Ж.Мишээл: Тоглосон кино болгондоо Монголын тухай зүйл заавал оруулахыг хичээдэг


Польш улсад өсөж, өдгөө тус улсад жүжигчнээр ажиллаж буй Ж.Мишээлийг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр нутагтаа түр хугацаагаар ирээд буй бөгөөд Монголын үндэсний кино хорооны төсөл хариуцсан захирлаар ажиллаж буй юм.

-Анх хэрхэн Польшийг зорьсон юм бэ?

-Ээж минь эмч хүн. 1991 онд Польш руу гурван жилийн хугацаагаар эмч солилцоогоор явсан юм. Ингээд манайх гэр бүлээрээ нүүсэн. Гурван жилийн дараа ээж минь тэндээ үлдэхээр болж, бид ч дагасан. Өнөөдрийг хүртэл гээд бодохоор 27 жил тус улсад амьдарчээ. 

Хэдийгээр Польшид хүмүүжиж, мэргэжил эзэмшсэн ч зун бүр нутагтаа ирж амардаг байлаа. Хүүхдүүдээ монгол ахуйгаас нь холдуулахгүй гэсэн аав ээжийн минь санаа байж. Хоёр нутагтай хүн гэж боддог юм, өөрийгөө.

-1999-2007 оны хооронд Польшийн “Өргөмөл гэр бүл” телевизийн олон ангит киноны гол дүрд тоглосон юм билээ. Хэрхэн эл уран бүтээлд тоглох завшаан олдсон бол?

-Намайг есөн настай байхад аав, ээжийн минь польш найз “7-10 насны хүүхдүүдийг кинонд тоглуулахаар шалгаж байна. Охиноо оруулахгүй юм уу” гэж асуусан юм билээ. Ингээд шалгуулан, 2500 хүүхдээс гол дүрд шалгарч, тоглосон.

-Эл кино Польшид хэр алдартай вэ?

-Инээдмийн кино л доо. Хоёр хүүхэдтэй польш айл гурван хүүхэд өргөж авснаар өвөрмөц гэр бүл болдог. Тэдэнд тохиолдож буй хөгжилтэй түүхүүдийг өгүүлдэг юм. Киноны эхний гурван ангийг үзэгчдэд хүргэхэд хүмүүс маш дуртай хүлээж авсан. Ингээд 52 анги хийхээр төлөвлөснөө өөрчилж, маш удаан хугацаанд үргэлжлүүлэхээр болсон юм билээ. 

Би энэ кинонд 10- аад жил буюу нийт 460 гаруй ангид нь Польшийн мундаг жүжигчидтэй тоглосон. Сар бүрийн 14 хоногийг зураг авхуулж, кино студид өнгөрүүлдэг байлаа. Кинонд нэг гэр бүл болж хамтран тоглосон жүжигчидтэйгээ одоо ч дотно холбоотой байдаг. Олонх польшууд намайг хараад танина. Хүмүүс намайг “Бидний нүдэн дээр өссөн охин” гэлцдэг юм.

-Та камерын өмнө өссөн атлаа жүжигчнээр суралгүй, эмчийн мэргэжил эзэмшсэн гэл үү. Яагаад?

-Багаасаа л ээж шигээ эмч болно гэж мөрөөддөг байлаа. Сонин, телевизэд ярилцлага өгөхдөө ч энэ мөрөөдлийнхөө тухай ярьдаг байв. Ахлах сургууль төгсөөд Вроцлав хотын Анагаахын их сургуульд суралцсан. Зургаан жил сурах хугацаандаа нэг ч кинонд тоглоогүй.

-Кино урлагтай яаж эргэн холбогдсон бэ. Багаасаа ажилласан болохоор бүр мөсөн холдож чадаагүй юу?

