Ж.Мөнхбат: Албан тушаалын ямар ч наймаа хийгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

Ж.Мөнхбат гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдсан зүйлүүдийн талаар нэр бүхий гишүүд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан зарим залруулга мэдээллийг өгөх нь зүйтэй гэж бодлоо. Өнгөрөгч баасан гарагийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын даргаас уучлалт хүссэн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын яриа, пүрэв гарагт болсон жагсаалын үеэр Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар тус бүр 200 хүн цуглуулж цуст мөргөлдөөн хийх гэж байна гэсэн мэдээлэл нь худлаа байсан талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Тиймээс та бүхэнд бодит үнэнийг хүргэе.

Баасан гарагийн орой Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар зарлагдсан. Есөн гишүүний ирцтэй байсан учир намайг орж ирж суугаач хэмээн Лүндээжанцан дарга утасдаж хэлсэн. Үүний дагуу намайг ороход ирцийг нь бүрдүүлээд УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэж батлая, энэ тухай УИХ-ын даргатай ярилцаач гэж Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд санал тавьсан. Энэ тухай М.Энхболд даргатай ярилцахад тэрбээр "Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийг батлах хэрэгтэй. Миний зүгээс төрийн ажлыг гацааж, зогсоосон зүйл байхгүй. Ялангуяа жагсаал цуглаан зохион байгуулагчид үүнийг хүсэж байгаа бол шийдээд явъя. Хэрэв хууль батлагдвал хуулийн дагуу би суудлаасаа огцроход асуудал алга" гэж хэлсэн. Ингээд байнгын хорооны ирц бүрдэж, уг асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны протоколоос үзвэл пүрэв, баасан гарагийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхний жагсаалтад оруулж ирснийг харж болох байх. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөж, алх цохисны дараа Ж.Батзандан гишүүн "Надад хэлэх үг байна" хэмээгээд микрофон өгөхийг хүсээд, баярлаж талархсанаа хэлсэн. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ гишүүн мөн микрофон аваад их хурлын даргын өрөөнд болсон зүйлсийн талаар уучлалт хүссэн мэдэгдэл хийсэн. Мөн Л.Болд гишүүн Н.Номтойбаяр бид хоёрыг цуст мөргөлдөөнд турхирсан гэх асуудал худал мэдээлэл гэдгийг хэлээд уучлалт хүсэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Ийм л зүйл болсон. Харамсалтай нь, Ж.Батзандан нарын зарим гишүүд хэвлэлийнхэнд яриа өгөхдөө "М.Энхболд, Ж.Мөнхбат хоёр түнтийчихээд хуралд орж ирчихээд уучлалт гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй гэж сүрдүүлсэн. Тиймээс аргагүйн эрхэнд уучлалт гуйсан" гэж ярьж байна лээ. Энэ бол огт үндэслэлгүй худал мэдээлэл юм. Бүх үйл явц хурлын протоколд бичигдэж үлдсэн байгаа. Бас Лүндээжанцан дарга бүх үнэнийг мэдэж байгаа. 

Дээрээс нь, алба тушаалын наймаа тохироо явагдаж байгаа, Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгоно хэмээн тохирсон гэж хэлсэн. Ямар ч албан тушаалын тохироо хийгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)