Залуус хотын гудамжинд өнгө нэмэв

Уран бүтээлчдийг хэрэглэгчидтэй холбох зорилгоор “Гэрү” компаниас зохион байгуулсан “Өнгө нэмье” арга хэмжээ энэ сарын 4-нд боллоо. Цагийн хуваарь, хөтөлбөрт баригдаагүй энэ арга хэмжээний талаар “Гэрү” компанийг үүсгэн байгуулагч Г.Түвшинбат “Гудамжны болон гоёл чимэглэл хийдэг уран бүтээлчдийг арга хэмжээндээ урьж оролцуулан, тэдний бүтээлээр хотдоо өнгө нэмж байна” хэмээв.

HUB инновацын төвийн талбайн баруун талд урт цагаан самбар байх агаад түүний зүүн талд “Стресс аут” гэсэн бичигтэй самбар байрлуулжээ. Урт цагаан ханан дээр гудамжны уран бүтээлчид болон арга хэмжээнд ирсэн хүмүүс хүссэн зүйлээ зурсан байв. Хүн болгон өөрсдийн арга барилаар өөр өөр зураг зурах бөгөөд сакура мод зурах охидын нэг Э.Намуунбилэг “Сайн зурдаггүй ч гэсэн “Өнгө нэмье” арга хэмжээнд ирснийх ханан дээрээ ягаан өнгө нэмж, сакура зурлаа. Миний санахад өмнө нь ийм арга хэмжээ зохион байгуулж байгаагүй. Ханын зураг, мурал арт төрлийн сургалтад сууя гэхээр амждаггүй учраас ядаж ийм арга хэмжээ болбол очих сон гэж их боддог байсан” хэмээв.

Талбайн баруун талд “Гэрү” компанитай хамтран ажилладаг “Наргий”, этгээд содон хийцтэй гоёл чимэглэл урладаг “Бэх”, гар урлалын “M.handmade”, гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүний “Анирул”, мөн гоёл чимэглэлийн “Эрүка” брэндийн ширээг засжээ. Тэдгээр брэндийн үүсгэн байгуулагчид бүтээлээ танилцуулж борлуулахын зэрэгцээ оролцогчидтой туршлага солилцсон юм. “Бэх” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батхүү “Би “Гэрү”-тэй хамтраад хоёр жил болж байна. “Гэрү”-гээс зохион байгуулж буй дөрөв дэх арга хэмжээнд оролцлоо. Шинийг сэтгэгч залууст зориулсан үйл ажиллагаанд оролцож буйдаа нэн таатай байна. Өмнөх арга хэмжээнүүд ихэвчлэн “Гэрү”-тэй хамтарч ажилладаг уран бүтээлчдийг сурталчилж таниулж байсан бол энэ удаагийнх хүн бүр уран бүтээлч байж чадна гэсэн санааг агуулснаар онцлог боллоо” хэмээв. Мөн “The colors” хамтлаг, реппер Wolfizm, “The Shom” хамтлагийнхан тойрч суугаад сонсогчидтойгоо уулзалт хийж, чөлөөт сэдвээр ярилцан хэсэг хугацааг хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

Бэлтгэсэн: Б.Намуун 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)