Ж.НУРЛАН: Хичээх сэтгэл байвал төмөр өргөөд ч амжилт гаргана

Бодибилдинг, фитнесийн ДАШТ 2014 онд Энэтхэгийн Мумбай хотод зохион байгуулахад Ж.Нурлан эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 85 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, мистер 40-49 насныхны ангиллын +80 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон баяртай мэдээ монголчуудын магнайг тэнийлгэж байв. 1991 оноос эхлэн энэ спортоор хичээллэсэн тэрбээр 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ий үнэмлэхүй аварга, Монголын мистер, 2013-2014 онд ААШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн амжилттай. Монголын бодибилдинг, фитнесийн тамирчдаас дэлхийн аваргын цомыг гардаж, Гавьяат цол хүртсэн анхны тамирчин түүнийг зочноор урьж, ярилцлаа.

-Таныг өмнө нь Баян-Өлгий аймагт өсөж, ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн гэж боддог байв. Гэтэл Улаанбаатар хотоор овоглодог унаган иргэдийн нэг болохыг саяхнаас л мэдлээ.

-Хүмүүс миний нэрийг анх сонсчихоод Баян-Өлгий аймгаас төрсөн тамирчин гэж боддог гэсэн. Би Улаанбаатарын унаган иргэн, есөн хүүхэдтэй айлын отгон хүү. Гэрийнхнээсээ ганцаараа спортод хөл тавьж, тамирчин болсон. Баянзүрх дүүргийн Амгалангийн 27 дугаар сургуульд үе тэнгийнхээ хүүхдүүдтэй суралцаж, барилгын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Бодибилдингээр хичээллэсэн цагаасаа мэргэжлийнхээ ажлыг хойш тавьж, амьдрал, үйл хэргээ спортын төлөө харамгүй зориулж яваа.

-Та 17 настайгаасаа эхэлж бодибилдингээр хичээллэсэн гэдэг. Энэ спортод тэмүүлж, соронз шиг татагдаж байснаа дурсаж яриач.

-Тэр үед би жаахан хүүхэд байсан. Эрүүл чийрэг бие, гоё булчинтай болъё гэж бодибилдингээр хичээллэсэн. Бэлтгэл хийх тусам энэ спортоос салж чадахгүй гэдгээ нэг л өдөр ойлгож, мэдэрсэн юм. Бодибилдингийн спорт гайхамшигтай, сэтгэл нэг л татагдвал хэзээ ч холддоггүй. Намайг хүүхэд байхад нэг хуурай ах минь бодибилдинг, фитнесийн спортын ном, сэтгүүл цуглуулдаг байв. Хэсэг залуустай Амгалангийн төв засварын газрын уурын зуухыг тохижуулан бэлтгэлийн заалтай болж, бодибилдингийн спортод хөл тавьж байлаа. Хичээх сэтгэл байвал төмөр өргөөд ч амжилт гаргана.

-Хүсэл мөрөөдлөө хэдэн жилийн дараа биелүүлэв?

-24 жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүлж, дэлхийн аварга болсон. Миний хувьд энэ спортод өөрийгөө зориулсан цаг хугацаа, он жил бага биш. Аливаа хүнийг тууштай чанар, тэвчээртэй зан амжилтад хүргэдэг. Анх тамирчин болох гээд хичээллэж байхдаа шантармаар зүйлтэй алхам тутамд тулгарсан. Заримдаа ч өөрийгөө ингэж зовоохын хэрэг юу байна гэж бодно. Өнөөдөр шантарсан ч маргааш нь инээд алдаад л бэлтгэлээ хийхээр ирдэг байлаа. Би тэр үед хэцүү санагдсан саад бэрхшээлийг сэтгэлийн хат тэвчээрээр даван туулсан. Спорт намайг хатуужил тэвчээртэй болгож, амьдралд чин шударгаар тэмцэлдэх чадварыг суулгасан. Бидний үеийн тамирчид сонин, сэтгүүлээс гадаадын тамирчдын зураг харж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар багахан мэдээлэл авч, бэлтгэл сургуулилалт хийдэг байв. Одоо нийгэм хөгжиж, энэ спортоор хичээллэдэг залуус жилээс жилд нэмэгдлээ. Тэд хэрэгтэй бүх мэдээллээ сошиал ертөнцөөс хайгаад олж байна. Өөрийг нь дэмжих байгууллага, клуб хүртэл бий болчихлоо. Тамирчин хүн амжилт гаргах гэж зүтгэдэг. Тиймээс тууштай хичээх хэрэгтэй. Бодибилдингийн тамирчид нойр, хоолны дэглэм нарийн чанд баримталдаг. Дуртай амттанаа шүүрээд идчихэж болдоггүй тул бие, сэтгэлийн хат их шаардана. Дуртай бүхнээсээ татгалзаж, тэвчинэ гэдэг эхэн үедээ үнэхээр хүнд санагддаг л юм.

