Ж.ЦЭЦЭГЭЭ: Аав их дурамжхан, уйлаад л хүргэж өгч байсныг тод санадаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, морин хуурч, хөгжмийн зохиолч Гомбодоржийн Жамъяны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрбээр хөгжимчний хувьд гарамгай байсан төдийгүй морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж, мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгон хөгжүүлж, өвлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Монголын анхны бүжгэн жүжиг “Манай нэгдлийнхэн”-ий хөгжмөөс эхлээд “Цогт тайж” жүжгийн “Алтан бүс”, “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дууны, Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн хөгжмийг бүтээсэн алдарт хуурч тэрбээр Дэлхийн зон олны IV их наадамд оролцож эх орноо сурталчлан өндөр үнэлгээ авсан байдаг.

Монголын мэргэжилтэй хөгжимчин, бүжигчин, циркчин бэлтгэдэг уурхай болсон Хөгжим бүжгийн дунд сургуульд 58 жил багшилж, олон шавь бэлтгэсэн, Морин хуурын чуулгыг санаачлан, үүсгэгч эрхэмсэг хүмүүн Г.Жамъяны гэгээн дурсгалд зориулан “Уншигч-сурвалжлагч” буландаа түүний том охин Цэцэгээ болон шавь, Гавьяат багш Ёлхорсүрэнгийн Батбаяр нарыг урилаа.

Монгол Улсын консерваторын Үндэсний хөгжмийн факультетын морин хуур хөгжмийн багш, хүндэт профессор Ё.Батбаяр “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж, манай зочин, “Сити” дээд сургуулийн дуулах урлагийн багш, профессор, Гавьяат жүжигчин Жамъяны Цэцэгээтэй аавынх нь тухай болон монголчуудын бахархалт өв соёл морин хуурын талаар хөөрөлдлөө. Тэд хуучнаар ХБДуС-ийн байрны 34 тоот өрөөнд уулзсан юм. Тэрхүү өрөөнд Г.Жамъян багш нь Монголын үе үеийн алдартай морин хуурчдыг бэлтгэсэн гэдгийг шавь нь онцлон дурдав.

Уншигч-сурвалжлагч Ё.БАТБАЯР
Гавьяат багш

-Цэцэгээ эгчтэйгээ уулзаж, багшийнхаа тухай яриа өрнүүлэх болсондоо баяртай байна. Би 1972 онд ХБДуС-д элсэж, багшийнхаа шавь болсноор Цэцэгээ эгч болон бусад хүүхэдтэй нь танилцаж, нөхөрлөсөн юм. Таны минь бие тэнхээ, ажил алба сайн байна уу?

-Амгалан сайхан байна. Би 1974 онд ЗХУ-ын Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Тухайн үед Соёлын яамтай, урлагийн бодлоготой сайхан байлаа. Өнөөдөр харин манай урлаг эзэнгүй, бодлогогүй болсон нь харамсалтай. Ярианы эхэнд ийм зүйл хэлчихлээ, уучлаарай. Тэр үед Ё.Батбаяр маань аавын шавь гээд жижигхэн хүү байлаа. Нөгөөтээгүүр, бидний үр хүүхдүүд ч дотно сайхан үерхэж, хамтран ажиллаж, ах дүүс шиг болж өдий хүрчээ. Манай хүүхдүүд 11 настайдаа Японд болсон тоглолтод оролцож байв. Болд, Эрдэнэбат хоёр маань нэг хамтлагийн гишүүнээс гадна нэг айлын баз гээд бидний холбоог яривал зөндөө.

