Ж.ТЭГШЖАРГАЛ: “The New York times”-ын өндөр зэрэгт бүтээлүүдээ нийцүүлэхийн тулд бид их хичээж байгаа

“Анлимитэд медиа групп”-ийн гүйцэтгэх захирал, БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргалтай ярилцлаа. Тус компани дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг “The New York times”-ын хамтрагч болж, контентуудыг нь монголчуудад хүргэж эхэлсэн билээ. “Гэрэг” сэтгүүлийн “The New York times”-тай хамтарсан шинэ дугаар “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” өнгөрсөн сарын сүүлчээс уншигчдын хүртээл болсон. Танил бус өнцөг, сонирхолтой шийдэл, дизайныг шингээсэн энэхүү сэтгүүл бидэнд Улаанбаатар хотоо цоо шинээр харах боломж олгосон юм.

-“Гэрэг” сэтгүүл, Ub.life сайтыг эрхлэн гаргагч “Анлимитэд медиа групп” дэлхийн алдарт хэвлэл “The New York times”-тай хамтран ажиллаад хагас жил өнгөрчээ. Та бүхэн хамтын ажиллагаагаа хэрхэн эхлүүлж байв?

-Одоогоос таван жилийн өмнө Барууны сэтгүүл зүйн стандарт, хэв маягийг бий болгох чин хүсэлтэйгээр “Гэрэг” сэтгүүл анхны дугаараа уншигчдадаа хүргэсэн. Энэ ойн дээрээ бид “The New York times”-тай хамтын ажиллагаа эхлүүлж чадсандаа маш их баяртай байгаа. Бидний хувьд хүсэл, мөрөөдөл төдий байсан зүйл ажил хэрэг болж, “The New York times”-ын албан ёсны агуулгыг нийтлэх болсон нь Барууны жишигт хүрэх гэсэн зорилгоосоо гажиж няцаагүйг илтгэх байх. Бид сүүлийн хоёр жилд Азийн медиа болон сэтгүүл зүйн форумуудад оролцож, олон улсын хэвлэлүүдтэй холбоо тогтоох гэж олон удаа оролдсон. Ингэхдээ цөөнгүй хэвлэл мэдээллийн байгууллагатай уулзаж ярилцсанаас “The New York times”-тай тогтоосон холбоо өдгөө амжилттай боллоо. Манай Ub.life сайт “The New York times”-ын нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж, өнгөрсөн зургадугаар сард бид “Women today” тусгай дугаараа гаргасан. Зөвхөн мэдээ, нийтлэлээр хязгаарлагдахгүй “NYT licen sing group”-ийн фото, бичвэр, инфографик, видеог өөрсдийн бүх сувгаар түгээх өргөн хүрээтэй ажиллаж байна.

-Энэ дугаарыг, монгол бүсгүйчүүдийг “The New York times” хэрхэн үнэлж, дүгнэсэн бэ. Нээлтийн үеэр “The New York times”-ын бүсийн менежер болон Пулитцерийн шагналт сэтгүүлч Эмили Стийл хүрэлцэн ирснийг онцлууштай.

-“Women today” бол олон улсын цуврал төсөл бөгөөд дэлхий даяар эмэгтэйчүүд ямар асуудлуудтай нүүр тулж, хэрхэн даван туулж, бас тэмцэж байгааг харуулдаг. Үр хөндөлтийг хууль ёсны болгохоор шулуудсан ирландчуудын тэмцэл, Японд эмэгтэйчүүдийг эдийн засгийн харилцаанд үл оролцуулснаар гарч буй үр дагавар гэхчлэн сэдвийг “The New York times” онцолсон бол бид яг энэ жишгээр утааны эсрэг тэмцэж буй Ц.Пүрэвхүү, “Жорлонгоо өөрчилье” аяныг өрнүүлж байгаа Ц.Оюунгэрэл зэрэг Монголд тулгамддаг асуудалд шийдэл хайж, тэмцэж буй дүрүүдийг сонгосон. Нийтлэлийн агуулга, сэдвийн сонголт, найруулгыг хүртэл “The New York times”-ын стандартын дагуу бэлтгэсэн. Хавтасны зураг, дизайнаас эхлээд дотоодын агуулга, контентуудаа тэднээр мөн хянуулж, зөвшөөрөл авч ажилласан. Энэ дугаарыг тэд сайн болсон гэж үнэлж, бүр “Me too” хөдөлгөөнийг эхлүүлсэн, Пулитцерийн шагналт “The New York times”-ын сэтгүүлч Эмили Стийл, Ази, Номхон далайн бүсийг хариуцсан төлөөлөгч Жошуа Пеллэр хүрэлцэн ирж, сэтгүүлийн нээлтэд оролцсон нь онцлох үйл явдал болсон.

-“The New York times”-тай хамтран гаргасан удаах дугаартаа Улаанбаатар хотыг онцолжээ. Эл сэдвийг сонгосон шалтгаан юу вэ?

