Зайсан орчимд хөрсний нуралт үүсэж болзошгүй

“Пийс виллаж” хотхоны барилгад цууралт үүсжээ

Зайсан орчмын 500 га талбай уг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг. Гэвч тэнд орон сууцны хороолол шил дараалан сүндэрлүүлэх нь хэвийн үзэгдэл болоод удлаа. Сүүлдээ тус бүс нутгийн хөрс ачааллаа дийлэхээ больжээ.

Тодруулбал, Зайсан толгойгоос зүүн тийш 300 метрт байрлах “Астра”, “Женерал”, “Пийс виллаж” хотхонуудын ойр орчмын хөрс нурж болзошгүй, зарим барилга нь булангаасаа цуурч эхэлсэн байна. Өнгөрсөн даваа гарагт тэнд очиход “Астра” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгыг барьж байлаа. Тус барилгын урд ойролцоогоор 100 метр радиустай нүх ухжээ. Нүхэн доторх хөрсний ус гарч, ногоон өнгийн “нуур” тогтсон байв. Оршин суугчдын хэлснээр барилгын суурь тавихаар ухсан нүх нь томорсоор байгаа тул автомашины хаягдал дугуйгаар хашаа барьж, хөрс нурахаас хамгаалсан гэнэ. Тэнд ажиллаж байсан барилгачид “Бид юу ч мэдэхгүй. Хашаагаа хурдан барих л үүрэгтэй” гэв. Нүхэн дотор дулааны шугам болон бохирын хоолой байрладаг аж. “Хөрс нь нурах болгонд халаалт, халуун усыг нь хааж байгаад тэр шугам, хоолойг янзалдаг гэсэн. Бүр хоёр хоногийн турш цахилгаан тасалсан тохиолдол ч бий. Бид байраа нэг ам метрийг нь хоёр сая 500 мянган төгрөгөөр худалдаж авсан. Одоо борлуулъя гэхээр нэг сая долоон зуун мянгаас хэтрэхгүй байна” гэж “Астра” хотхоны оршин суугчид өгүүлсэн юм. Тиймээс иргэд өнгөрсөн долдугаар сараас хойш МХЕГ-ынханд удаа дараа гомдол мэдүүлсээр иржээ. Халаалт, халуун ус нь байсхийгээд тасардаг, байшингийнх нь суурь цуурч эхэлсэн дээрх гурван хотхонд өдгөө 580 өрх амьдарч байна. “Астра”, “Женерал” хотхоны барилгыг “Олд констракшн” компанийнхан барьжээ.

“Астра” хотхоны оршин суугч Б.Цоодол “Манай хотхоны хоёрдугаар ээлжийн барилгын суурийг тавих зорилгоор ухсан нүх нь томорсоор, сүүлдээ автомашины замыг эвдэлсэн. Хажуугаар нь явахад хүндрэлтэй байна. Тухайн газарт анх ногоон байгууламж барих байсан юм. Уг нь манай байрыг том тагттай, хүүхдийн тоглоомын талбайтай болгоно гэсэн. Гэтэл одоо байгаа тоглоомын талбайд 10 хүүхэд тоглож багтахгүй. Орон сууцанд тагт байхгүй. Цэвэр агаарт амьдарсан нэртэй ч бохир ус хальснаас болж өмхий үнэртээд цонхоо онгойлгож чадахгүй байна” гэсэн бол тус хотхоны СӨХ-ны гүйцэтгэх захирал “Нийслэлийн Засаг дарга оршин суугчидтай уулзаад энэ асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр өнгөрсөн баасан гарагт ажлын хэсэг байгуулсан гэсэн. Одоогоор авсан арга хэмжээ алга. Манай байрны хажууд барилгын ажил явуулж байгаа иргэн Ц.Одсүрэн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий хүн учраас хууль үйлчилдэггүй бололтой” гэлээ.