-Энэ онд багшийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан төр, засгаас дэмжлэг байна уу. Ойн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ онд аавынхаас гадна Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, мөн морин хуурч Буян багшийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Драмын театрын хэд хэдэн алдартны 100, 90 насны ой бас давхцсан. Аавын маань ойд зориулж улсаас төсөвлөсөн мөнгө байхгүй. Үр хүүхэд, сургууль, шавь нар нь, “Монгол хуур” төвийнхөн хамтраад Цагаан сараас өмнө тэмдэглэхээр зохион байгуулж байна. Аавынхаа номыг шинэчлэн хэвлүүлж, өөрийнх нь болон шавь нарынх нь тоглосноор цомог гаргана. Энэ ажлыг миний хүү Болд хариуцсан. Мөн эрдэм шинжилгээний хурал, уламжлалынхаа дагуу Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын V уралдаан болно. Эдгээрийг миний дүү, энэ сургуулийн хийлийн багш Ж.Баярсайхан хариуцаж байгаа. Шагналтнуудынх нь нэгдсэн концертыг ДБЭТ-т зохион байгуулах юм. Энэ мэтээр төлөвлөөд явж байна.

Зочин Ж.ЦЭЦЭГЭЭ
Гавьяат жүжигчин

-Энд нэг зүйл тодруулан яримаар байна. 1992 оны үед багш маань Ц.Батчулуун Ц.Пүрэвхүү бид гурвыг гэртээ дуудаад “Монгол Улс морин хуурын өлгий нутаг. Тиймээс энэ чиглэлээр бие даасан уран бүтээл хийдэг албатай байх учиртай. Батчулуун уран бүтээлд илүү ойр байдгийн хувьд үүнийг хариуцаж, хуурын чуулга байгуулахад анхаарч ажиллаарай. Пүрэвхүү чи, морин хуурыг хөгжүүлэх, сурталчлах зэрэг бодлогын асуудалд анхаар. Харин орчин цагийн морин хуурын сургалт, дэг жаягийг хөгжүүлж, авч явах тал дээр Батбаяр хариуцаж ажилла, өөр хүн байхгүй шүү” гэж захисан юм. Тэр цагаас хойш бид багшийнхаа үүрэг даалгаврыг биелүүлж, хэлснээр нь тодорхой чиглэлүүдээр явсаар өдий хүрлээ. Талийгаач Ц.Батчулуун маань багшийн санаачилж, зорьсон чуулгыг бодит болгосон. Пүрэвхүү “Монгол хуур” төвөө ажиллуулж байгаа бол би 43 дахь жилдээ багшилж, олон шавьтай болжээ.

Цэцэгээ эгчийн хэлсэн дээр нэмэхэд, Жамъян гэдэг агуу хүний 100 жилийн ойг төр, засаг анхаарахгүй өнгөрч байгаа нь харамсалтай. Дэндүү хариуцлагагүй, бодлогогүй гэхээс өөр үг алга. Тэрнээс биш, мөнгөгүйдээ тэмдэглэхгүй байгаа юм биш болов уу.

-Морин хуур өнөөдөр дэлхийнхний сонирхлын төвд орсон гэж болно. Франц, япон, америк, норвеги гээд олон хэлийнхэн сурахыг хүсдэг болжээ. Үүнд миний аавын үүрэг их байсан гэдэг. Аав франц, япон шавьтай байсныг Та санаж байна уу. Жамъян бол гарамгай хуурч, мундаг багш гэдэгтэй маргах хүн байхгүй ч чухам ямар гавьяатай талаар нь мэргэжлийн хүний хувьд Батбаяр багш хэлбэл илүү оновчтой байх. Хойч үеийнхэнд ч мэдүүштэй болов уу гэсэн үүднээс тодруулахыг хүсэж байна.

-Багшийнхаа дэргэд хамгийн олон жил байсан шавийн хувьд энэ талаар ярихдаа баяртай байна. 1977 онд сургуулиа төгсөөд, АДБЧ-д орж, гадаад явж үзэхийн хүслэн байсан надад багш “Чи сургуульдаа үлдэж, ажилла” гэсэн. Гүйцээ, багшийн үгийг зөрчих эрх байхгүй. Ингэж би 1977 оноос 34 тоот өрөөнд багшийнхаа хамт ажиллах болсон юм. Ажлаа тараад хамтдаа гэр лүүгээ алхаж, заримдаа бүрэнхийд гэрт нь дөхүүлж өгдөг сөн.