-Зөвхөн Улаанбаатар гэхгүй “хот” гэдэг юу юм бэ, өнөө цагт дэлхийн хотуудад ямар асуудлууд нэмэгдсэн бэ гэдгийг гаргахыг зорьсон. Бид Улаанбаатар хотоо өөрөөр харж, тулгамдаж буй асуудлуудад шийдэл хайхыг хүссэн. Хотын тухай ярихдаа зөвхөн утаа, түгжрэлийг онцолж, асуудал болгохоос зайлсхийж, шинэ сэдвүүдэд уншигчдын анхаарлыг татахыг хичээсэн. Энэ дугаараа бэлдэж дуусаад бид хотдоо улам бүр хайртай болсон. Уншигчид маань ч гэсэн ижил бодолтой үлдсэн байгаасай гэж найдаж байгаа.

-“Шинэ” Улаанбаатарыг бүтээхэд хэр хугацаа зарцуулав. Оршил хэсгийг та бичсэн юм билээ. “Улаанбаатар маань амьд” гэж. Нийслэлийг чагнахад ямар бодол төрсөн бэ?

-Энэ дугаараа бид сар гаруйн хугацаанд бэлдсэн. Ингэхдээ хот, бүс нутгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Б.Дөлгөөн, Б.Энхжин (“Эсгий хот” подкастаар танил болсон) “Sustainable Mongol” тогтвортой хөгжлийн подкастын эрхлэгч Н.Энхзул нараас зөвлөгөө авсан. Энэ нь бидэнд шинэ жишиг болж, асуудлыг илүү нарийн, мэргэжлийн түвшинд хөндөхөд их тусалсан. Өмнө нь дурдсан шиг бид хотдоо бүр илүү хайртай болж, итгэл төрсөн. Манай хот харьцангуй залуу юм билээ. Мөн бусад хотын адил дахин давтагдашгүй хэв шинжтэй, чухам түүнээсээ болоод сайн нь ч, саар нь ч зөвхөн Улаанбаатарынх гэсэн онцгой чанартайг гаргахыг зорьсон.

-“The New York times”-ынхан “Гэрэг” сэтгүүлийн хамт олны ур чадварыг үнэлж, 2021 дугаартаа хамтран ажиллах санал тавьсан гэсэн, тийм үү?

-Бид сүүлийн дугаарынхаа нийтлэлийн агуулгаас гадна загвар дизайн дээр их анхаарсан. Хавтасны зураг болон эдиториалыг гаргахдаа цаг хугацаа, бодол сэтгэлгээ их шингээсэн. Манай арт директор З.Энхмөнх, дизайнер Х.Сүрэн зураг, коллаж, хатгамал нийлсэн эдиториалыг “The New York times”-ын зүгээс дэлхийн жишгийнх гэж үнэлсэн юм л даа. Мөн ирэх жилийн “Turning points” тусгай дугаартаа манай уран бүтээлч хамт олонтой, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Бид бөөн баяр болсон шүү.

-Дараагийн дугаартаа ямар сэдвийг онцолж, хэзээ гаргахаар төлөвлөж байна вэ?

-“The New York times”-ынхан тухайн оныхоо онцлох үйл явдлуудыг багтаасан “Turning point” сэтгүүлээ оны эцэст гаргадаг. Жил бүр тухайн оны үйл явдлуудыг дүгнэх, ирэх жилийн өнгө, төлвийг тодорхойлдог энэ дугаар дэлхий дахинаа 30 шахам улсад, 10 гаруй хэлээр хэвлэгддэг. Энэ жилийн хувьд Жэк Ма, Даррэн Аронофски зэрэг салбар бүрийн тэргүүлэгчдийн нийтлэл багтаж байгаа юм билээ. Бид албан ёсны эрхийг нь аваад, ирэх сарын эхэнд гаргахаар ажиллаж байна.

-Цаашид “The New York times”-тай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ?

-Тэднээс юу сурч болох, хамтраад ямар контентууд бүтээх вэ гэсэн бүх л аргыг туршиж үзнэ дээ. Өнгөрсөн хугацаанд хавтасны загвараа батлуулахаас эхлээд тэдний шалгуурт нийцсэн бүтээл гаргаж, үнэлэгдсэн нь бидний хувьд ур чадварын маш том ахиц болов уу. Цаашид бодсон, мөрөөдсөн зүйл олон бий.

-“Анлимитэд медиа групп” нь “Гэрэг” болон “Гэрэг фэйшн” сэтгүүл, Ub.life сайтыг эрхлэн гаргадаг. Эдгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн онцлог, зорилго чиглэл нь юугаараа ялгардаг бол?

-Ub.life-ын хувьд бид милленниал, Z үеийнхэнд зориулж мэдээ, контент бэлтгэдэг. Уншигчдынхаа найз нөхөр шиг нь байхыг хичээдэг. Харин “Гэрэг” сэтгүүлд илүү тулхтай уншигчдыг татдаг. “Гэрэг фэйшн” сэтгүүлийг хувцас загвар, соёл, урлагийн сэдвүүдэд тулгуурлан бэлтгэн гаргадаг. Энэ сувгуудаа бид өөр өөрийн гэсэн онцлогтой гэж хардаг, тийм байлгахыг ч хичээдэг. Тэр ч үүднээс уншигчид маань ч хоорондоо ялгаатай. Уншигч бидний контентын нэг хэсэг болж, хамтдаа контент бүтээн, мэдэхийг, илүү дэлгэрэнгүй ойлгохыг хүсэж байгаагаа илэрхийлдэг зэрэг халуун дулаан уур амьсгал бүрдсэн нь хамгийн том амжилт.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)