Ж.Энэрэл Парисын загварын долоо хоногт алхлаа

Парисын загварын долоо хоног өнөөдөр өндөрлөх юм. Цар тахлын үеийн, үзүүлбэрүүдийн дийлэнхийг цахимаар зохион байгуулсан зэрэг онцлогтой уг арга хэмжээний хүрээнд зарим брэндийн шинэ загварын танилцуулгыг цахимаар бус, танхимд зохион байгуулжээ. Дэлхийн загварын ертөнцөд Парис, Лондон, Нью-Йорк, Миланы долоо хоногийг энэ талбар дахь “The big four” буюу “Их дөрвөл” хэмээдэг бөгөөд ирэх оны загварын чиг хандлага ямар байхыг эдгээрээс тольддог билээ. Парисын загварын долоо хоногт тансаг зэрэглэлийн “Her¬mes” брэндийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах шилдэг загвар өмсөгчдийн дунд Монголын Ж.Энэрэл алхав. Тэрбээр энэхүү долоо хоногийн хугацаанд уг брэндийнхээс гадна өөр хэд хэдэн компанийн бүтээгдэхүүнийг “амилуулж” үзэгч, судлаач, шүүмжлэгч нарт хүргэжээ.

Эх орондоо мэргэжил нэгтнүүдийнхээ дунд Ээнээ нэртэй тэрбээр Европт нэлээд олон жил ажиллаж буй бөгөөд ХБНГУ-д төвтэй загварын хэд хэдэн агентлагт бүртгэлтэй юм байна. Тэрбээр “Mirrrs models”, “The claw models”, “M&P models” гэсэн гурван агентлагийн нэрийг дурдаж талархал илэрхийлсэн. Европын мэдээллийн хэрэгслүүдэд түүний талаар “Парисын шоунд анх удаа монгол модель алхлаа” хэмээн бичсэн байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)