ЗАЛУУ ЖҮЖИГЧИД ӨРХ ТУСГААРЛАЛАА

Гавьяат жүжигчин С.Жавхлан, дуучин Б.Амархүү нарын хамтран дуулсан “Миний нууц хүү” жүжгийн дууны клип телевизээр цацагдаад хэд хонолоо. Энэ жүжгийг шинээр байгуулагдаж буй “Мөрөөдлийн театр”-ынхан энэ сард тоглох гэж байна. Тус театрыг санаачлагч жүжигчин Г.Алтаншагайтай өчигдөр 17.30 цагт холбогдлоо.

-Сайн байна уу. Шинэ жүжгийн зар хэдийнэ таржээ. “Миний нууц хүү” хаана тоглох вэ?

-Соёлын төв өргөөнд.

-Улсын драмын эрдмийн театрт тоглох боломж байгааг үй юм уу?

-Жүжигчин Г.Эрхэмбаяр, Баттулга бид гурав УДЭТ-аас өрх тусгаарлаж, баг болон ажиллаж байгаа юм. Энэ жүжиг бидний анхны уран бүтээл.

-Яагаад Драмын театраас өрх тусгаарласан юм бэ?

-Залуу байгаа дээрээ бие дааж юм хиймээр санагдлаа.

-“Миний нууц хүү” хэний зохиол вэ. Жүжгийг хэн найруулж байгаа вэ?

-А.Вампиловын зохиол. Энэ бүтээлийг дэлхийд алдартай театрууд урын сандаа багтаадаг юм. Найруулагчаар нь Даш хүүгийн Галбаяр ажиллаж байгаа. Өмнө нь хэд хэдэн дэлгэцийн бүтээл хийсэн туршлагатай найруулагч. Жүжгийн дууны хөгжмийг нь соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, шүлгийг дуучин С.Жавхлан бичиж, Б.Чинбат аранжировшик хийсэн.

-“Мөрөөдлийн театр” хэдэн жүжигчинтэй вэ?

-Одоогоор бид гурав байна. Эхний уран бүтээлдээ жүжигчдийг гэрээгээр ажиллуулж байгаа. “Миний нууц хүү” жүжгийн гол дүрд ардын жүжиг чин Г.Мягмарнаран, гавьяат жүжиг чин Ц.Оюундарь, жүжигчин Б.Баатархүү, Г.Эрхэмбаяр болон би тоглож байна.

-Цаашид ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж, хөгжсөний 80 жилийн ойд анхны уран бүтээлээ зориулж байна. Цаашдаа драмын жүжгүүд болон дэлгэцийн бүтээл, телевизийн нэвтрүүлэгт хүч үзнэ.

Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)