Төр, түмэндээ үнэлэгдсэн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Жамъян юугаараа онцгой юм бэ гэхээр, морин хуурын сургалтын дэг жаягт шинэчлэл хийж, шинжлэх ухаанчаар судлах үндсийг тавьж, ноотолж, цэгцэлсэн юм. Алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар шавь сургалтаар морин хуур заалгасан багш маань Дуурийн театрт виолончель хөгжим тоглодог байлаа. Өөрөөр хэлбэл, эл хоёр зэмсгийг хөгжимдөх арга барилд суралцсан. Зүгээр ч нэг сурчихаад орхиогүй, морин хуурыг виолончель тоглох арга барилаар баяжуулсан гавьяатай. Олон зуун жилийн түүхтэй Өрнийн хөгжмийн соёлыг хоёрхон утастай уламжлалт хөгжимдөө шингээж, түүнийг зохицуулах найруулга зүйд анхаарч, дэлхийн сонгодог бүтээлээс хөрвүүлж байсан нь хэр авьяас билэгтэйг нь илтгэнэ. Морин хуураа суга өсгөсөн хүн шүү дээ. Жамъян багш ингэж хөдөлмөрлөж, хийгээгүй бол өнөөдөр эл зэмсэг дэлхийд алдарших байсан болов уу. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт морин хуурыг сурах эрмэлзэлтэй болж. Гадаадад байгаа монголчууд маань ч сурахаар мэрийхээс гадна манай мэргэжлийн хуурчид энэ үйлсэд их хувь нэмэртэй байгааг дурдмаар байна. Америкт, Европт уралдаан явуулдаг болж, бахархмаар. Ингэж түгж, тархахад багшийн минь үүрэг асар их. Үүн дээр нэмээд нэг хүнийг заавал дурдъя. Тэр бол Буян хуурч. Морин хуурын хөгжил, түгээн дэлгэрүүлэх үйлсэд түүний гавьяа их. Энэ онд мөн л 100 жилийнх нь ой тохиож, манай сургуулийнхан тэмдэглэн өнгөрүүлсэн.

Миний яриа ихдээд байна уу, уучлаарай. Ганцхан зүйлийг энд жаахан дэлгэрүүлээд, асуултдаа оръё. Халх голын ойд зориулан ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгуулсан олон улсын хөгжмийн уралдаанд манайхаас челист оролцоогүй юм. Гэтэл Москвагийн консерваторын челист “Танай Монголоос яагаад энэ төрөлд оролцсонгүй вэ” гэж асуулаа. Тэгтэл Оросын шүүгч, профессор хүн “Яах юм бэ, өөрсдийнх нь хоёр утастай гайхалтай виолончель байхад” гэж өмнөөс нь хариулсан. Миний сэтгэл огшоод л явчихсан. Тэгээд багш минь харагдах шиг болсон. Тэр уралдааны тэргүүн болон хоёрдугаар байрыг манай хоёр морин хуурч эзэлсэн шүү.

Цэцэгээ эгч ээ, уншигч залуучууд, хүүхдүүдэд мэдүүлэх үүднээс нэг зүйл асууя. Багшийн маань гарваль угсаа, нутаг усных нь талаар ярьж өгөөч. Ер нь аавын хувьд ямар хүн байв?

-Батбаяр багш сая сайхан мэдээ дуулгалаа, оройтсон ч гэсэн баяр хүргэе. Миний аав Дорнод аймгийн Булган сум буюу тэр үеийн Хэрлэн барс хотод 1919 онд төржээ. “Үймээнтэй жилд төрсөн” гэдэг байснаас бодоход цагаантнууд орж ирж байсан үе шиг байгаа юм. Аав нь тайж байсан гэдэг. Аавын ах ч морин хуурч, аймгийнхаа Драмын театрт хөгжимчин байжээ. Тэдэнд бичиг үсэг, морин хуурыг аав нь зааж, сургасан юм билээ. Хэлмэгдүүлэлтийн үед 1937 онд аавыг нь баривчилж, хамаг хөрөнгийг нь хураагаад, хороосон юм билээ. Тэгж баривчлагдахаасаа өмнө отгон хүү Жамъяндаа “Нийслэл рүү яв” гэж захисных нь дагуу нутгаасаа гарсан гэдэг. Ер нь эцэг, эхээс долуулаа байснаас нэг ах нь сураггүй болсон гэхээс өөрийг аав ярьдаггүй байсан.

