Ж.Харден NBA-ийн мөнхийн дээд амжилтыг давтах уу

“Хьюстон рокитс” багийн хамгаалагч Ж.Харден өнгөрөгч даваа гарагт “Портлэнд”-ийн эсрэг тоглолтод 33 минутад 36 оноо авсан. Түүний хувьд энэ бол байдаг л, бараг тааруу гэмээр үзүүлэлт. Тэрбээр улирал эхэлснээс хойш нэг тоглолтод 39.2 оноо дунджаар авч буй.

Тиймээс түүнийг бүтэн улирлын турш дунджаар 40 оноо авах боломжтой гэсэн сонирхолтой таамаглал шинжээчид гаргах болов. NBA-ийн түүхэнд 40-өөс дээш оноо авсан цорын ганц тоглогч бий нь домогт төвийн тоглогч У.Чэмберлэн юм. Уилт 1961-1962 оны улиралд “Филадельфи уорриорз” багт тоглож байхдаа 50.4 оноо, дараа улиралд 44.8 оноо гэсэн гайхмаар үзүүлэлтийн эзэн болж байлаа.

Тэгвэл “Bleacher report”-ийн сэтгүүлч К.Скалеттагийн тооцсоноор бол Ж.Харден тоглолтын 48 минутад У.Чэмберлэний дээр дурдсан домогт улирлаас ч олон оноог энэ жил авч байгаа гэнэ. Тухайлбал, Уилт 1961-1962 оны улиралд талбайд 48.5 минут буюу сэлгээнд огт суулгүй бүтэн тоглосны ачаар ийм олон оноо авч байв. Тэрбээр тоглолт бүрт 39.4 шидэлт гүйцэтгэн, 17 удаа торгуулийн шидэлт хийж байсан бол Ж.Харден энэ улиралд 25.4 удаа довтолж, 14.5 удаа торгуулийн шидэлт хийж байна. “Сахалт” талбайд өнгөрүүлж буй минут болон довтолгооны тоогоор Уилтээс хамаагүй бага байгаа юм. Энэ улирал эхлээд удаагүй байгаа гэж тооцоод өнгөрсөн улирлын үзүүлэлтийг К.Скалетта сонирхжээ. Гэтэл бүр сонирхолтой үр дүн гарав. Ж.Харден огт сэлгээнд суулгүй талбайд 47.2 минут тоглосон бол өнгөрсөн улиралд 47.2 оноо дундажлах боломжтой байсныг тэрбээр тогтоосон байна. Гэтэл энэ улирлын эхний 12 тоглолтын дараах байдлаар Ж.Харден 48 минутад 51.4 оноо дунджаар авах боломжтой хэмнэлээр оноо түүж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр домогт У.Чэмберлэний түүхэн амжилтыг эвдэх нь.

Ж.Харден хэрхэн ийм өндөр үр дүнтэй довтолж, оноо түүж байна вэ? Үүний гол шалтгаан нь багийн тоглолтын хэмнэл юм. Өнгөрсөн зун “Рокитс” холбогч К.Полыг Р.Уэстбрукээр сольсон. К.Пол бөмбөг удаан эзэмшиж, тогтсон хувилбараар довтолгоог авч явдаг бол Р.Уэстбрук хурдан довтолгоог эрхэмлэдэг. Тийм ч учраас “Хьюстон” өнгөрсөн улиралд довтолгооны тоогоор лигт 26 дугаар байрт орсон бол энэ улиралд гуравдугаар байрт орж ирсэн.

2019-2020 оны улирал эхэлснээс хойш Ж.Хардены довтолгооны, ялангуяа холын зайн шидэлтийн хувь тун муу байв. Харин өнөөгийн байдлаар тус баг найм дараалж ялаад байна. Ж.Хардены хувьд Р.Уэстбруктэй дасан зохицох шилжилтийн үе нэгэнт өнгөрч, тэд улам илүү гар нийлэн тоглох болжээ. Тэд одоогоор лигийн хамгийн “аюултай” багийн нэг болоод байна.

“Сахалт” хувийн дээд амжилтыг багтаа хор хохирол учруулалгүйгээр тун ухаалгаар зохицуулж явна. Үүнийг нь ч лиг үнэлж, сүүлийн гурван долоо хоногийн “Өрнөд” бүсийн шилдэг тоглогчоор нэрлэв. Гэхдээ Ж.Харден улирлын турш 40-өөс дээш оноо дунджилж чадах болов уу? Бараг л үгүй болов уу, гэхдээ энэ нь түүнд ингэх боломж огт байхгүй гэсэн хэрэг биш юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)