ЗАМ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ

Өнгөрсөн жил манайх улсын төсвийн 76.8 тэрбум төгрөгөөр 11 чиглэлд 327 км зам, найман хэсэг газарт нийт 2040.8 метр урт гүүр тавьжээ. Үүний 1019 км-т нь “Чингис” бондын 354.2 тэрбум төгрөг, 539.7 км-т нь гадаадаас зээл тусламжаар авсан 168.6 тэрбум төгрөгөө зарцуулсан байна.

Маш их мөнгө шүү. Үүний хэд нь Монголд үлдсэн бэ гээд тооцохоор гол харлана. Учир нь улсын чанартай эдгээр замыг асфальтаар тавьсан юм. Ийм замын гол орц нь битум. Үүнийг манай улс дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас ОХУ-аас авдаг.

Гадаадаас мөнгө зээлж аваад, түүгээрээ өрөөлөөс битум худалдаж аваад зам тавьдаг гэсэн үг. Ганцхан км зам тавихад нэг тэрбум гаруй төгрөг зарцуулдаг. Үүнийхээ талыг гадаадынханд буцаагаад өгчихдөг “өгөөмөр баян” улс даа, бид.

Гурван жилийн өмнө Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв гэсэн найман аймаг л улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон байлаа.

Дараа жил нь Баянхонгор, Дундговь, Дорноговь, ноднин Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийнхан Улаанбаатар луу машинаар торох юмгүй сүнгэнэдэг болсон нь монголчуудын хувьд урьд хожид тавиагүй урт зам, асар том бүтээн байгуулалт.

Гадаадын орнууд ДНБ-ийхээ 1.5-2.0 хувьтай тэнцэх мөнгөөр зам тавьдаг байхад ноднин манай улс энэ ажилд 600 тэрбум төгрөг буюу ДНБ-ий гурван хувиа зарцуулжээ. Гэвч энэ их мөнгөний хагасыг гадаадынханд аваачаад өгчихсөн. Дээрээс нь өөрсдөө замаа тавихгүй Хятадын компанийг, хятад ажилчидтай нь авчирч ажиллуулаад, үлдсэн мөнгөө бас л бусдад барьчихсан.

Ингээд өргөнөөс нь монгол дарга, зузаанаас нь хятад дарга “идсэн” нарийхан, нимгэн замаас өөр юу ч Монголд үлддэггүй. Нөгөө зам нь жилийн дараа хагарч, эвдрээд жолооч, зорчигчдын үйлийг үзэж, үгийг бардаг.

Өөдгүй, арчаагүй энэ байдлаасаа салах ганц ч болов гэрэл гийж, монголчууд өөрсдөө зургаан сар биш 60 жилийн эдэлгээ даах, тав биш 24 см зузаан зам Сонсголонд тавив. Энэ бол үнэхээр сайхан үйл явдал. Хүнд даацын машин сүлжилдэж байдаг Сонсголон орчмын үйлдвэрлэлийн бүсэд ийм чанартай зам тавьсан нь нүдээ олсон хэрэг.

Энэ намар төрсөн жаалуудыг өвөө, эмээ болохын цагт “тэтгэвэр”-т гарах энэ замдаа “Арц суварга”, “Бадрах ойл” ХХК-ийнхан цемент бетон технологи ашигласан нь содон байлаа. Монгол Улсад анх удаа үндэсний компаниуд орчин үеийн дэвшилт техник, тоног төхөөрөмж ашиглан, цемент бетон хучилттай авто зам тавихдаа дотоодын цемент, арматур ашигласан нь магтах бас нэг шалтгаан.

Бусад замаа ч гэсэн ийм зузаан, ийм чанартай тавьж яагаад болохгүй гэж. Нэгэнт бид чадаж байгаа хойно хийх л хэрэгтэй. Эрлэгийн элчид хүргэж өгдөг зам Налайхаас авахуулаад олон байна.

“Зам хэт нарийхан байсан”, “Зам дээрх нүхийг тойрч гарах гээд мөргөлдчихлөө” гэсэн тайлбар дагалдаж байдаг, байнга осол гардаг замуудаа тавхан см асфальтаар хучаад, дараа жил нь засаж байснаас 24 см зузаан бетон цутгачихвал яасан юм бэ

Угсармал барилга гэдэг шиг угсармал бетон замтай болчихвол бүгд башийна даа.