ЗОРИЛГОДОО ХҮРСЭН БОЛОХООР ШАВЬ НАРАА БЭЛДЭЖ БАЙГАА

-Дэлхийн аварга болсноос чинь хойш хүүхдээ таны шавь болгохоор олон хүн санал тавьсан гэж сонссон. Үнэн үү?

-Хүмүүсээс санал одоо ч ирдэг. Дэлхийн аварга болсны дараахан тамирчин байсан тул бэлтгэлийн цагийг өөртөө зориулж шавь бэлтгэн, хүнд зааж зөвлөх боломж тэр бүр гардаггүй байв. Зорьсон зорилгодоо одоо хүрсэн болохоор шавь нараа бэлдэж байгаа.

-Өнгөрсөн жил БНСУ-ын Чэжүд болсон бодибилдинг фитнесийн 11 дэх удаагийн ДАШТ-д Б.Хүсэлтүвшин түрүүлж, дэлхийн аварга болсон. Өмнө нь таныг Энэтхэгийн Мумбайд аварга болоход тэрбээр мөнгөн медаль хүртсэнийг санаж байна. Б.Хүсэлтүвшин шавь тань байх аа?

-Би хэдэн шавь энэ спортод бэлдсэн. 2007 онд Монголын мистер болсон Д.Ууганбаяр миний шавь. Түүнийг өөрөө дагуулж ирээд, бэлтгэл сургуулилалт хийлгэж, тэмцээнд оролцуулдаг байлаа. Тэр жил Б.Хүсэлтүвшинг бэлтгэл хийлгэн, ДАШТ-д өрсөлдүүлэхэд мөнгөн медаль хүртэж, би дэлхийн аварга болж байв. Бид эх орондоо амжилт арвинтай ирж ард түмнээ баярлуулсан. Өнгөрсөн жилийн ДАШТ-д түүнийг түрүүлж, дэлхийн аварга болоход нь сэтгэл догдолж огшсон. Тамирчин хүнд ийм амжилт ховор тохиодог. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй зүтгэсэн түүний хичээл зүтгэл, хөдөлмөрөөр маш их бахархсан. Шавиа богино хугацаанд амжилт гаргаж яваад баярладаг. Тэрбээр сайхан амжилт гаргаж магнайг минь тэнийлгэсэн. Энэ спортод Монголоос түүн шиг олон сайн тамирчин төрөөсэй гэж боддог.

-Энэтхэгийн Мумбайд болсон бодибилдинг, фитнесийн ДАШТ-д түрүүлж аварга болсон баярт агшин руу буцъя. Тэр таны монголчуудад барьсан гайхалтай, сайхан амжилт байсан. Энэтхэг улс өөрт тань их ээлтэй орон шиг санагддаг уу?

-Тийм ээ, Энэхтэг улс надад ээлтэй санагддаг. Тэндээс би алт, хүрэл медальтай эх орондоо ирж байлаа. Бодибилдингийн спортод Монгол гэж алтан үсгээр бичүүлсэн түүх минь тэнд үлдсэн. Тэр жил тус улсад болсон тэмцээнд би хоёр дахь удаагаа оролцсон юм. Өмнө нь 2012 онд өрсөлдсөн минь амжилт гаргах эхлэл байв. Тэр тэмцээнээс ДАШТ-д ямар хэмжээний тамирчид өрсөлддөг юм бэ гэдгийг сайн ойлгосон. Дэлхийн аварга цол хүртэнэ гэдэг амаргүй. Олон жилийн хөдөлмөр, өөрийгөө зориулж тууштай хөдөлмөрлөсөн цаг хугацаа, туршлага их нөлөөлдөг. Аварга болж олон орны тамирчдын анхааралд өртсөн. Тэр ч хэрээрээ өрсөлдөгчидтэй боллоо. Тэгэхээр хойших тэмцээнүүдэд амжилтгүй оролцох эрхгүй. Надад дэлхийн аваргын тэмцээнээс хүртсэн шагнал маань урам зориг, эрч хүч хайрласан. Монголын тамирчдаас бодибилдингийн төрөлд дэлхийн аварга болсон нь одоогоор би байна.

