Ж.Фишкин: Иргэдээ нэгэнт оролцуулсан хойно тэдэнд итгэх нь чухал


Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал манай улсад өнгөрөгч долоо хоногт болж, өндөрлөлөө. Энэ үеэр МУИС, Удирдлагын академи хамтран Зөвлөлдөх ардчиллын судалгааны Азийн хүрээлэн байгуулахаар болсон юм. Тус хуралд уригдаж оролцсон АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкинтэй ярилцлаа.

-“Зөвлөлдөх ардчилал”, “зөвлөлдөх санал асуулга” гэдэг ойлголттой монголчууд танилцаж л байна. Монгол Улсын нийт 1570 иргэнийг санамсаргүйгээр сонгож, санал асуулга явуулан, улмаар 785-ыг нь Төрийн ордонд авчирч, анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан гэдгээрээ бидэнд илүү танил болжээ. Юуны түрүүнд та зөвлөлдөх ардчиллын талаар товч тайлбарлахгүй юү?

-Ардчилсан институцэд итгэх иргэдийн итгэл дэлхий даяар унаж байна. Итгэлцлийн хямрал болж байна гэх үү дээ. Намуудын зөрчил, тэмцэл нийгмийг хувааж, улс төрийн мухардалд хүргэсэн, иргэд ерөнхийдөө үүнээс залхах маягтай болж, улмаар ардчиллын нэр хүнд дэлхий даяар унах хандлагатай байна.

Намууд сонгуульд ялалт байгуулахын тулд зөвшөөрөгдсөн, эс зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, ёс зүйгүй гэх мэт янз бүрийн арга ашиглаж, сонгогчдын тархийг угаадаг. Тухайн асуудлаар ойлголтгүйгээсээ болж жирийн иргэд үүнд нь төөрөлдөж, “Ардчилал гээч чинь ер нь буруу зүйл юм биш үү” гэж хандах нь давамгайлж байгаа юм.

Ардчиллын мөн чанар бол ард түмний хүсэл зориг нь бодлого, үйл ажиллагаа болж хувирдаг байхад л орших ёстой. Гэтэл намуудын явуулж буй тархи угаалтаас болж ард түмний хүсэл зориг үйл ажиллагаа болж хувирах нь байтугай бодлогын түвшний хэлэлцүүлэгт ирэх замдаа төөрч, гажуудан, алга болж байна.

Зөвлөлдөх ардчиллын гол зорилго нь иргэд өөрсдөө тааламжтай нөхцөлд тухайн асуудлаа хэлэлцэн, холбогдох мэдээллээ солилцож, эргэлзээгээ тайлан, шийдвэр гаргаснаар хүсэл зориг нь бодлогын хувилбар руу хэрхэн хувирдгийг судлахад чиглэдэг. Тиймээс ч үүнийг орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны ололтуудад суурилсан судалгааны чиглэл гэж үзэж болно.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгыг хэр амжилттай болсон гэж дүгнэх вэ?

-Монгол Улс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуультай болсон. Энэ нь мэдээлэл өгсний үндсэн дээр шийдвэр гаргах, зөвлөгөө өгөх үйл явцыг албан ёсны болгоход чухал үүрэгтэй хууль гэж бодож байна. Үүгээр орон нутгийн төдийгүй үндэсний хэмжээний санал асуулга зохион байгуулсан. Уг санал асуулгыг аль ч түвшинд тогтмол зохион байгуулснаар нийгэм даяар зөвлөлдөх уур амьсгал бүрдүүлнэ. Энэ бол маш чухал.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор зохион байгуулсан санал асуулгад намуудаас олон санал ирүүлсэн. Тэдгээрийн дийлэнх нь олон нийтийн дэмжлэг аваагүй, цөөн хэд нь үлдсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийг шууд бусаар буюу парламентаас сонгох санал байсан. Үүнийг Ардын намынхан илүүтэй дэмжиж байсан ч ард түмэн дэмжээгүй, санал асуулгаар хасагдсан шүү дээ.

...Зөвлөлдөх санал асуулгыг технологийн дагуу л явуулах хэрэгтэй. Мэдээж түүврээ зөв сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт, модераторуудыг жигд оролцоход бэлтгэсэн байх ёстой. Гуравдугаарт, тэд мэдээллээ тэнцвэртэй, тухайн асуудлынхаа эерэг болон сөрөг талыг ижил тусгасан байдлаар өгөх үүрэгтэй юм. Аль нэг талыг баримталсан, туйлширсан бус, хэлэлцэж буй асуудлыг нь дэмждэг, бас эсэргүүцдэг хүмүүсийн байр суурь, оролцоог тэгш хангах нь чухал...