Нийслэлд ирсэн аав маань нэг хэсэг Түвдэн багшийндаа амьдарч, 1937 оны хавар байгуулсан Уран сайхны сургуулийн анхны шавь нарын нэг болжээ. Түүнтэй хамт Буян багш бас элссэн гэдэг. Ингэж яваад ижийтэй минь танилцаж, гэр бүл болсон. Ээж минь мөн л Дорнод аймгийн хүн, хуучир, хийл тоглодог байлаа, тэтгэвэрт гартлаа Дуурийн театрт ажилласан. Манайх дуу, хуураар бялхсан айл. Би айлын ууган охин, Батсайхан, Баярсайхан, Жаргалсайхан, Цогтсайхан гэдэг дөрвөн эрэгтэй дүүтэй. Ээжийн минь төрсөн эгч үр хүүхэдгүй байсан тул Жаргалсайхан дүүг өргүүлчихсэн юм. Аав их дурамжхан, уйлаад л хүргэж өгч байсныг тод санадаг. “Тэр хүүхэд жинхэнэ хөгжимчин болох авьяастай төрсөн” гэж ярьдаг байсан шүү дээ. Ер нь миний аав их дөлгөөн, хүүхдүүдээ загнадаггүй байсан.

Аав намайг I сургуульд дагуулж очоод “За сургуульд орох гоё байна уу” гэж асууж байсныг ер мартддагүй. Тухайн үед I сургууль дан эмэгтэй, II сургууль эрэгтэй сурагчтай байсан юм шүү дээ. Дараа нь охид, хөвгүүдээр нь хольж, шилжүүлэхэд би II сургуульд очоод, долдугаар анги хүртлээ сурсан. Тэгж байтал Зөвлөлт рүү концертмейстр мэргэжлээр сургах хүүхдүүдийг шалгаруулах боллоо. Ерөө, Эрдэнэчимэг, Жамсранжав нарын хүүхэдтэй хамт би ноот мэдэхгүй ч сонсголын шалгалт өгөөд, 1959 онд Москвад суралцахаар явж билээ.

Бидэнд үргэлж захидаг байсан аавын захиас гэвэл, ажилдаа үнэн сэтгэлээсээ ханд, бүх зүйлд сайн байх хэрэгтэй гэдэг. Өөрөө ажилдаа маш их дуртай.

-Цэцэгээ эгч “Аав биднийг загнаддагүй байсан” гэлээ. Харин шавь нартаа бол заримдаа нэлээд ширүүн байсан шүү. “Амссан” хүн нь би байна. Өөрөө туйлын чамбай, нямбай, чармайлттай болохоор шавь нараасаа тийм л зүйл шаарддаг. Санаанд нь хүрэхгүй болохоор бухимддаг байж л дээ.

Багш “Кармен” дуурийн антрактын гурван хуудас ноотыг гэртээ хуулж бич гэсэн даалгавар өглөө. Манайх Долоон буудалд, цахилгаан тасрахаар нь лаа бариад, тасраагүй үед нь ширээний гэрэлд, баллаж, “сохлоод” даалгавраа хийлээ. Тэгээд багшид үзүүлтэл амандаа аяархан исгэрээд, эргүүлж тойруулж харж байснаа базаад чулуудчихдаг байгаа. Гол харлаад л явчихлаа. “Чи хэнийг доромжилж байгаа юм бэ, энийгээ хар” гэтэл үнэхээр хэрэг алга. Босоо байх нь баруун, зүүн тийш хэвтчихсэн, хачин юм байна. Тэгтэл багш “Наадхыг чинь сайхан бичлээ гээд надад хэрэггүй. Ядаж чи цуглуулж байгаад талх аваад иднэ биз дээ. Морин хуур сурдаггүй юм гэхэд ноот цэвэрхэн бичээд сурвал чамд л хэрэгтэй” гэсэн. Тухайн үед нэг такт ноотыг 32 мөнгөөр үнэлдэг байсан юм. Ингэж л хүнийг тал бүрээр хөгжүүлэхэд анхаарч, сургадаг байжээ. Би тэр үеэс хойш шар хөдлөөд, ноотыг их гоё бичдэг болсон шүү дээ.