-Бодибилдингийн спортоор Азийн олон орны тамирчид хичээллэдэг. Тэд тэр үед Монголын тамирчныг дэлхийн аварга болчихно чинээ санаагүй байх л даа.

-Азийн орнуудад бодибилдингийн спорт өндөр хөгжсөн. Тэр дундаа Зүүн Өмнөд Ази, Арабын тамирчид хүчирхэг. Азидаа бус дэлхийд өрсөлддөг. ДАШТ-ий эхний гурван жинд Азийн орны тамирчид шагналын тавцанд байнга зогсдог юм. Сүүлийн үед Монголын тамирчид тэднээс дутахгүй өрсөлддөг боллоо. Тамирчдын минь ур чадвар, бэлтгэл сургуулилалт, туршлага жилээс жилд сайжирч байна. Манай тамирчид олон тэмцээнээс дэлхийн аваргын цом эх орондоо авчирч, ард түмнээ баярлуулах биз ээ.

ШАГНАЛЫН ТАВЦАНД МОНГОЛ ГЭЖ ЗАРЛАХАД ГАДААДЫН ТАМИРЧИД ИХ ГАЙХСАН

-Дэлхийн аварга цол хүртэх тамирчны нэрийг эх оронтой нь дуудна гэдэг сэтгэл догдлуулсан хамгийн сайхан агшин. Шагналын тавцан дээр Монгол гээд дуудах мөчид таны сэтгэл ямар их огшсон бол оо?

-Тэр баярт мөчийг үгээр илэрхийлэхэд ч багадна. Бодибилдингийн ДАШТ-д 50 гаруй орны шилдэг тамирчин өрсөлдсөн. Тэдний дунд 10 удаа түрүүлж домог болсон тамирчин ч байв. Тэмцээний сүүлчийн шалгаруулалтад Бразил, Энэтхэг, Иран, Украин, Монгол орны таван тамирчин үлдлээ. Тэд Монголын тамирчныг ДАШТ-д оролцохоор бэлдсэн гэж огт бодоогүй байх. Шагналын тавцанд Монгол гэж зарлахад гадаадын тамирчид их гайхсаныг санаж байна. Тэр үед Төрийн дууллаа сонсоод сэтгэл өөрийн эрхгүй огшиж, баярын нулимс унагаж билээ. Миний жинд хамгийн хүчтэй нь Бразилын тамирчин байв. Тэрбээр насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд өрсөлддөг. Түүнийг анх хараад “За даа, би түүнийг ч барахгүй биз дээ” гэж бодож байсан. Гэхдээ тэрбээр надаас булчингийн ялгаралт багатайг тэмцээний явцад ажигласан юм.

-Таныг гэр бүлийнхэн тань хэр ойлгож, дэмждэг вэ?

-Тамирчин хүний ар талыг гэр бүл нь хариуцна гэдэг маш том үүрэг. Гэр бүл минь дэмждэг болохоор спортод цаг зав гаргаж байна. Амжилтын төлөө зүтгэж явахад ар гэрийн бүх ажлыг эхнэр минь л миний оролцоогүйгээр зохицуулдаг. Ханийг минь Б.Ундрах гэдэг, эдийн засагч мэргэжилтэй. Манайх хоёр хүүтэй. Хэрвээ бодибилдингээр сонирхож хичээллэвэл нэг их хорихгүй. Бид хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, хөгжүүлнэ гэж боддог.

-Та бодибилдингийн тамирчдаас ахмад нь биз?

-Тийм ээ. Ахмад тамирчдын нэг болж байна. Энэ ташрамд, бодибилдингийн спортоор хичээллэдэг тамирчдад “Аливаа зүйлд өөдрөг бодлоор хандаж, ямар ч үед өөртөө итгэлтэй байгаарай. Энэ спортын төлөө тууштай зүтгэж, хүсэл зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөвөл амжилт гаргах боломж та бүхэнд ойрхон байгаа шүү” гэж хэлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)