ЗАВХАНЫ МОРИН ХУУРЧИД ДЭЛХИЙН АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛНЭ

 Монголын хүүхдийн ордонд өчигдөр “Дэгдээхэй насны аялгуу” болов. Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавтай уулзлаа.

-Завханы өдрүүд амжилттай болж байна. Энэ арга хэмжээнд хэзээнээс бэлтгэж эхлэв?

-14 жилийн өмнө манай аймаг нийслэлд соёлын өдрүүдээ зохион байгуулсан юм. Удаан хугацаанд завсарласан учраас бэлтгэлд нэлээд хугацаа зарцуулсан. Морин хуурчдыг гурван жилийн өмнөөс сургаж эхэлсэн.

-Нэг аймаг 999 морин хуурч тоглуулж, дээд амжилт тогтоосон нь сайхан хэрэг шүү?

-Монголд анх удаа 999 хүүхэд морин хуур тоглосон түүхийг завханчууд бичлээ. Санаачилж хийсэн нь завханчууд хэдий ч дэлхийд монголчууд гэж ярина шүү дээ. Энэ нь Гиннесийн номд бичигдэж болох амжилт болов уу. Гэхдээ бид 999 биш, 1056 хүүхэд авчирсан шүү дээ. Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улсын нэг аймгаас 1000 гаруй морин хуурч хүүхэд гарна гэдэг бидний бахархал. Бид дахин дээд амжилт эвдэхээр төлөвлөж байгаа. Ерөнхийлөгч манай морин хуурчдыг төрийн наадамд урьсан нь бас нэг баяр. Бид 1056 морин хуурчтайгаа ирсэн. Наадмаар 1024 морин хуурч тоглуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно. Боломж олдвол дараа нь 1056 морин хуурчийн тоглолтоор дээд амжилтыг дахин шинэчлэх санаа байна.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ирэв?

-Морин хуурч, уртын дууч, хөөмийч, аймгийн Хөгжимт жүжгийн теартын уран бүтээлч, манай аймгийн Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, бизнес эрхлэгчид гээд 2000 гаруй хүн 150 машинаар ирсэн шүү. 1056 морин хуурчийг гурван жилийн хугацаанд бэлтгэнэ гэдэг богино хугацаа. Морин хуур, шатар, компьютерийг нэн тэргүүнд сургах бодлого явуулж, сургуулиудад дугуйлан хичээллүүлж, сургалтын хөтөлбөрт нь морин хуурын хичээл оруулсан нь үр өгөөжөө өгч байна.

-Энэ арга хэмжээнд нэг тэрбум төгрөг зарцуулсан гэж сонссон?

-Зардал багагүй гарсан. Гэхдээ мөнгөөр үнэлшгүй зүйлийг бүтээж байгаадаа сэтгэл хангалуун байгаа.

Х.УЯНГА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)