Залуус эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй байна гэв


Энэ жилийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат цэрэг татлагыг энэ сарын 18-21-нд Улаанбаатар даяар зохион байгуулна.

Улсын хэмжээнд цэргийн насны (18-25 хүртэлх) иргэдийг бүртгэх ажил хангагдсан гэж Цэрэг татлагын товчооноос мэдээллээ. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Зарлан дуудах хуудас авсан залуус хөдөлмөрлөж, сурах насандаа хууч, архаг ямар нэг өвчинтэйн улмаас цэргийн албанд тэнцэхгүй байна. Энэ нь маш харамсалтай.

Иймд цэргийн насныхан гэлтгүй бүх хүн урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол орж, ямар нэг өвчинтэй бол түүнийгээ эрт эмчлүүлэн, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай” гэлээ. Цэргийн үзлэгт орсон залууст чих, хамар, хоолой, дотрын өвчин зонхилж байна. Түүнчлэн сүрьеэтэй, мэс засалд орсон иргэн цөөнгүй байгааг тэрбээр онцоллоо. Энэ оны I ээлжийн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэгт хамрагдагсдын таван хувь нь жингийн дутагдалтай гэсэн шалтгаанаар цэрэгт тэнцээгүй байна.

2018 онд нийслэлийн хэмжээнд 30 000 гаруй иргэнд зарлан дуудах хуудас хүргүүлсний 95.1 хувь нь эзэндээ хүрчээ. Гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс хэзээ, ямар хугацаагаар эх орноосоо гарснаа оршин сууж буй улсынхаа Хил хамгаалах байгууллагаар батлуулж, бичиг ирүүлбэл цэргийн албанаас түр хугацаагаар чөлөөлж болох гэнэ.

Түүнчлэн энэ сарын 15-нд үүрэгт албаа хаагаад ирсэн дайчдад гадаадын орнуудын жишгээр хүндэтгэл үзүүлжээ. Харин цэрэгт мордож буй залуусыг аравдугаар сарын 21-нд нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулах аж. Дашрамд дурдахад, цэргээс халагдсан залуусыг ажилд авахаар төрийн болон хувийн хэвшлийн 32 байгууллагаас 2100 ажлын байр санал болгосон гэх таатай мэдээг Цэрэг татлагын товчооны дарга хэлсэн юм.

Мөн зарлан дуудах хуудас авсан хүмүүс Цэргийн үүрэгтний үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой. Тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 25-125 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.


Г.Баясгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)