Багшийн заах арга маш агуу, өвөрмөц. биеэрээ үлгэрлэдэг онцлогтой. Нэг өдөр хичээлийн туршид нэг ч үг хэлэхгүй, над руу ч харалгүй уртын дуу хуурдаад байна. Эхэндээ жаахан дурамжхан, уртын дуу манатай байсан би бушуухан л гэртээ хариад багш шиг хөгжимдөх сөн гэж бодсон. Тэгж л зааж, сэтгэлд суулгаж чаддаг байж.

Хэтрүүлэн хэдэхэд, би өглөө босоод л багшийн хэлсэн нэг үгийг санадаг. “Чи энэ бүтээлийг хэдий хугацаанд сурсан бэ гэж асуудаггүй. Чи хэний шавь бэ гэж л асууна” гэж хэлснийг нь би өдгөө шавь нартаа захидаг юм. Багшийн хариуцлагыг ямар товч, тодорхой ойлгуулсан юм бэ, үнэхээр гайхамшигтай.

Ингэхэд багшийн хуурнууд хаана хадгалагдаж байна вэ. Миний мэдэхээр, 50 насных нь ойгоор Соёлын яамнаас бэлэглэсэн, ногоон ширэн цартай хуур төрсөн нутагт нь байна уу?

-Булган сумын музейд дөрвөн жилийн өмнө очиход тэр хуур тоосонд дарагдчихсан, наалтууд нь ховхорч, цар нь хөндийрчихсөн, гутлын хадаасаар хадчихсан байсан. Тэгэхээр нь бид засварлахаар авч явсны дараа “Хуур аваад явчихлаа” гэж бөөн хэл ам гаргасан байна лээ. Одоо тэр хуурыг Дорнодын театр доторх музейд хадгалж байгаа гэсэн. Модон цартай, шаравтар хуур нь манайд байна. Могойн арьсан цартай нэг хуур нь миний хүүд бий. Тэр хуурыг Өвөр Монголын алдарт хуурч Чибулаг өгсөн юм. Өөр нэг ширэн цартай хуур нь харин Чибулагт байгаа.

-Чибулагийн багш Сандуурин Жамъян багшаар нэг хэсэг морин хуур заалгасан гэдэг юм билээ. Туханй үед Монгол, Хятадын харилцаа муудсаны улмаас тэдний барилдлага тасарсан шиг байгаа юм. Хэдийгээр Чибулаг багшаас номын дуу сонсоогүй ч багшийн багш гэдэг утгаар нь агуу хүндэтгэлтэй ханддаг ухаантай хүн дээ.

-Аавын минь хуурнууд бүгд уламжлалт аргаар хийгдсэн. Дээр үед хуурын чавхдасыг заавал цагаан морины сүүлээр хийдэг зэрэг хатуу дэг жаягтай байжээ. Гэхдээ чийглэг, халуун оронд хуурдаж байхад хөг нь уначихдаг талаар аав ярьж байсан. Одоо цагт мяндсан утсаар орлуулдаг болсон нь дуу, хөгөнд хэр нөлөөлдөг бол. Ер нь морин хуур урлал маань хэр явж байна вэ?

