Залуучуудад мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Ногоон хөгжил, цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн” ТББ-тай хамтран бүтээлч хөдөлмөрт оролцох хүсэлтэй залуучуудыг иргэдийн сайн дурын нөхөрлөл дээр тулгуурлан ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэг, амралт зугаалгын газрыг тохижуулах, мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Тус сургалтад хамрагдсан 30 залуучууд гэрчилгээгээ гардан авч, суралцсан чиглэлээрээ түр ажлын байраар хангагдаж ажиллах юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар төр, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчноо нөхөн сэргээх, зохистой ашиглах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг иргэдэд таниулах, мэдээлэл түгээж ажиллах бөгөөд Нийслэлийн ЕБС-иудын сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудын экологийн боловсролыг сайжруулах, хүрээлэн буй орчноо эрүүл цэвэр байлгах дадал хэвшилд суралцуулах, ногоон хөдөлмөр эрхлэлтэд хамруулах чиглэлээр олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн ногоон бүсэд ойг нөхөн сэргээх, залуучуудын нэрэмжит төгөл байгуулах, булаг шандын орчинд хамгаалалт хийж, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор “Монголоо тойрч мод тарья” хөдөлгөөнд хамрагдах хүсэлтэй, иргэн, сайн дурын бүлэг, нөхөрлөлүүдтэй Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээр дамжуулан хамтран ажиллах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)