Залуус төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрджээ

Өнөөдөр Дархан хотод “Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ. Тухайлбал, аймгийн ИТХ-аас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-г аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулжээ.

Энэхүү өргөөг нээж өнөөдөр Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол боллоо. Тэдэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын тэргүүтэй аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, хан хуурыг дурсгал болголоо.

Ийнхүү Гэрлэх ёслолын өргөөтэй болж, мянга мянган залуу хос төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрдэж буйд нээлтэнд оролцогчид баяртай байгаагаа илэрхийлж байв.

Гэрлэх ёслолын өргөөг байгуулахад холбогдох яамнаас засварын 40 сая, аймгийн ЗДТГ-аас доторх тохижилтын 20 орчим сая төгрөгийн төсвийг шийдвэрлэн, аймгийн ГБХЗХГ-ын хоёрдугаар давхарт байгуулсан байна.

Манай аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст жилд 500 гаруй залуу хос гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн баталгаагаа гардаг авдаг байна. Эдгээр хосууд маань өнөөдрөөс эхлэн Гэрлэх ёслолын өргөөнд ёслол төгөлдөр гэрлэлтээ батлуулах, мөн алтан, мөнгөн, очир эрдэнийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)