Х.БОЛОРМАА

 

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Г.Ананд: Олон улсын гэрээгээр бол баталгаат хугацаа нэг жил байдаг

21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын явц болон энэ онд хэчнээн зам хаана тавьсан талаар Зам, тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Анандаас тодрууллаа.

-Улсын комисс энэ онд хэчнээн зам хүлээж аваад байна вэ?

-Энэ онд зам барилга, завсарын ажилд 311.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс улсын төсөвт 22.6, Хөгжлийн банкинд 157.3, гадаадын зээл тусламж 113.7 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Зам, гүүрийн барилгын 33 төсөл хэрэгжүүлж, 293.6 тэрбум төгрөг зарцуулах бол завсар арчлалтын ажилд 18 тэрбум төгрөг зориулсан. Энэ онд нийт 524.46 км зам барьсан.

Мөн замын ажил нь дуусаж, хөдөлгөөн эхэлсэн ч Улсын комисс хүлээж авч амжаагүй замууд бий.

-Тухайлбал аль замуудыг хүлээж аваагүй юм бэ?

-Манай орны хамгийн хүнд нөхцөлтэй газар буюу Бодончийн хавцлын 110.8 км замыг өнгөрсөн онд тавьж дууссан ч Улсын комисс хүлээж аваагүй байсан. Харин энэ онд гүйцэтгэгч компани нь дутуу ажлуудаа гүйцээснээр Улсын комисс хүлээж авсан.

Барилгын ажил нь хараахан дуусаагүй байгаа зам нэлээд бий. Тухайлбал, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км замын 107.8 км нь дууссан. Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км замын найман км нь дуусаагүй.

Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км замын 44-т нь хатуу хучилт хийгээд дууссан. Дорнодын Чойбалсан чиглэлийн 143 км замын 61.5 км-т хатуу хучилт хийсэн. Гэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.

Энэ онд орон нутагт гурван гүүр барьж дууслаа. Хөвсгөл аймгийн Рашаант сум, Хэнтий аймгийн Хэрлэн гол, Увсын Тэс голын гүүрийг хүлээн авсан.

-Монгол Улсын замын стандарт гэж байдаг байх. Үүнийг тодруулахгүй юу?

-Манай улсад гуравдугаар зэргийн авто зам баригдаж байна. Замын хатуу хучилттай хэсэг нь долоон метр, хоёр талдаа 1.5 метр өргөн хөвөөтэй. Өөрөөр хэлбэл, 10 метрийн өргөнтэй зам.

Сүүлд шинэчлэгдсэн замын стандартаар зорчих хэсгийн өргөн долоо, хоёр талын хөвөө хоёр метр, нийт 11 метрийн өргөнтэй болсон.

Хучилтын зузаан нэг үе нь таван см. Сүхбаатарыг холбосон Өндөрхаан, Мөнххаан чиглэлийн замын хучилтын зузааныг хоёр үе долоон см тавьсан.

-Тухайн гүйцэтгэгч компани тавьсан замдаа хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?

-1-3 жил. Олон улсын гэрээгээр бол баталгаат хугацаа нэг жил байдаг. Тиймээс гадаадын зээл тусламжаар баригдсан замын баталгаат хугацаа нэг жил байгаа.

Технологитой холбоотой гэмтлийг тухайн компани хариуцах бол замын тэмдэг тэмдэглэгээг машин дайрч унагах зэргээр гэмтээвэл тухайн аймгийн хариуцагч компаниуд засна.

-2012 оноос хойш зургаан аймгийг Улаанбаатартай холбосон. Өнөөдрийн байдлаар хэчнээн аймаг холбогдоогүй байна вэ?

-2012 оноос хойш Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийг хатуу хучилттай замд холбосон бол Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн зургаан аймаг холбогдоогүй байна.

2016 онд бүх аймгийг хатуу хучилттай замтай холбох Засгийн газрын зорилт бий ч 2018 он гэхэд Баян-Өлгий аймгийг хамгийн сүүлд холбож дуусах дүр зураг харагдаж байгаа.

-Монголчууд өөрсдөө замаа тавьдаг болсон нь олзуурхууштай. Орон нутгийн замуудад дотоодын компаниуд түлхүү ажиллаж байгаа. Харин хэр чанартай тавьж байгаа бол?

-Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдээс бусдад нь дотоодын компаниуд ажиллаж байна. Дотоодын компаниудын санхүү, техникийн чадавх, ажиллах хүч сайжирсан.

Замын барилгын ажлыг хөндлөнгийн хяналтын зөвлөх компанийнхан өдөр тутам хянаж, зөвлөж ажиллаж байна. Тиймээс чанартай зам тавьж байгаа.

