“Залуу бүргэд” анд гараагүй

АНУ, БНСУ-ын хамтарсан “Залуу бүргэд” хээрийн сургуулийг Пхеньян “Төлгөн хуц элгэн хад мөргөж байгаа лугаа адил болчимгүй явдал” хэмээн нэрлэсэн байна. Олон арван мянган цэрэг оролцсон энэ хээрийн сургуулийг хоёр улсын цэргийн нэгдсэн командлал “БНСУ батлан хамгаалах чадвараа дээшлүүлэх зорилгоор хийж байгаа” хэмээн тайлбарласан.

Харин Пхеньян ингэж үзэхгүй байна. Тус улс хээрийн сургуулийг эзлэн түрэмгийлэх оролдлогоо сайхан үгээр халхавчлан Солонгосын хойгт дайн өдөөх гэсэн алхам хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд цэргээ байлдааны бэлэн байдалд оруулсан. KCNA агентлаг “Манай арми булаан эзлэгчдэд үхлийн цохилт өгөх тушаал хүлээж байна” хэмээн мэдэгдсэн. Сөүл энэ заналхийлэлд нэг их санаа зовохгүй байна. БНСУ-ын Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Вон Дэ Же “Пхеньян хээрийн сургуулийг ямар зорилгоор хийж байгааг сайн мэдэж байгаа. Тэдний зүгээс иймэрхүү мэдэгдэо байнга хийж байдаг учраас энэ удаа тусгайлан хариу мэдэгдэл хийхгүй” гэв. Сөүлийн мэдэгдэж байгаагаас үзэхэд БНАСАУ-ын цэрэг ямар нэг байдлаар хөдөлгөөнд орж байгаа зүйл ажиглагдаагүй аж. Өөрөөр хэлбэл тушаал өгмөгц “булаан эзлэгчдэд” хариу цохилт өгөх шинж тэмдэг илрээгүй гэсэн үг.

Шинжээчид “Пхеньян энэ удаа хээрийн сургуулийн хариуд пуужингийн туршилт мэтийн эрсдэлтэй алхам хийхгүй. Харин хээрийн сургууль дууссаны дараа зургаан талт хэлэлцээг сэргээх тухай асуудлыг талууд хэлэлцэж эхлэнэ. Энэ тухай ярилцахаар Ким Чен Ир удахгүй Бээжинд айлчилж болох юм” хэмээн дүгнэж байна. Цэрэг дайны үүднээс авч үзэх юм бол Солонгосын хойг үнэндээ дайны байдалд байгаа юм. Учир нь, 1950-53 оны хоёр Солонгосын дайн энхийн гэрээгээр биш ердөө гал зогсоох тохиролцоогоор өндөрлөсөн.

     Пхеньян чухам үүн дээр дипломат хожоо хайж, Цагаан ордонтой тохиролцоонд хүрэх гэж чармайж байна. Нэгдүгээр сард Пхеньян Вашигтонд хандан Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгож, энхийн хэлэлцээр байгуулах санал тавьсан. Тэд цөмийн хөтөлбөрийн талаарх асуудлаа энхийн хэлэлцээрээр наймаалцах зорилготой байгаа. Гэвч Вашингтон, Сөүл хоёр эхлээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангид байлгах зургаан талт хэлэлцээрт нэгдэхийг шаардсан.

Хоёр Солонгосын хооронд дайн дэгдсэн тохиолдолд хэрэгжүүлэх АНУ, БНСУ-ын хамтарсан “Operation Plan 5027” төлөвлөгөөг хакерууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур хулгайлсан гэх яриа гарсан. Хамтарсан хүчний командлалын өндөр албаны офицер байлдааны төлөвлөгөөг хадгалсан хамгаалалтгүй зөөврийн санах ойг (USB flash) ойг комьпютертай залгаад орхисноос энэ хэрэг гарсан аж. Хакерууд Хятадад бүртгэлтэй IP хаяг ашиглан уг төлөвлөгөөг хулгайлсныг тогтоосон. Сөүл Пхеньяны цэргийн бие бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн хакеруудын бүлэг байдаг гэдэгт итгэлтэй байдаг агаад уг этгээдүүд энэхүү халдлагыг хийсэн хэмээн үздэг. Тиим учраас тэднийг илрүүлэх, өөрсдийгөө хамгаалах зорилгоор цэргийн кибер тагнуулын газрыг байгуулах шийдвэр гаргасан.

Хулгайд алдагдсан “Operation Plan 5027” төлөвлөгөөнд дайн гарсан тохиолдолд Сөүлийн цэргийн хүчин АНУ-аас тус улсад байрлаж байгаа 28.000 цэрэгтэй хэрхэн хамтран ажиллах, АНУ-аас Солонгосын хойгт богино хугацаанд 700.000 цэрэг байршуулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, цөмийн зэвсэг хадгалагдаж байж болзошгүй газруудыг агшин зуур хамгаалтанд авах төлөвлөгөө, цэргийн байршил зэргийг тодорхой харуулсан аж.

Пхеньян энэ удаагийн хээрийн сургуулийн эсрэг сүржин мэдэгдэл хийсэн ч цэргээ хөдөлгөөнд оруулах талаар ямар нэг алхам хийгээгүй нь гэнтийн цохилт ирэхгүй гэдэгт бат итгэлтэй байгааг харуулж байна. Гэхдээ Сөүлийн цэргийнхэн маш нууцын зэрэглэлд орох төлөвлөгөөгөө хамгаалалтгүй санах ойд хуулаад, тэрийгээ комьпютертаа залгаад орхиод явна гэдэг итгэхэд бэрх алхам гэж олон шинжээч дүгнэж байгаа юм. Пхеньяны удирдлага ч ийм өөшинд хууртах тэнэгүүд биш аж. Бие нь барагтай байгаа гэх Ким Чен Ир өөд болсны дараа Хойд Солонгост тогтворгүй байдал үүсвэл шийдвэртэй арга хэмжээ авах нарийвчилсан төлөвлөгөө Вашингтон, Сөүл аль алинд нь байхгүй гэж АНУ-ын Тафтын их сургуулийн профессор Ли Сун Юн мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр ийм нөхцөлд авах арга хэмжээг талууд дөнгөж л хэлэлцэж байгаа гэсэн таамаглал дэвшүүлсэн.
Тэгэхлээр энэ хээрийн сургууль тогтворгүй байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээнд бэлтгэж байгаа алхам биш ердийн хээрийн сургууль гэдгийг Пхеньян гадарлаж байгаа аж. Тэд хээрийн сургуулийг ашиглан дипломат хожоо олох гэж байгаа бололтой.         


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)