“Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ

Монгол, БНХАУ-ын байгуулахаар төлөвлөж буй эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүрэлдэхүүн болох “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэхэд зориулан 30 сая ам.долларын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк шийдвэрлэснээ мэдээлэв. Тус банкны Бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн Доротеа Лазаро “Энэхүү төсөл нь Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Тус чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулж, улс хоорондын харилцаа холбоог сайжруулснаар Монгол Улсын худалдааны өртгийг бууруулахад нөлөөтэй” хэмээн онцолжээ. Дээрх төслийн хүрээнд чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг барих, хэвийн үйл ажиллагааг нь хангах зэрэгт анхаарах аж. Мөн боомтын программ хангамжийн тусламжтайгаар хилийн хяналтын байгууллагуудын мэдээллийн системийг нэгтгэх боломж бүрдэх гэнэ. Түүнчлэн урд хөршийн холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох ч боломжтой болох нь. 2025 оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлж дуусах энэхүү төслийн үр дүнд хилийн хяналт болон эрсдэл удирдах чадамж нэмэгдэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа эргэлт илүү аюулгүй, түргэн шуурхай болох ач холбогдолтой аж. Төслийн нийт өртөг 35.76 сая ам.доллар бөгөөд 5.76 саяыг нь Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх гэнэ.

Бэлтгэсэн: Ц.Ундрал