Залуу уран бүтээлчид “Амин тоонто”-д нэгдэв

“Амин тоонто” ТББ нь буриадуудын харилцаа холбоог бэхжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, Буриадын тухай мэдээллийн сан үүсгэх, өв соёл, түүх, зан заншлынх нь тухай нэгдсэн ойлголт тогтоож, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой аж. 10 жил үйл ажиллагаа явуулсан тус байгууллага уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлалтай. Тодруулбал, 2016-2019 оны үзэсгэлэнгүүдийг Э.Мэргэн тэргүүлэн зохион байгуулсан бол энэ жил зураач Г.Ганбаяртай хамтарчээ.

Өнөө жил “Norphei” арт галерейд дэлгэсэн “Амин тоонто” үзэсгэлэн нь буриад түмний соёл, уламжлалыг хамгаалах, залуу уран бүтээлчдийг дэмжих, олон нийтэд таниулахад чиглэжээ. Тус үзэсгэлэнд зураач С.Эрдэнэ, Х.Ууганбаяр, Б.Тэмүүжин, М.Цэрмаа, Б.Бямбажав, М.Мөнхтулга, Б.Ичинхорлоо, Г.Ганбаяр, Б.Энхзул, барималч М.Сергей, Р.Отгонзаяа, Б.Хосбаяр нарын уран бүтээлч оролцож буй. Улаанбаатар хот, Хэнтийн Дадал, Батширээт, Дорнод аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул сум, Булганы Тэшиг сум болон ОХУ-ын Ага, Улаан-Үдийн буриад залуусын хамтарсан үзэсгэлэнгээс баримал, уран болон монгол зургийн бүтээлүүдийг сонирхох боломжтой. “Амин тоонто” ирэх арваннэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн: А.Хангал 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)