Эдгээр хотхоны ойролцоох таван га газрыг иргэн Ц.Одсүрэн эзэмшдэг бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Зайсанд буюу улсын тусгай хамгаалалттай газар ашиглах зөвшөөрлөө БОАЖЯ-наас 2015 онд анх авсан аж. Зориулалтаар нь ашиглаагүй тул зөвшөөрлийг нь БОАЖЯ-ныхан өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд цуцалжээ. Гэвч 2.04 га талбайг түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн тавдугаар сарын 3-нд дахин авсан байна. Энэ төрлийн баримт бичигт аялагч, амрагчдын хоноглуулах майхан, эсвэл хоёроос дээшгүй давхар, зөөврийн байшин ашиглахыг зөвшөөрдөг аж.

“Астра” хотхоны II ээлжийн барилгыг барих явцад үүссэн ногоон өнгийн “нуур”

МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ө.Мөнхбаяраас энэ талаар тодруулахад “Газар ашиглах эрхийг нь БОАЖЯ-наас, барилга барих зөвшөөрлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон юм билээ. Өнгөрсөн долоо хоногт шалгалт хийхэд урьд нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байв. “Пийс виллаж” хотхоны 206 дугаар байрны ойролцоо нүх ухсанаас болж хөрсний нуралт үүссэнийг тогтоож, дүгнэлт гарган, Ц.Одсүрэнгийн зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтээ БОАЖЯ-нд хүргүүлсэн. Мөн доройтсон газруудыг нөхөн сэргээх албан шаардлагыг Ц.Одсүрэнгийн компанид өгсөн” гэлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1-т “Хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй нүх ухах, тэсэлгээ хийх, зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг алдагдуулж болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр Зайсан орчмыг суурьшлын бүс болгох тухай судалж байгаа хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн. Энэ нь тухайн бүсэд орон сууц барихыг зөвшөөрсөн хэлбэр гэхэд хилсдэхгүй. Түүнээс энэ талаар асуухад “Суурьшлын бүс болгохоор судалж байгаа болохоос баттай биш” гэв.

Тэнд олон давхар барилга барихыг хуулиар зөвшөөрдөг болчихвол тухайн бүсэд хөрсний нуралт үүсэхгүй гэх баталгаа алга. “Эл хэсгийн хөрс, чийглэг зөөлөн. Хүчтэй бороо ороход л газар нь амархан элэгдэж, ан цав үүсдэг. Тиймээс Зайсанд барилга барих нь хөрсний нуралт үүсгэх эрсдэлтэй. Эрх бүхий алба хаагчдад ийм мэдлэг алга” гэдгийг хотын ерөнхий архитектор асан Я.Шархүү онцолсон. Түүний хэлснээр Зайсан орчмыг орон сууцны хороолол бус, соёл амралтын хүрээлэн болгох ёстой байжээ. Тэгвэл нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Д.Жүрмэддоржоос Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт орон сууц барих эрх яагаад олгосныг тодруулахад отоглох, буудаллах зорилгоор ашиглах зөвшөөрөлтэй улсын тусгай хамгаалалттай газарт хоёр хүртэлх давхар байшин барьж болно. Иргэн Ц.Одсүрэн биднээс зөвшөөрөл хүсэхдээ хоёр давхар барилга барина гэж мэдүүлсэн учраас зураг төслийг нь баталсан. Зураг төсөл, зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, эсэхийг МХЕГ-ынхан хянах ёстой” гэлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрынхан болон МХЕГ, Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүс “Астра”, “Пийс виллаж” хотхоны СӨХ-ныхонтой өчигдөр уулзаж, тулгамдаж буй асуудлыг шийдэж өгнө гэж амласан ч уулзалт болоогүй гэнэ. Иргэд цаашид орон сууц худалдан авахдаа газрын зөвшөөрөл, тэр ч бүү хэл барилга барихдаа ямар материал ашигласныг нь судалж үзэхгүй бол уул, устай ойрхон барьсан, үнэтэй орон сууц болгон баталгаатай биш гэдгийг холбогдох албаныхан сануулж байна. Зайсанг “залгиж” буй хууль зөрчигчдийн үйлдлийг зогсоохгүй бол хөрсний нуралт даамжирах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)