Ч.БОЛОРТУЯА

ИНФОГРАФИК


ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Тооцоо, судалгаанд үндэслэн 60 жилийн баталгаа өгч байна

“Гудамж” төслийн хүрээнд Монголд анх удаа бетон хучилттай авто зам барьсан “Бадрах ойл” ХХК-ийн ахлах инженер А.Батболд , “Арц суврага” ХХК-ийн инженер Б.Болдхуяг нараас зарим зүйл тодрууллаа.

А.БАТБОЛД (“Бадрах ойл” ХХК-ийн ахлах инженер):

-Ямар технологиор, хэдий хугацаанд зам барив?

-Энэ зам нь Монголд анх удаа шинэ технологиор тавигдсан. Цементээр бэхжүүлсэн суурьтай, төмөр бетонон зам юм. Арматур, цементтэй хучилтын хийцтэйгээрээ бусад замаас онцлог. Зузаан нь 27 см, 400 маркийн бетон.

Нийт 5.5 км зам тавьсанаас манайх 2.5 км-ыг нь гурван жилийн хугацаанд гүйцэтгэсэн. Сонсголон бол замын хөдөлгөөний эрчим, инженерийн шугам сүлжээ, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага ихтэй газар.

Энэ замд инженерийн шугам сүлжээг зайлуулахаар 120 хөндлөн сэтэлгээ хийсэн тул багагүй хугацаа зарцууллаа.

-Энэ ажилд зөвхөн дотоодын бүтээгдэхүүнүүдийг ашигласан гэсэн. Ажил гүйцэтгэхэд хэдэн төгрөгийн зардал гаргасан бол?

-Тийм ээ. Цемент, хайрга, бетон зуурмаг, арматурын төмөр гээд бүгд дотоодын үйлдвэрийнх. Гадаадаас ажиллах хүч аваагүй. Нийт зардал 12 тэрбум төгрөг. Бид Америкийн “Домоко” брэндийн бетон дэвсэгч техник ашигласан юм.

-Яагаад 60 жилийн баталгаа өгнө гэсэн юм бэ. Үнэхээр тийм бат бөх байж чадах уу?

-Бетон хучилттай авто замын анхны өртөг өндөр ч даац сайтай, эдэлгээ урттай, арчилгаа багатай тул урт хугацаанд үр ашгаа өгдөг. Энэ технологийг дэлхийн 160 гаруй оронд ашиглаж байна. Маш олон тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр бид ийм баталгаа гаргаж байгаа.

Б.БОЛДХУЯГ (“Арц суврага” ХХК-ийн замын инженер)

-Танай компани замын аль хэсгийг нь ямар хугацаанд тавьсан бэ?

-Бид “Просолиуд” ХХК-ийн үйлдвэрээс Нисэх, Яармагийн уулзвар хүртэлх 2.6 км авто замыг хариуцан ажилласан.

16 метр өргөн, 24 см зузаан, хүнд даацын, бетон хучилттай авто замыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 100 гаруй хүнийг ажлын байраар хангасан.

-Энэ замын давуу талууд нь юу байгаа бол?

-Бид энэ ажлыг хийхийн тулд ХБНГУ-аас 2.5 тэрбум төгрөгөөр “Wirtgen” бетон дэвсэгч машин оруулж ирэн, Монголын зам засварын салбарт шинэ техник, технологи нэвтрүүллээ.

Энэ машин 44 см зузаан, зургаан метр өргөн, нэг метр урт бетон замыг нэг минутад цутгах хүчин чадалтай. Ийм технологиор тавьсан зам тоосжилт багатай, хүлэмжийн хий ялгаруулдаггүйгээрээ онцлог.

-Энэ технологио ашиглан одоо хаана зам тавихаар төлөвлөж байна вэ?

-Ойрын хугацаанд Налайх, Улаанбаатарыг холбосон 34 км авто замыг засах гэж байна. Мөн Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны замыг ч энэ технологиор тавихаар ярьж байгаа. хангасан.

-Энэ замын давуу талууд нь юу байгаа бол?

-Бид энэ ажлыг хийхийн тулд ХБНГУ-аас 2.5 тэрбум төгрөгөөр “Wirtgen” бетон дэвсэгч машин оруулж ирэн, Монголын зам засварын салбарт шинэ техник, технологи нэвтрүүллээ.

