Ж.ЛУВСАНДОРЖ: Урчуудаа зохион байгуулалтад оруулж чадвал үйлдвэрлэл хөгжүүлэх боломжууд Монголд бий

“Бүтээлч Монгол” нэгдлийг үүсгэн байгуулагч Ж.Лувсандоржтой ярилцлаа. Тэрбээр Creative industrial буюу бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх санаачилга дэвшүүлэн, ажиллаж байгаа юм.

-Бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголтын нарийн учрыг иргэдийн олонх тодорхой мэдэхгүй. Улс орны эдийн засгийн нэг хэсэг болдог энэ ойлголтын талаар тайлбарлана уу?

-Материаллаг нөөц бага шаарддаг, хүний авьяас, оюуны хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг бүтээлч үйлдвэрлэл гэж нэрлэдэг юм. Жишээ нь, энтертаймент, контент, соёлын үйлдвэрлэл, гар урлал, урлагийн бүтээл бүтээлч үйлдвэрлэлийн нэг хэсэг болно. Учир нь бүтээлч үйлдвэрлэлийн нийт зардлын 10-20 хувь нь л материаллаг зүйл байдаг. Тухайн үйлдвэрлэлийн 80-90 хувь нь авьяас, оюуны чадамжид тулгуурладаг. Бүтээлч нь мэдлэгт суурилсан үйлдвэрлэлтэй уялддаг. Мэдлэгт суурилсан нь өндөр технологид суурилан, бага нөөцийг ашиглаж, маш их нэмүү өртөг шингээдэг үйлдвэрлэл. Бүтээлч болон мэдлэгт суурилсан үйлдвэрлэл нь уялдаж, хамт хөгждөг юм. Товчхондоо, оюун ухаан, мэдлэг, өндөр ур чадварт тулгуурласан үйлдвэрлэлийг бүтээлч үйлдвэрлэл гэдэг.

-Хүний нөөцийн ур чадвараар өндөр үнэ цэнтэй зүйл бүтээх үйлдвэрлэл гэж ойлгох юм байна.

-Зөв. Илүү тодорхой болгохын тулд уул уурхайн үйлдвэрлэлтэй харьцуулж үзье. Уул уурхайн түүхий эдийг олборлоод, боловсруулаад зарахад хүний нөөцийн бүтээж буй үнэ цэн маш бага. Харин түүхий эдийнх нь зах зээлийн ханш, технологи нь өндөр үнэ цэн бүтээдэг юм. Тэгвэл үнэ цэнийн 80-90 хувийг хүн бий болгодгоороо бүтээлч үйлдвэрлэл онцлогтой.

-Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд иргэдийнхээ боловсрол, авьяас чадварыг дээшлүүлэх чухал гэж ойлгож болох уу?

-Нэг талаар иргэдийнхээ боловсрол, авьяас чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар хүнээс гадна тухайн орны уламжлал, соёл нь бүтээлч үйлдвэрлэлийн оролцогч болдог. Монголоос өөр хаана ч эсгий ширмэл урлал хөгжөөгүй. Тухайн орны онцлог нь бүтээлч үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг болдгийн тод жишээ энэ. Өөрөөр хэлбэл, тухайн орны бусдад байдаггүй, ялгарал нь бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулдаг гэсэн үг. Жишээ нь, Хятад улс шаазан урлалаараа дэлхийд алдартай. Бүтээлч үйлдвэрлэл нь улсынхаа нэрийн хуудас болтол хөгжсөн байгаа биз. Бүтээлч үйлдвэрлэл дэлхий дахинд улсаа сурталчлахад, аялал жуулчлал хөгжүүлэх, бусдыг татахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ чиглэлийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол тухай улс өөрийн гэсэн “өнгө”-гүй болно. Газрын хэвлийн баялгаа ухаж худалддаг, хаана нэгтэйгээс хүний үйлдвэрлэсэн барааг авчирч борлуулдаг л орон болно. Бүтээлч үйлдвэрлэлтэй байж иргэд нь бодож, сэтгэнэ, уламжлалт соёлоо орчин цагийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.

-Ялгарлаа тодорхойлох нь бас чухал байх нь. Бидэнд бусдаас ялгарах юу байдаг бол?

