Залуус монгол хүний эрхэмлэх зүйлсийг англиар илтгэлээ

Монголын Залуучуудын Холбооноос “Англи хэлээр уран илтгэгч” уралдааныг 2004 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд дөрвөн жил завсарласны дараа энэ онд найм дахь удаагийн “Англи хэлээр уран илтгэгч” уралдааныг “Монгол залуу хүний эрхэмлэх зүйлс”сэдвээр зохион байгууллаа. Уг уралдаан нь англи хэлнээс мэдээллийг чөлөөтэй олж авах, үзэл бодлоо англиар чөлөөтэй илэрхийлэх, уран илтгэх чадварыг эзэмшүүлэх, бусад залууст англи хэл сурах хүсэл тэмүүллийг бий болгох зорилготой бөгөөд  анхан шатны шалгаруулалтанд 50 гаруй залуус оролцсоноос II үеийн шалгаруулалтад 26 залуу шалгарч, сүүлчийн III үед шилдэг 10 залуус оролцлоо. Уралдааныг богино хугацаанд зарласан ч олон  залуучууд оролцсон нь өнөөгийн өсвөр үе, залуучуудын англи хэлний мэдлэг, ур чадвар ямар түвшинд явж буйг илэрхийлэх үзүүлэлт болж чаджээ.

Уралдааны I байрыг “Хобби” сургуулийн сурагч Т. Балжинням хүртэж, Монголын залуучуудын холбооны 2015 оны гадаад арга хэмжээнд оролцох эрхийн бичгээр шагнуулсан бол, II байрын шагнал болох гадаадад сайн дурын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгийг “Хобби” сургуулийн сурагч Э.Жангуль авлаа. III байрын шагнал болох Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны төвийн TOEFL-ийн сургалтад гурван сар үнэгүй сурах эрхийн бичгийг “Шинэ Эрин” сургуулийн сурагч С. Номуунзаяа хүртлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)