Энэ машин 44 см зузаан, зургаан метр өргөн, нэг метр урт бетон замыг нэг минутад цутгах хүчин чадалтай. Ийм технологиор тавьсан зам тоосжилт багатай, хүлэмжийн хий ялгаруулдаггүйгээрээ онцлог.

-Энэ технологио ашиглан одоо хаана зам тавихаар төлөвлөж байна вэ?

-Ойрын хугацаанд Налайх, Улаанбаатарыг холбосон 34 км авто замыг засах гэж байна. Мөн Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны замыг ч энэ технологиор тавихаар ярьж байгаа.

Х.АЗЖАРГАЛ

БАЙР СУУРЬ

Сонсголонгийнхыг Монголын анхны даацын зам гэж болно

Д.ДУЛАМРАГЧАА (Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын ахлах байцаагч):

-Сонсголонд шинээр тавьсан зам 24 см зузаан. Үүн шиг дундаа арматур төмөртэй, бетон цутгадаг технологиор Монголд зам барьж байгаагүй. Ийм шинэ технологи ашигласан учраас Сонсголонгийн замыг Монголын анхны даацын зам гэж болно.

Ажил гүйцэтгэсэн компани нь замдаа 60 жилийн баталгаа өгсөн. Энэ нь эдийн засаг болон бусад давуу талтай. Ер нь бид хүнд даацын машины зам барь гэсэн шаардлага тавьдаг.

Шувуун фабрик чиглэлийн замыг хүнд даацынх байх ёстой гэдэг үүднээс бид акталж байсан. Тухайн үеийнхээ хөрөнгөд тааруулж тэр замыг барьсан гэдэг ч элс, хайрга ачсан ачааны машинууд байнга явдаг учраас тухайн хэсгийн замыг ч хүнд даацын стандартаар барих ёстой.

Бид хийж чадна гэдгийг харуулсан бүтээн байгуулалт болсон

Ц.БАТДЭЛГЭР (Завхан аймгийн иргэн, тээврийн жолооч):

-Би Улаанбаатар хот болон аймгуудын хооронд ачаа тээвэрлэдэг. Өмнө нь Сонсголонгийн замаар явахад их хүндрэлтэй байсан. Энд тэндээ хагарчихсан, явахад хэцүү байсныг жолооч нар бүгд мэдэх байх. Харин шинээр тавьсан зам үнэхээр чанартай, сайхан болж чадсан. Зурагтаар ч энэ замын талаар ярихыг сонсож байсан.

Энгийн хүний нүдээр харахад ямар ч байсан олон жилийн эдэлгээтэй гэж харагдсан. Орон нутагт шинэ зам тавьдаг ч тэр нь хоёр жил хүрэхтэй үгүйтэй л хагараад, эвдэрчихдэг. Яг ийм үед монголчууд ийм сайхан зам тавьсан нь үнэхээр сайн хэрэг.

Тиймээс зам барихад хэрэглэх бүх бүтээгдэхүүнийг дотоодоосоо авснаас эхлээд шинэ технологи ашигласан гээд бид хийж чадна гэдгийг харуулсан бүтээн байгуулалт болсон.

Энэ замын чанарыг номер нэг гэж хэлнэ

Б.ЛХАМ-АНГАРАГ (Хан-Уул дүүргийн иргэн):

-Сонсголонгийн шинэ зам үнэхээр сайн. Би энэ замаар өдөр бүр явдаг. Өмнө нь үүгээр явахад хугацаа их зарцуулдаг, байнга явахад машин ч эвдэрч магадгүй байсан. Гэтэл өнөөдөр эсэргээрээ боллоо. Шинэ зам ашиглалтад оруулаад хоёр сар орчим хугацаа өнгөрч байна.

Эхлээд нэг урсгалыг нь ашиглалтад оруулсан шүү дээ. Тэгсэн атал хагаралт, цууралт ерөөсөө гараагүй. Зам тавьж байхад нь ч үүгээр явдаг байсан учраас энэ замын чанарыг номер нэг гэж хэлнэ.

Тэгээд ч үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, материалаа дотоодоосоо авсан гээд олон давуу талтай бүтээн байгуулалт. Харин одоо асфальтаар хуччихвал илүү сайн болох юм шиг санагдаж байгаа.

Г.БАЯРЦЭЦЭГ

ДЭЛХИЙН ЖИШИГ

Дэлхий бетон зам сонгож байна

Дэлхийн аль ч улс орон зам, барилгын ажилд ихээхэн анхаардаг. Учир нь зам бол тухайн улс орны эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах асуудалтай салшгүй холбоотой чухал зүйл юм.