-Проффессор Саймон Анхолт өмнө нь үндэсний имиж тодорхойлдог байсан. Тэрбээр зөвхөн үндэсний имижийг тодорхойлох нь өрөөсгөл юм байна гэж үзээд тухайн улс, үндэстэн дэлхийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ, тэдэнд юу байна вэ гэдгийг хэмжих “Good country” индекс боловсруулсан. Өөрөөр хэлбэл, имиж бүрдүүлэхээс илүү тухайн улс оронд байгаа зүйлийг тодруулах нь зөв гэж үзсэн хэрэг. Уг индекс түүх, соёл, гар урлал, байгалийн нөөцөө тодорхойлохыг зөвлөдөг. Өөрсдөдөө юу байгаагаа тодорхойлоод алийг нь хөгжүүлбэл эхний ээлжид дотоодын зах зээлдээ танигдах вэ, дараа нь жуулчдын сонирхлыг татах вэ гэдгийг манайхан бодолцох нь хамгийн чухал. Нэг талаар бусдад гайхуулах зүйлээ зөв тодорхойлж байж нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнээ хөгжүүлж чадна. Жуулчид дэлхийн хаана ч байдаг учраас кофег сонирхохгүй. Харин Монгол хунчиртай, эсвэл чихэр өвстэй цай гэх мэт үндэсний ялгаралтай бүтээгдэхүүнээ санал болговол сонирхоно. Бүтээлч үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг экспортлох бол дараагийн хэрэг.

-Амьдралд байгаа энгийн жишээ авъя. Хөвсгөлийн “Тайга” бол бүтээлч үйлдвэрлэлийн нэг бүтээгдэхүүн. Харин үүнийг дотооддоо хэрэглэж хэвших, цаашлаад жуулчдын уух дуртай цай болгох нь бидэнд үнэ цэн бүтээх нь. Зөв үү?

-Липтон уух уу, манай Хөвсгөлд ургадаг ургамлаар хийсэн “Тайга” цай уух уу гэж жуулчнаас асууя гэж бодъё. Жуулчин “Тайга” цайг ууя л гэж хариулах байх. Хүн хаана нэгтэйгээс өмнө нь авч үзээгүй мэдрэмжээ авахын тулд аялдаг шүү дээ. Аялал жуулчлалтай холбовол бүтээлч үйлдвэрлэл Монголд хөгжих юм шиг санагддаг. Бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортлоход нэлээд бэрхшээл даван туулах нь харагдсан. Гадаадынхан чанар, стандартын шаардлага тавих гэх мэтээр зориудаар тээг учруулдаг. Саяхан Сэхэ боомтод БНХАУ, Монгол Улсын хамтарсан, хоёр орны үйлдвэрлэгчдийн худалдаа зохион байгууллаа. Гэтэл Хятадын тал ургамлын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хориглочихсон. Органик бүтээгдэхүүнээр Монгол Улс Хятадын төдийгүй, бусад зах зээлд том тоглогч болно гэдгийг мэдэж байгаа учраас зориудаар боож байна гэж бодлоо. Экспортлох цагийг хүлээхгүйгээр дотоодын боломжоо ашиглах хэрэгтэй гэдгийг сануулах гэсэн юм.

-Та “Бүтээлч Монгол” санаачилга дэвшүүлсэн. Бүтээлч үйлдвэрлэлийн боломжуудаа ашиглахыг сануулах гэж ийм санаачилга гаргасан уу, эсвэл өөр зорилготой юу?