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг одоогийнхоороо буюу ард түмнээс шууд сонгодог байхыг илүүд үзсэн гэсэн үг. Мөн парламентыг хоёр танхимтай болгох саналыг АН-ынхан илүүтэй дэмжиж байсан ч санал асуулгаар дэмжээгүй. Хоёр танхимт парламент нь хяналтыг тэнцвэржүүлэх арга хэрэгсэл гэж харж байсан ч аль алиныг нь нэг нам дангаар бүрдүүлчихвэл хянаж чадахгүйд хүрнэ гэж үзсэн учраас унагасан.

Санал асуулгад оролцогчдын гаргасан санал маш үндэслэлтэй, судлаачийн түвшнийх байсан л даа. Улмаар хараат бус төрийн алба, шүүхтэй болох, авлигатай тэмцэх, сайн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой саналууд хамгийн их хөндөгджээ.

Уг санал асуулга Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж чадсан гэж бодож байна. Түүврийг Үндэсний статистикийн хороо мэргэжлийн түвшинд, сайн бүрдүүлсэн. Оролцогчдын түүвэр маш сайн болсон төдийгүй ирц нь ч өндөр байсан юм. Ард нийтийн санал асуулгаас илүү төлөөлөх чадвартай түүвэр байсан. Яагаад гэвэл анхны судалгаанд оролцсон хүмүүс бүгд зөвлөлдөх санал асуулгад хүрэлцэн ирсэн байлаа. Тиймээс олон талаас нь харсан зөвлөлдөх санал асуулга болсон гэж дүгнэж байгаа.

Нэгэнт сайн түүвэрт суурилсан болохоор нам дагасан хэлэлцүүлэг болж хувираагүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Стэнфордын их сургууль уг санал асуулгыг төлөвлөн, зохион байгуулаагүй. Бид мэргэжлийн онол, арга зүйн туслалцаа л үзүүлсэн. Харин УИХ-ын Тамгын газар, тэндээс томилсон Зөвлөлдөх хороо, ҮСХ хамтран зохион байгуулсан. Санал асуулгын агуулгыг тодорхойлоход ч манайх оролцоогүй. Монголчууд өөрсдөө шийдсэн.

Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болгоны давуу болон сул талын талаар маш тэнцвэртэй мэдээлэл өгч, холбогдох экспертүүдийн саналыг авч, тусгасан, сонирхолтой, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж бодож байна.

-Зөвлөлдөх санал асуулга явуулах хүрээ нь ямар байх вэ гэдэг нь анхаарал татаж байна л даа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн чанартай асуудлын шийдлийг зөвлөлдөх санал асуулгаар гаргаж болох ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх мэт үндэсний хэмжээний, тогтолцооны шинж чанартай зүйлд үүнийг хэрэглэх нь тохиромжгүй гэх шүүмжлэл бий.

Ер нь манайх шиг Үндсэн хуультай холбоотой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулсан орон байна уу?

-Яг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхээсээ илүү улс орны өмнө тулгамдсан томоохон асуудлуудаа зөвлөлдөх санал асуулга явуулан шийдсэн жишээ бий. Саяхан Өмнөд Солонгост дутуу барьсан цөмийн реакторыг гүйцээх, эсэхийг үүгээр шийдсэн. Засгийн газрын хувьд цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзах бодлого барьж байсан ч санал асуулгаар реакторуудаа үргэлжлүүлэн барьж дуусгах шийдэлд хүрээд байна.

Японд Фүкүшимагийн сүйрлийн дараа эрчим хүчний ямар бодлого баримтлах вэ гэдэг сорилт тулгарсан. Үүний хүрээнд санал асуулга явуулан, үр дүнд нь суурилсан бодлого хэрэгжүүлж эхэллээ. Данид Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан.

Харин Монголд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд Үндсэн хууль болон орон нутгийн төсөвтэй холбоотой шийдвэр гаргахдаа заавал зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой гэж зааж өгсөн нь сонирхолтой.

-Аливаа шинэ зүйлийг шүүмжлэл байнга дагадаг. Монголчууд зөвлөлдөх санал асуулгыг сайн, муугаар дүгнэж байгаатай адил үйл явц үүнийг хэрэглэж, туршсан улс орнуудад ч өрнөсөн болов уу гэж бодож байна. Гэхдээ та манайхаас арай өөр зүйл анзаарсан юм биш биз?

-Анх 1988 онд зөвлөлдөх санал асуулгын санааг гаргахад галзуу, үл бүтэх зүйл мэтээр хандан, хүлээж авахгүй байсан. Ард нийтийн санал асуулгад оролцогчид бэлтгэлгүй байдаг учраас олон нийтийн санаа бодлыг төлөөлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, шууд л “Үүнийг дэмжих үү” гээд асуухаар “Дэмжинэ”, эсвэл “Дэмжихгүй” гээд, сайн бодолгүйгээр хариулчихдаг. Ард нийтийн санал асуулгын дутагдалтай талыг брекситийн жишээнээс мөн харж болно.