-Намайг бага, залуу байхад морин хуурын утас, нум нь адууны хялгас байлаа шүү дээ. Адууны сүүлийг тайрч бус, угзарч тасалдаг гээд нарийн дэг жаяг ч байсан. Багш “Морин хуурын чавхдасыг гүүний сүүлээр хийдэггүй. Сүүл рүүгээ шээж явдаг амьтан учраас хэврэгшээд шавир шавир гээд тасарчихдаг” гэж ярьж байсан. Шавир шавир гэдэг нь нутгийнх нь хэл юм болов уу, мэдэхгүй. Одоо бол мяндсан утсаар л хийж байна. Дуу, хөгний хувьд ялгаа их. Үүнийг багш маань мэддэг байсан учраас “Энэ муу талтай” гэж байсан. Яагаад гэхээр, адууны сүүлний хялгас сунахдаа хэлбэр, бүтцээ алдаж хавтгайрдаггүй, бөөрөнхийгөөрөө байдаг онцгой шинж чанартай гэсэн. Харин мяндсан утсыг чангалахаар улам хавтгайрч, нимгэрээд чихарч дуугардаг талаар багш хэлж байсан юм. Энэ тухай асар их судалгаа хийсэн байх.

Гэхдээ хуур урлалдаа орчин цагийн дэвшил, сайжруулах зүйл хэрэгтэйг үгүйсгэж болохгүй. Адууны хялгасан утас чийглэг газарт хөг алддаг гэмтэй. Нөгөөтээгүүр, уламжлалт аргаар бол ширэн цартай хийдэг. Энэ нь мөн л чийгэнд хонхойж, хэвээ алддаг. Энэ мэт асуудлаас шалтгаалж, цаг үеийн шаардлагад нийцүүлж, хөгжүүлэхээс аргагүй. Монголд хуур урладаг сайн мастер олширч байгаа нь үнэхээр сайн.

-Аав маань монгол бичгээр гайхалтай гоё бичдэг байсан. Бийрээр л бичнэ. Танай аав бас их сайхан бичигтэй байсан гэдэг. Энэ талаар дурсвал сонин байх, тийм ээ. Надаас илүү Батбаяр багш аавын минь тухай сайхан ярьдаг юм.

-Миний аав багш байсан. Хачин гоё бичнэ ээ. Манайх Хэнтий аймгийнх. Аав, багш хоёр уулзахаараа зүүн аймгийн Сэцэн ханыхан гээд яриад салахгүй дээ. Аав “Жамъян багш шиг бичгийн соёлтой хүн ховор” гэдэг сэн.

Ийнхүү хөөрөлдөж суусан уншигч-сурвалжлагч, зочин хоёрыг маань 34 тоот өрөөний гадна хүлээх сурагч, оюутнууд “үймүүлж” ярилцлагаа өндөрлөхөд хүргэлээ. Ямартай ч Монголын уламжлалт өв соёлын нэг болсон гайхамшигт морин хуурын талаар, түүнийг хөгжүүлж, өвлүүлэх их үйлсэд гарамгай гавьяатай нэгэн баатрын тухай сайхан яриа дэлгэлээ.

“Морин хуур бол аль ч утгаараа монголчуудын өмч, өв соёл. Үүнийг гадаадын аль нэг улс Монголоос “урвуулан” авч, өөрийн өв соёл мэтээр сурталчилж, түгээх вий гэж санаа зовдог хүмүүс байдаг бол “Тэгэх бломжгүй” гэж хэлнэ. Би энэ тал дээр огт санаа зовдоггүй. Магадгүй өвөр монголчуудыг “харддаг” бол уучлаарай, тэд ч угтаа монгол шүү дээ. Гэхдээ бид морин хуурын өв соёлоо хэнд ч алдахгүй дархлаатай. Үүнийг улам баталж, харуулж байгаа жишээ Монголын урлагт өчнөөн байна. Манай хүүхэд, залуучууд өвөг дээсийнхээ өв соёл болсон морин хуураа хөгжмийн урлагийн олон төрөлтэй хослуулан гайхамшгийг бүтээсээр байгаа нь бахархмаар” хэмээсэн манай “сэтгүүлч” Ё.Батсайханы үгээр эл ярилцлагын тэмдэглэлээ өндөрлөе.

Тэмдэглэсэн Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)