-Залуучууд болон хойч үед бүтээлч үйлдвэрлэлийн тухай ойлгуулах гэж ийм санаачилга гаргасан юм. Монголчуудын олонх өнгөрсөн 30 жилд дамын наймааг бизнес гэж харсаар ирлээ. Зөвхөн үүнийг бизнес гэж харж болохгүй, бидэнд үйлдвэрлэл эрхлэх нөөц боломж байгаа гэдгийг залуучуудад хэлэх гэсэн юм. Жижиг гар урлалыг том үйлдвэрлэл болгох ч боломж бий. Тосгоны загасчдыг нэгтгээд ферм байгуулсан байдаг. Тэд загас барих ажлаа зохион байгуулалтад оруулснаар бүгд саятан болсон жишээ бий. Монголд хувцас оёдог хэдэн зуун хүн бий. Манай улсад хувцасны 1000 орчим брэнд байна. Тэд ямар загвартай хувцас үйлдвэрлэвэл монгол туургатанд таалагдах вэ гэдгийг нэгдсэн зохион байгуулалттай хийж чадвал том боломж байгаа. Органик хүнс, гоо сайхан, хувцас үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эдийг боловсруулах гээд маш олон боломж бидэнд байна. Тодорхой жишээ дурдахад, Балжинням гуай Ховдод гурван сая алимны мод тарихаар ажиллаж байна. Залуус нөөц боломжийг хэрхэн бизнес болгох вэ гэж сэтгээсэй. Манай залуус Солонгост очиж ажиллахыг хүсдэг. Тэгвэл солонгос хүн манайд ирээд “Чингис хаан” хэмээх комик ном хийчихэж. Өөрийгөө зохиогч гэж нэрээ тавьчихаад хэдэн мянган хувь зараад мөнгө олчихлоо. Бүтээлч үйлдвэрлэлийн ийм боломж байгааг тэр хүн олоод харчихсан байна. Гадаадынхан ирж, бяслаг хийж байна. Бид өөрсдөө бяслаг хийж болно. Ийм жишээнүүдээр бид боломжоо олж харахгүй байна гэж хэлэх гэсэн юм.

-Нөөц боломжоо илрүүлэх, тодорхойлох талаар судалгаа хийсэн үү?

-Зохих хэмжээнд хийсэн. Тоо баримттай жишээ хэлье. Алим тариалбал 90 тэрбум төгрөгийн зах зээл бий. Тариалангийн энэ чиглэлийг хөгжүүлбэл 50 мянган ажлын байр бий болно. Балжинням агрономич алимны модоо нутагшуулчихсан, тарья гэвэл үрийг нь түүнээс авч болно. Ургуулах технологийг нь заалгах боломжтой. Төв аймгийн “Лингийн ухаа” компаниас 50 тонн бяслаг худалдаж авах захиалга ирчихээд байна. Гэтэл тэднийх 1-2 хувийг нь хангах хэмжээний хүчин чадалтай. Гэх мэтээр бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц боломжууд бий. Цааш нь яривал маш өргөн сэдэв.

-Монголчууд эсгий углаашаа голоод өмсдөггүй. Ерөнхийдөө монгол хүн юм бүтээж чадахгүй гэсэн сэтгэлгээтэй байдаг. Үүнийг хэрхэн даван туулах вэ?

-Хүмүүс монголчуудын хийсэн бүтээгдэхүүний загвар, хийц муу байна гэж шүүмжилдэг. Яагаад ийм байна вэ гэхээр Долоон буудлын Долгор эмээ маань өөрийн бодлоор л хийж байгаа. Бүтээгдэхүүний загвар, материал, хийцийг яаж сайжруулах вэ гэдгийг ганц урлаач судалж амжихгүй. Манай залуучууд үүнийг зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Ийм материалаар, тийм загвараар хийвэл хүмүүс хэрэглэх юм байна гэдгийг тодорхойлох шаардлагатай. Тодорхойлсныхоо дараа Долгор эмээгээр оёулах хэрэгтэй байхгүй юү. Загвар, материал сайтай эсгий углааш үйлдвэрлэхийн тулд том барилга шаардлагагүй. Өрхийн үйлдвэрлэлээр шийдсэн жишээ олон бий. Загвар, хийцийг нь гаргаад Долгор эмээгээр оёулаад, түүнд хөлсийг нь төлөхөд болно. Өөрөөр хэлбэл, чаддаг нь загвараа гаргаж, материалаа тодорхойлоод, оёдог нь оёоод, борлуулдаг нь борлуулах хэрэгтэй гэсэн санаа. Манайд нэг хүн бүгдийг нь хийх гэж оролдоод байгаа учраас чанар нь сайжирдаггүй юм. Бас өөрсдийгөө өрсөлдөгч гэж хараад байдаг нь гол алдаа. Японы бясалгалын төвөөс 1000 ширхэг эсгий олбог хийлгэх захиалга ирж гэнэ. Жижиг цехүүдээр хийлгэх гэхээр сарын дараа л амжина гэжээ. Захиалга хүлээн авах товчоонд 1000 ширхэг эсгий олбог хийлгэх захиалга ирлээ гэж бодъё. Захиалгыг хүлээн аваад загвар, хийцийг нөгөө талтай тохирлоо, тэгээд өрхийн үйлдвэрлэгчид рүү “Та 50, чи 40 ширхгийг хий” гээд хуваарилчихна. Үүнийг л зохион байгуулалтад оруулах гэж хэлээд байгаа юм. Бид зохион байгуулалтад орж чадаагүйгээсээ болоод 1000 ширхэг олбог хийх захиалгыг авч чадаагүй. Хүний нөөц болон зохион байгуулалт байхгүй юм байна гээд тэд татгалзсан гэсэн.

