Ж.Эрдэнэбатыг бусдад давуу байдал бий болгосон буруутай гэж шүүх үзлээ

Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдсон, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз хэмээдэг “Азаргын чонот гол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат, Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат, “Азаргын гол чонот” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт хоёр дахь өдрөө хэлэлцлээ. Тухайн өдрийн шүүхийн хэлэлцүүлэг нотлох баримт шинжлэн судлах ажиллагаагаар үргэлжилж, прокурорууд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тайлбарлаж, өмгөөлөгч нар цагаатгах, үндэслэлүүдээ ярьсан юм. Тухайлбал, Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм. 

Тодруулбал, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулсан нь Ж.Эрдэнэбатыг буруутгах гол үндэслэл болсныг прокурорууд шүүх хурлын үеэр тайлбарлаж байв. Уг нь 2017 оны Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолоор Ноён уул болон Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор болгож, өөр газруудад хайгуул хийх зөвшөөрөл олгохоор тусгах ёстой байж. Харин Засгийн газрын тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сумд ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэснээр “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Түвшинжаргал, уг компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар нарт давуу байдал бий болгон албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутайд тооцлоо. Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэм буруутайд шүүх тооцов.

УУХҮЯ-ны газрын дарга Д.Ганбатыг албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, “Азаргын гол чонот” ХХК-ийн нөхөн сэргээлт огт хийгээгүй талбай дээр очиж танилцалгүй тус компанийнханд нөхөн олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусгасан гэм буруутай гэж шүүх үзэв. Харин тус яамны хэлтсийн дарга С.Мандахбатыг цагаатгасан. “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал нарыг хууль бус тушаал шийдвэр гаргуулахад хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм. Нотлох баримт шинжлэн судлахад дээрх хүмүүсийн ажиллуулдаг компанийн Булган аймгийн Тэшиг сумын нутагт, хилийн бүсэд байгаль орчныг доройтуулж, голын голдирол дунд газар сэндийчээд түүнийгээ нөхөн сэргээгээгүй, алт угаах бууны сэг, уурхайн модон суурин зэргээ тэр чигээр нь орхиж явсныг шүүх хуралд оролцогчдод үзүүлэв. Шүүх Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг дээрх хэрэгт гэм буруутайд тооцоод, ял оноох хурлаа өнөөдөр 09.00 хийхээр товлон завсарласан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)