   ГЕРМАН

Европын хамгийн сайн зам Германд байдаг. Эндхийн ихэнх зам III Рейх буюу муу нэрт Гитлерийн үед баригджээ. Танк явахад зориулагдсан зам тул орчин үеийн ямар ч том ачааны машин явсан эвдэрнэ гэж үгүй. Зам барих гол онцлог нь том дэр буюу суурь.

Хэд хэдэн давхаргаас бүтэх энэхүү дэр нь хоёр метр зузаан байх ч үе бий. Суурийг сайн бэлтгэсний дараа л замыг маш бат бэх бетон юм уу, асфальтаар хучдаг. Германд зам барихдаа огт яардаггүй. Бетоныг хатах хүртэл нь тусгай хучлагаар бүтээж, хүлээнэ. Энэ нь нар, борооноос хамгаалах үүрэгтэй.

Асфальт тавьж байх үед бороо ороход шууд ажлаа зогсоож, замаа бүрэн хатахыг нь хүлээдэг. Зам бүр ашиглагдах баталгаат хугацаатай. Энэ хооронд замд нүх гарч, эвдрэх юм бол хийсэн компани өөрийн хөрөнгөөр засдаг. Засдаг гэхээр нэг их хэцүү зүйл үгүй мэт санагдаж байна уу. Тэгвэл Германд зөвхөн тэр нүх, эвдрэлийг засаад л яваад өгдөггүй.

Замыг дахин эвдрэхээс сэргийлж, нэлээд том хэсгийг сольж, шинээр хийдэг байна. Германд зам барихад мөнгө хайрлахгүй, хамгийн үнэтэй сайн материал худалдан авч, хамгийн сүүлийн үеийн техник хэрэглэнэ. Учир нь дараа нь ямар нэг асуудал үүслээ гэхэд их хэмжээний мөнгөн торгууль төлөх болдог тул анхнаасаа л сайн хийдэг уламжлалтай.

   АНУ

Олон давхар хурдны зам бол Америкийн бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Гайхалтай нь Америкийн замууд ямар ч засвар хийлгүй хэдэн арван жил бат бөх хэвээр байдаг. Юунд нууц нь байна вэ? Нууц юм ер байхгүй, тэндхийн ихэнх замыг бетоноор тавьсан. Анхны бетон замыг 1930 онд барьсан бол 1951 онд бетон хурдны замыг тавьсан байна.

Бетон зам цаг хугацаа шаардсан, өртөг ихтэй ажил ч бетон бол бат бэх байдал, ачаалал даах чадвараараа асфальтаас хамаагүй илүү. Ачааны машин их байдаг Америкт энэ л материалыг сонгодог. Ганц сул тал нь хэдэн арван жилийн дараа эвдэрлээ гэхэд засахад хэцүү. Асфальт шиг энд тэнд нь нөхөөс хийж болохгүй.

Америкт зам барихдаа бэлтгэл ажилд ихэд анхаарна. Метр гүнзгий нүх ухаад хайрга, элс, шавар давхарлан тавина. Материал болгоныг ус, кальцийн хлоридоор сайн гэгч нь усална. Дараа нь хольж, нягтаршуулахад чийгээ хадгалахад тустай. Чийг нь суурийг хөрсөнд шигдэхээс хамгаална. Үүний дараа хоёр удаа 5-7 см зузаан асфальт цутгаж, дэрэнд чийг нэвтрэхээс хамгаална.

Ингэснээр бетон тавих газар ч тэгшхэн болно гэсэн үг. Зам барихад 16 мм-ийн ган арматур ашиглана. Ингээд бетоноо цутгана. Америкчууд бетоны чанарт их анхаардаг. Хэсэг болгоны дараа ашигласан бетоны сорьцоо саванд хийж орхидог дүрэмтэй. Гурван хоногийн дараа бетоныг шалгаад чанар муу гарвал бүх замыг дахин хийнэ.

28 хоногийн дараа бэлэн болох энэ замыг 25 жил засваргүй ашиглана. Энэ туршлагыг нь Япон, Хятад, Австрали улс хэрэглэж байна. Туршилтаар бетон зам ямар ч сэв гаралгүй 34 жил болдог нь батлагдсан бол хамгийн сайн асфальтан зам дээд тал нь найман жил л эвдрэлгүй байдаг аж.

М.СУГАР-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)