-Зохион байгуулалтад оруулахын тулд төрийн бодлогоор дэмждэг үү, эсвэл үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоод нь идэвхтэй ажилладаг уу?

-Төрийн бодлогоор дэмждэг туршлага бий. Тайванийн “Creative industrial art” гэж том хөтөлбөр байдаг. Тэд том дизайнеруудаараа баг бүрдүүлсэн. Тэгээд тэдний гаргасан загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтыг урчууддаа хийсэн юм. Ингээд материалаар нь хангаад бүтээгдэхүүн үйлдвэрлүүлсэн. Түүнийгээ цуглуулж аваад, Засгийн газрын баталгаа болсон тамга дараад дэлхий даяар борлуулсан байдаг. Энэ хамгийн амжилттай хэрэгжсэн жишээ. Монголчууд төрийн бодлогоор дэмжихийг хүлээх хэрэггүй гэж хувьдаа боддог. Үүнийг хувь хүн старт-апп маягаар хийдэг хэлбэр бий. Монголд гутлын олон цех бий. Цехүүдийг нэг залуу зохион байгуулалтад оруулж болох юм. Нэгдэл ч юм уу, хувьцаат компани байгуулаад ажиллаж болно. “Чандмань агро парк” бол Монголд үүнийг хийж чадсан бэлэн жишээ болдог. Зээл аваад хүлэмж байгуулчихаар бүх юм бүтчихэж байгаа хэрэг биш. Усалгаагаа яаж шийдэх вэ, бүтээгдэхүүнээ хэрхэн тээвэрлэх вэ гээд тариалачдад олон асуудал тулгарна. Нэг хүн бүгдийг амжуулж чадахгүй. “Чандмань агро парк” хүлэмжүүдээ стандартын дагуу нэг дор байгуулсан, нэгдсэн усалгааны систем суурилуулсан. Мөн нэг агрономич ажиллуулсан, борлуулалтыг нь нэг компани хариуцсан. Ингэхээр асар их зардал хэмнэж буй юм. Зөв зохион байгуулж чадвал хэн хэндээ хэрэгтэй үр дүн гарч байгаа биз. Мэргэжлийн холбоод зөвхөн нэг чиглэл рүү хандаж ажилладаг учраас нэгдэл бий болгож чаддаггүй. Тэгэхээр салбар дундын үйл ажиллагааг зохицуулж чадах хүн л зөв зохион байгуулалт хийж чадна.

-“Бүтээлч Монгол” санаачилга гаргасан залуус өөрсдөө ямар нэг үйлдвэрлэл хөгжүүлж байгаа юу?

-Лувсандорж гэдэг хүн үүнийг ярьж байна гэдэг нь өөрөө бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлнэ гэсэн утгатай биш. Бүтээлч үйлдвэрлэл гэх ойлголтыг судалж, гаргаж ирэн, хүмүүсийг хийгээсэй гэж уриалж байгаа нь бидний ажил. Хэрэв ярьж байгаа бол түүнийгээ хийх нь гэсэн буруу ойлголт байдаг. Хэн нэгэн ярихгүй бол өөр нэгэн олж харахгүй, санаа авахгүй байж магадгүй шүү дээ. Бид мэдээллийн сан үүсгэж байгаа. Хүсвэл хүмүүсийг бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдээллээр хангаж болно. Тухайн зах зээлээ нарийвчлан судлах, марктинг хийхэд нь туслах боломжтой. Товчхондоо, бид мэдээллээр хангах ажил хийж байна гэсэн үг. Монголчуудаа бүтээлч үйлдвэрлэлийн талаар нэгдсэн ойлголттой, мэдлэгтэй болгох хэрэгтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)