-Анагаах төгсдөг жил “Celebrity splash Poland” буюу “Оддын оргилуур” телевизийн шоуны зохион байгуулагчид надад санал тавьсан юм. Зөвхөн жүжигчид биш, дуучид, олимпын аваргууд болон олны танил хүмүүс усанд үсрэлтээр өрсөлддөг шоу юм. Усанд сайн сэлдэггүй болохоор эхлээд татгалзсан. Гэтэл тус шоунд “Өргөмөл гэр бүл” кинонд хамтран тоглосон найз минь мөн оролцохоор зөвшөөрсөн байсан.

Ингээд л тэр найз минь ч намайг ятгаж, би зөвшөөрсөн. Долоо хоног бүр үзэгчдийн саналаар оролцогчдыг шүүж, нэвтрүүлгийг үргэлжлүүлэх, эсэхийг шийддэг. Зургаан жил кино урлагаас хол байсан болохоор үзэгчид намайг танихгүй байх гэж бодсон.

Гэтэл үзэгчид намайг маш сайн таньж, намайг байнга дэмжсэнээр тус шоуны хоёрдугаар байрт шалгарсан. Удалгүй “Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон. Дугаар бүрийг нь 3.5 сая хүн тогтмол үздэг эл шоунд оролцсоноос хойш дахин кинонд тоглох саналууд ирдэг болсон доо.

-Эмч мэргэжлээрээ ажиллаагүй юм уу?

-Оюутан байхдаа Монголын эмнэлгүүдэд дадлага хийж байсан. Энэ салбарт би юу хийж чадах вэ гэж бодсоор л явна. Юун түрүүнд Польшийн мундаг эрдэмтэн, профессоруудыг Монголд авчирч, эмч нарт сургалт хийхийг зорьж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн кинонд тоглов?

-Бүрэн хэмжээний уран сайхны кино биш, дандаа телевизийн олон ангит кинонд тоглосон. “Баасан гаргийн цаг агаар”, “Холимог” гэхчлэн тав, зургаан уран бүтээлд дүр бүтээсэн.

-Ази жүжигчин Польшийн кино урлагт ажиллахад хэр хүндрэлтэй вэ. Танд ямар асуудал голчлон тулгардаг бол?

-Багаасаа Польшийн үндэсний телевизээр нь гардаг кинонд тоглосон болохоор хүмүүс намайг Ази царайтай, гаднын хүн гэж дээрэлхэж, элэг барьж байгаагүй. Кинонд ажиллахад ч тэр.

-Сүүлийн жилүүдэд Холливуд дахь Ази жүжигчдийн тоо өсөж байгаа. Харин Польшид хэр олон бэ?

-Тийм ч олон биш. Цөөн гэхэд болно. Монголоос надаас гадна А.Билгүүн гэж комедиан залуу уран бүтээл хийдэг. Мөн л олны танил болж буй.

-Одоо аль нэг студид харьяалагддаг уу?

-Студийн харьяат уран бүтээлч биш. Гэхдээ аливаа уран бүтээлд намайг төлөөлдөг төлөөлөгч бий.

-Жүжиглэх, бүжиглэхээс өөр ямар авьяастай вэ. Урлагийн өөр төрлөөр ажиллах хүсэл бий юү?

-Польшид наадам, тоглолт, арга хэмжээнүүд хөтөлдөг. Мөн хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг. Чадах бүх л зүйлээ хийж, өөрийгөө сорихыг, хөгжүүлэхийг хүсдэг дээ.

-Польшийн кино урлагийнхан, кинонд хамт тоглосон жүжигчид танаас Монголын тухай асуудаг байв уу?

-Мэдээж Чингис хааны түүхийг дэлхий даяар мэднэ. Харин манай үндэстний онцлог, заншил, хөгжлийн талаар польшууд төдийлөн мэдэхгүй. Тиймээс би тоглосон кино болгондоо Монголын тухай зүйл заавал оруулахыг хичээдэг. Тухайлбал, ярилцлага өгөхдөө дандаа Монголынхоо газар нутаг, түүх, соёл, урлагийг ярьдаг юм. Польшууд Монголыг их сонирхдог. Хамтарч кино хийе, очъё гэсэн санал олон хүн тавьж байгаа.

-Тиймээс л Монголын үндэсний кино хороо байгуулах ажилд гар, бие оролцож байгаа юм уу?

