Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр Засгийн газрыг огцрох, УИХ-ыг тарах нь зүйтэй гэсэн асуудлыг хөндсөн. Миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх н.Зөнбилэг чуулганы хуралдаан дээр миний хэлсэн үгийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагад тараасан. Энэ ажлыг хийж яваад баасан гарагийн орой 23.00-24.00 цагийн үед гэр рүүгээ орж явахад нь араас нь хүн боож унагаасан. Ингэж байтал урдаас нь дахин нэг хүн гарч ирээд төмрөөр толгой руу нь хэд хэдэн удаа цохиж, зулай болон нүүрэнд гь хүнд гэмтэл учруулсан. Энэ асуудлыг би өчигдөр өдөр мэдээд, БГД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, ШШҮХ-нд шинжилгээ өгсөн. Мөн өчигдөр 15.00 цагийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид утасдаж хэлсэн. 

Үүнийг би албан тушаал, эрх мэдлийн төлөөх ажиллагаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулахгүй байх ёстой, хэрэв ийм үйлдэл гаргавал "хохь чинь шүү" гэсэн надад болон миний гэр бүлд өгч байгаа сануулга, заналхийлэл гэж харж байгаа. Хэрэв эд хөрөнгийн шуналаас болсон байсан бол боож унагаад эд зүйлийг нь хулгайлж, дээрэмдэх байсан байх. Гэтэл боож унагаад төмрөөр цохисон байна.

Намайг өөрийнхөө зөвлөхийн толгойг хагалаад, улс төр хийж байна гэж хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дайрч байна. Өнгөрсөн жил Засгийн газрыг огцруулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө өөрийгөө тагнуулдсан гэж ярьж байсан шиг намайг мөн жүжиг тоглож байна гэж ярьж байна. Би аливаа нэгэн улс төрийн зарчмын байр суурь болон өөрийн үзэл бодлыг хэнээс ч айж эмээлгүй нүд рүү нь харж байгаад үнэнээр нь хэлж чаддаг хүн. Тиймээс ийм зүйлийг зохион байгуулах, зөвлөхийнхөө толгойг хагалаад сууж байх ёс суртахуунтай хүн биш. 

Өнөөдөр би УИХ-ын даргад хандаж, УИХ-ыг тараах тогтоолын төслийг албан бичиг дээрээ бичээд өөрөө гарын үсэг зурж, эхлүүлж байна. Үүнийг хэд хэдэн гишүүн дэмжихээ илэрхийлж, гарын үсэг зурна гэсэн. 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2-оос доошгүй нь үзсэн тохиолдолд өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “УИХ-ын нийт гишүүний 3/2-оос доошгүй нь УИХ бүрэн эрхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзэж хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг хэлэлцэж ёсоор болгосноор хугацаанаас өмнө тарна” хэмээн заасны дагуу тогтоолын төсөл санаачлан, гарын үсэг цуглуулж байна.

ЖДҮХС-тай холбогдсон сайд нартаа хариуцлага тооцооч гэж би Ерөнхий сайдад удаа дараа хэлж байсан. Мөн авилга болон бусад ёс зүйн алдаа гаргасан Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцооч гэж удаа дараа шаардаж байсан. Тэр ч байтугай Засгийн газрын бүтцэд байдаг төрийн бусад байгууллагын албан тушаалтнууд зээлийн асуудалд холбогдоод байсан ч хариуцлага тооцохгүй өнөөдрийг хүрч байна. Ийм байхад УИХ яагаад өөрийн байгуулсан субьекттэйгээ хариуцлага тооцож чадахгүй байгаа юм бэ? Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ-ыг чадамжгүй гэж үзэж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)