Британичууд Европын Холбооноос гарах, эсэхээ үүгээр шийдсэн. Хүмүүс бэлтгэлгүй, мэдээлэлгүй байсан учраас улстөрчдийн золиос болж, кампанит ажилд нь хууртсан. Жишээ нь, яг санал асуулгын үеэр хоёр давхар, улаан автобусан дээр нь “Европын Холбоонд бид долоо хоног бүр 350 сая фунт стерлинг төлж байна. Тэрийгээ үндэсний эрүүл мэндийн системдээ зарцуулъя” хэмээн Европын Холбооноос гарахын төлөө санал асуулга өгөх үеэр уриалж байсан.

Гэтэл Британи долоо хоног бүр 350 саяыг өгдөг нь үнэн ч тэр мөнгөө буцаагаад янз бүрийн үйлчилгээгээр авчихдаг байсан юм. Одоо Европын Холбооноос гарчихсан хойно тэдэнд зарцуулаад байх илүүдэл мөнгө байхгүй болчихсон.

Зөвлөлдөх санал асуулгыг явуулахдаа холбогдох мэдээллийг хангалттай өгч, сайн хэлэлцүүлэн, эргэлзээ байвал мэргэжилтнүүдээс асууж, тодруулах боломж олгодог. Дараа нь хүмүүс саналаа өгдөг. Ингэснээр санал асуулга олон нийтийн төлөөллийг жинхэнэ утгаараа хангаж байгаа юм.

Хүмүүс тухайн асуудлаа тунгаан, нарийвчилж, бодож, зөвлөлдөн, маргалдаж, мэтгэлцсэний дараа саналаа өгч байна шүү дээ. Үүнийг 28 оронд туршиж, 109 удаа санал асуулга зохион байгуулжээ. Хятадад дөрвөн удаа хийгээд байна. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан орон нэмэгдэхийн хэрээр үүнийг сайнаар харж, дэмжих хандлага газар авч байна гэсэн үг.

Муссолини, Наполеон гэх мэт дарангуйлагч ард нийтийн санал асуулга ашиглаж байсан. Нөгөө талаас бүх иргэн заавал оролцох үүрэг хүлээдэггүй. Харин зөвлөлдөх санал асуулгад шинжлэх ухааны аргаар төлөөллийг хангадаг. Тиймээс төлөөлөх чадвар нь илүү. Ухамсар, мэдээлэлд суурилсан ардчилал хэрэгтэй юү, эсвэл? Эндээс зөвлөлдөх санал асуулгыг хэрэглэх сонголт л үлдээд байна.

Ард нийтийн санал асуулга ардчиллыг сайжруулах алхам байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тодорхой цаг үед хэрэглэсэн. Одоо хоцрогдож байна. Зөвлөлдөх санал асуулга ч ардчиллын чанарыг сайжруулах реформын шинжтэй зүйл юм.

-Тэгвэл зөвлөлдөх санал асуулгад оролцохоор түүврийн аргаар сонгогдсон хүмүүс бусдын нөлөөнд автахгүй байх хөшүүрэг нь юу юм бэ?

-Зөвлөлдөх санал асуулгыг технологийн дагуу л явуулах хэрэгтэй. Мэдээж түүврээ зөв сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт, модераторуудыг жигд оролцоход бэлтгэсэн байх ёстой. Гуравдугаарт, тэд мэдээллээ тэнцвэртэй, тухайн асуудлынхаа эерэг болон сөрөг талыг ижил тусгасан байдлаар өгөх үүрэгтэй юм.

Аль нэг талыг баримталсан, туйлширсан бус, хэлэлцэж буй асуудлыг нь дэмждэг, бас эсэргүүцдэг хүмүүсийн байр суурь, оролцоог тэгш хангах нь чухал.

-Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулбал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Үүнийг баталсан парламент, санал асуулгад оролцсон, эсвэл үүнийг зохион байгуулсан хүмүүс хүлээх юм уу?

-Ямар ч шийдвэр гаргасан бай, сүүлд нь шүүмжилж болно. Иргэдээ нэгэнт оролцуулсан хойно тэдэнд итгэх нь чухал. Тэднийг, иргэдийг оролцуулж гаргасан шийдвэр ихэнх тохиолдолд боломжит хэмжээнд, зөв байх хандлагатай. Хүмүүс тэнцвэртэй мэдээлэл авч, мэтгэлцэж байж гаргасан шийдвэр учраас илүү үр дүнтэй байх учиртай.

Тэднийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон учраас янз бүрийн бүлэглэлийн ашиг сонирхолд автаагүй байдаг. Санамсаргүй түүврээ зөв хийх, санал асуулга явуулах үйл явцаа шинжлэх ухаанчаар дагаж, хэрэгжүүлэх нь л чухал гэдгийг дахин тэмдэглэе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)