-Улс бүрт кино хороо гэж байдаг. Кино хороо нь олон улсын томоохон кино төсөл, хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, уран бүтээлчдэд бодит дэмжлэг үзүүлэх, кино урлагаар дамжуулан Монголынхоо өв соёл, ёс заншил, түүхийг дэлхийд сурталчлах, кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлж, олон улсын жишиг кино үйлдвэр байгуулах зорилготой. 

Түүнчлэн дотоодын уран бүтээлчдээ зуучлах үүрэгтэй. Зөвхөн жүжигчин гэлтгүй продюсер, найруулагч, жолооч, тогооч, нүүр хувиргагч, хөгжмийн зохиолч, хувцас загвар зохион бүтээгч гээд кинонд ажилладаг бүх л мэргэжлийн хүмүүст хамаатай. Тиймээс жүжигчин, продюсер М.Оргилтой хамтран эл хороог байгуулж буй юм. Монголын кино урлагийг хөгжүүлэхэд жаахан ч болов нэмэр болох сон гэж хүсэж байна. 

Цаашлаад Монголын кино урлаг хөгжихөд нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэх боломж бий. Гадаадын продакшнууд манай байгалийн үзэсгэлэнтэй газарт киноны зургаа авахад аялал жуулчлал, эдийн засаг дагаад хөгжинө шүү дээ.

-Монголын кино урлагийн талаар та хэр мэдэх вэ. Энд кинонд тоглох уу?

-Мэдээж. Маш их хүсэж байна. Найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кинонд тоглох боломж өнгөрсөн зун олдсон боловч Польшид зураг авхуулах ажил давхцаад чадаагүй: Их харамсдаг. Манай кино урлаг зөв голдирлоор хөгжиж яваа. Уран бүтээлчид киноны олон төрлөөр туурвиж, олон улсын наадмуудад амжилттай оролцож байна.

-Хамтарч ажиллахыг хүсэж буй найруулагч байгаа биз дээ?

-Боломж олдсон ч ашиглаж чадаагүй болохоор тэр үү, С.Бямба найруулагчийн уран бүтээлд тоглохыг хүсэж байна. Нөгөөтээгүүр, Бусаны кино наадмын шагналт найруулагчтай хамтран ажиллах нь нэр төрийг хэрэг шүү дээ.

-Ямар төрлийн кинонд тоглохыг хүсэж байна вэ?

-Ихэнхдээ инээдмийн кинонд тоглосон болохоор одоо өөрийгөө арай өөрөөр харуулмаар байна. Гэхдээ инээдмийн кино үзэхэд хөнгөн, амархан мэт харагддаг ч жүжигчнээс нэлээд ур чадвар шаарддаг. Одоо уянгын төрлийн кинонд тоглож үзмээр байна.

-Манай үзэгчид, киноны зарим уран бүтээлч ч мэргэжлийн бус хүн тоглуулахад шүүмжлэлтэй ханддаг. Польшид ийм хандлагатай нүүр тулж байв уу?

-Тийм хандлагатай хүмүүс бий. Гэхдээ зөвхөн Польш гэлтгүй Холливудын жүжигчид дунд ч мэргэжлийн бус хүн олон бий. Авьяастай байх нь сайн хэрэг. Гэхдээ түүнийгээ үргэлж өнгөлөх ёстой гэж боддог.

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Залуу жүжигчин хүн учраас сайн найруулагчийн кинонд сонирхолтой дүрд тогломоор байна. Гэхдээ юуны түрүүнд хувийн уран бүтээлээс гадна Монголын үндэсний кино хорооны үйл ажиллагааг тогтворжуулахыг хичээнэ. 

Манай хороо олон улсын 300 гаруй кино хороог нэгтгэсэн “Association of film commissioners international” буюу Олон улсын кино хороодын ассоциацийн албан ёсны гишүүн болсон. Тэгэхээр гадаадын маш олон кино компанитай хамтран ажиллах боломжтой. Тэр боломжийг уран бүтээлчдэд нээж өгмөөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)