Залуусын отгон хамтлаг анхны дуугаа сонордуулав

“The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын шилдэг таван оролцогч нэгдэж, “The raisins and nuts” хамтлаг байгуулжээ. Эл хамтлаг “So long” нэртэй анхны уран бүтээлээ энэ сарын 18-нд олны хүртээл болгосон юм. Хамтлагийн ахлагч нь шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Б.Өсөхбаяр. Тэрбээр “Бид өнгөрсөн хавар хамтлаг байгуулахаар сэтгэл шулуудан, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ахтай уулзсан. Бидний хүсэлтийг зөвшөөрч, тэрбээр хамтлагийн маань продюсероор ажиллаж байна. И.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаяр, Э.Ганбилэг, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр манай хамтлаг цаашид уран бүтээлээ туурвина. Одоогоор таван дуутай болсон. Эхний уран бүтээлээ дүрсжүүлж үзэгчдэд хүргэлээ. Дараагийн дууны бэлтгэлдээ удахгүй орно. Хамтлагт маань жүжигчин, дуучин, маркетингийн менежер мэргэжилтэй залуус бий” гэв. Уран бүтээлчдийн ур чадварыг дэлхийд таниулах зорилготой “Leto music label” компанитай тус хамтлагийнхан гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Рок попын чиглэлээр уран бүтээлдээ ханцуй шамлах залуус тус байгууллагын бас нэгэн “бүтээл” болох “Wasabies”-ийн охидтой хамтран дуу гаргах төлөвлөгөөтэй гэнэ.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)