад байгалийн шахсан хийн хөдөлгүүрт автобусаар парк шинэчлэл хийх шаардлага тавьж буй гэлээ. Гэтэл цэнэглэх станц байдаггүй гэсэн асуудал тулгарч байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-2018 онд “UB metan” компани Монголд анх удаа байгалийн шахсан хий цэнэглэх станц байгуулсан. Тиймээс өнгөрсөн оны эхээр байгалийн шахсан хийн хөдөлгүүрт анхны автобуснуудыг оруулж ирж, туршсан. Туршилт амжилттай болсон учир аж ахуйн нэгж, байгууллагуудад ийм автобусаар парк шинэчлэл хийх шаардлага тавих болсон. Өнгөрсөн онд оруулж ирсэн автобуснуудын 90 орчим хувь нь дээрх төрлийнх байсан. Гэтэл энэ оны нэгдүгээр сараас “UB metan” компанид БНХАУ дахь түнш нь хий нийлүүлэхээ больсноос 100 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч чадахгүй сул зогсож байна. Эл асуудлыг шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн ЗДТГ-т хандсан. Мөн Улаанбаатар хот, БНСУ хоорондын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар байгалийн хий” компанийг 2017 оны сүүлчээр байгуулж, байгалийн шахсан хий цэнэглэх станц болон агуулах барьсан юм билээ. Бидэнд өгсөн мэдээллээр энэ оны II, III улиралд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн. Тиймээс цаашид байгалийн шахсан хий цэнэглэх хоёр станцтай болох юм.

-Манай улс дотооддоо автобусаа үйлдвэрлээд, түүгээрээ парк шинэчлэл хийх боломж бий юү?

-Дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах, эсэх нь эргэлзээтэй. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэх, эсэх нь тодорхойгүй. Хоёрдугаарт, иргэдийн амь, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах ёстой. Тиймээс үйлдвэрлэгч талаас аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх нь чухал.

БАЙР СУУРЬ


Нөхцөл үнэхээр тааруухан

Ц.НЯМГЭРЭЛ (Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн):

-Нийтийн тээврийн хэрэгслээр байнга зорчдог. Автобуснуудын нөхцөл байдал тааруухан санагддаг. Энэ нь урсгал засвар, шинэчлэл тааруу хийдгээс болдог байх. Хэдэн жилийн давтамжтай хэрхэн засдагийг нь мэдэхгүй юм. Мөн зарим чиглэлд автобусны хүрэлцээ муутай. Автобус удаан хүлээх, дамжин суух зэрэг хүндрэл гардаг.

Хаалга гүйцэд хаагдахаа больсон нь ч явж л байдаг

Б.БАЯНЗУЛ (ШУТИС-ийн оюутан):

-Манайх Таван шард байдаг. Өглөө бүр автобусаар хичээлдээ явдаг. Заримдаа автобус хүлээж хичээлээсээ хоцрох үе бий. Энэ нь автобусны хүрэлцээ муутай холбоотой байх. Нөхцөл байдал ч тааруу байдаг шүү дээ. Суудал, бариул нь эвдэрсэн, хаалга нь гүйцэд хаагдахаа больсон автобус явж л байдаг. Хувийн унаагүй болохоор үйлчлүүлэхээс өөр аргагүй.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Зорчигчдын аюулгүй байдал, тав тух, хүртээмж чухал

Өнөөдөр Казахстаны Алматы хотын нийтийн тээврийн тогтолцоо олон улсад үлгэр болдог гэнэ. Энэ нь 1990-ээд онд эхэлсэн гурван ажлын үр дүн аж. Тэнд нийтийн тээврийн автобуснуудыг орлого, зорчигчийн тоогоор бус, туулсан замын хэмжээгээр нь санхүүжүүлдэг. Мөн тээврийн хэрэгслийн тав тух, үйлчилгээнийх нь соёлоор хэмждэг байна. Зорчигчдын сэтгэл ханамжийн тандалтаар урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг учир тээвэрлэгч компаниуд парк шинэчлэлдээ анхаарч, дэвшилт технологи нэвтрүүлэн, соёлтой үйлчилгээнд анхааран өрсөлддөг гэнэ. Өдгөө Казахстаны ихэнх тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа 10 хүртэл жил, түлш нь дизель байгааг халахаар зорьж буй гэнэ. Дэлхийн жишгээр бол Евро-4, Евро-5 хөдөлгүүртэй автобуснуудаар нийтэд үйлчилдэг бөгөөд эл стандартад дөхөх нь чухлыг дээрх хотын засаг захиргаанаас мэдээлжээ.

2015 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа Дани улс агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах зорилгоор олон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний нэг нь хотуудын нийтийн тээврийн шинэчлэл. Копенгаген хот 2025 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэсэн дэлхийн анхны нийслэл болохоор зорьж, автомашин болон автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдээ “ногооруулж” эхэлжээ.

Израилын Засгийн газар 2001 онд нийслэл Иерусалим хотын нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийхийг дэмжсэнээр өдгөө бүх чиглэлд тээврийн операторууд өрсөлдөж байна. Такси үйлчилгээг нийтийн тээврийн системд нэгтгэж, зорчигчдын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, авто замд автобус зорчих эгнээ үүсгэх зэргээр салбарыг тогтолцоогоор нь өөрчлөхөөр зорьж, дизель түлшээр ажилладаг автобуснуудыг цахилгаан хөдөлгүүртэйгээр солих ажил эхлүүлжээ. 2005 оныхтой харьцуулахад автобусны үйлчилгээ хоёр дахин нэмэгдсэн гэнэ.

Францад автобус хамгийн найдвартай, шуурхай, харьцангуй аюулгүй унаанд тооцогддог байна. Автобусны аюулгүй байдал нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Нэн тэргүүнд жолоочийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс 4-5 цаг тутамд ээлж солилцох системээр ажилладаг аж. Энэ нь зорчигчийн аюулгүй байдалд ч хамаатай.

Германд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг дээд зэргээр хангадаг. Оператор, жолооч, зорчигчдын үүрэг, хариуцлагыг заасан дүрэм, журамтай. Нийтийн тээврийн жолооч ажлаа эхлэхээс өмнө тоног төхөөрөмж, гал унтраагч, аврах аппаратаа шалгах ёстой. Улирал тутамд техникийн аюулгүй байдлын хяналт шалгалт хийдэг гэнэ.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)