Завхан аймагт тусгаарласан иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Завхан аймгийн Улиастай сумд энэ сарын 25-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрснийг бид өмнө нь мэдээлсэн. Нэг гэр бүлийн хүмүүс тарваганы махаар боодог хийж идсэнээс нэг хүн халуурч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдсан юм. Тэгвэл Эүүл мэндийн яамнаас өчигдөр тухайн иргэн тарваган тахлаар өвчлөөгүй нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон хэмээн мэдээллээ. Тус яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Завхан аймагт илэрсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу лабораторийн шинжилгээгээр сөрөг гарсан. Хэдий тийм ч тухайн иргэний ойрын хавьтлын буюу тарваганы боодог хамт идсэн найман хүнийг ч лабораторийн шинжилгээнд хамруулах болсон. Иргэдийн сорьц өнөөдөр (өчигдөр) Улаанбаатарт ирнэ. Холбогдох байгууллагуудаас иргэдэд хэлж, сануулсаар байхад тарваганы мах бүү идээч ээ гэж дахин анхааруулъя. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эмч нар цаг наргүй ажиллаж байхад тарваган тахлын тохиолдлууд эмнэлгүүдэд ачаалал нэмж байна” гэлээ.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)