“Залуучуудын хөгжлийн сар” аян эхлүүлэв

Манай улс жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Залуучуудын өдөр”-ийг тэмдэглэхээр хуульчилсан. Уг өдрийг тохиолдуулан Засгийн газраас “Залуучуудын хөгжлийн сар” аяныг өчигдөр эхлүүлэв. “Нэг залуу-нэг санаачилга” уриатай эл аян есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажил хийх нь. Мөн орон нутгийнхнаа төлөөлж чадах, бүтээлч нэгнийг “Залуучуудын элч”-ээр тодруулахаас гадна залуу гэр бүлд чиглэсэн ажлууд хийх юм байна. Өсвөр насныхан ч аянд идэвхтэй оролцож, авьяас, ур чадвараараа гоцгойрч чадвал “Залуус” тэтгэлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн “Залуусаа сонсох өдөр” уулзалт хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулах гэнэ. Тус аянд төр, иргэний нийгмийн төлөөлөл, олон улсын байгууллагуудыг оролцуулж, үндэсний болон дэлхийн түвшинд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)