Ж.Зариф Багдадад айлчиллаа

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Багдадад албан ёсны айлчлал хийлээ. Үүгээрээ бүс нутгийн түншээ гомдоохгүй байх боломжийг Иракийн Ерөнхий сайд Мустафа Каземид олгов. Энэ долоо хоногт М.Каземи Саудын Араб болон Ираныг зорино. Тус хоёр улс Багдадад нөлөөлөхийн төлөө өрсөлддөг бөгөөд алинд нь Иракийн Ерөнхий сайд түрүүлж очих нь айлчлалын бэлтгэл ажлын үеийн анхаарал татсан гол асуудал байв. Эцэст түрүүлж Саудын Араб улсад айлчлах болсон ч Иракийн хувьд ямар ач холбогдолтойгоо харуулах аргыг Иран олжээ.

Ж.Зариф өнгөрөгч ням гарагт Багдад болон Иракийн Курдистаны нийслэл Эрбилд хэлэлцээ хийв. Энэ нь Иракийн Засгийн газрын тэргүүний Тегеранд хийх айлчлалд бэлтгэх ажилтай холбоотой юм. “Манай улс Ирактай эрчим хүч, худалдааны салбарт сайн харилцаатай. Коронавирусийн цар тахал дэгдсэн байгаа ч худалдааны эргэлтээ 20 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн бид найдаж байна” гэж Ж.Зариф Иракийн Гадаад хэргийн сайд Фуад Хусейнтэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөвөөс гадна хоёр сайд аюулгүй байдлын асуудал хэлэлцэхдээ Ираны хувьсгалыг хамгаалагчдын корпусын тусгай “Аль-Кудс” хүчний командлагч, генерал Касем Сулеймани АНУ-ын тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэнийг дурссан байна. Онгоцноос буугаад, хэлэлцээ эхлэхээс өмнө Фуад Хусейн Багдадын нисэх буудалд генерал Сулеймани амь үрэгдсэн газрыг зорьжээ.

Иракт Ж.Зариф тус улсын Ерөнхийлөгч Бархам Салех, Ерөнхий сайд Мустафа Каземи нартай уулзсан байна. Үндэсний тагнуулын газраа дөрвөн жил удирдсан туршлагатай М.Каземийг Америкийн талыг баримталдаг улстөрч гэдэг. Өнгөрсөн өвөл Ирак дахь Тегеранд ойр хүчнийхэн түүнийг Багдадад Сулейманийг айлчлах гэж буйг америкчуудад мэдээлсэн хэмээн буруутгаж байв. Харин Ерөнхий сайд болсныхоо дараа тэрбээр отрядуудынх нь олонх нь Ираны тал баримталдаг гэдэг “Аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийг хяналтдаа авахыг оролджээ. Тегеран эл харилцаагаа нуудаггүй. Багдадад айлчлахдаа Ж.Зариф тус бүлэглэлийн босогчдын төлөөлөгчидтэй уулзсан гэнэ.

Багдад, Тегеран хоорондын харилцааг юу ч хөндөх боломжгүй гэдгийг Иракийн улстөрчидтэй хэлэлцээ хийхдээ Ираны Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэж байв. Энэ нь Ирак дахь Ираны нөлөөг Саудын Араб хийгээд АНУ сулруулах гэсэн оролдлогыг хөнджээ. Мустафа Каземигийн айлчлалын өмнө ийн мэдэгдсэн нь олны анхаарал татсан байна. Тэрбээр Саудын Арабын хэрэгжүүлж буй хамгийн том төслүүдийн нэг болох ирээдүйн Неом хотоос айлчлалаа эхлүүлж, угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальмантай уулзжээ. Тэд Саудын Арабын хөрөнгө оруулалтыг Иракийн эрчим хүч болон дэд бүтцийн бусад салбарт татах Багдадын саналыг хэлэлцэв. Иракийн Ерөнхий сайд Саудын Арабаас Ираныг зорино. Үүний дараа энэ сарын эцсээр тэрбээр Вашингтонд айлчлах юм.

Энэ нь Иракийн Засгийн газрын тэргүүний АНУ-д сүүлийн гурван жилд анх удаа хийх айлчлал болно. Сарын өмнө Багдад болон Вашингтон хоёр талын бүх харилцаагаа эргэн авч үзэх зорилготой стратегийн яриа хэлэлцээний хүрээнд цуврал зөвлөлдөөн хийжээ. Хэлэлцээний эхний үеийн дараа АНУ Ирак дахь цэргийн оролцоогоо үргэлжлүүлэн багасгаж, тус улсад үлдсэн америк цэргийн статусын талаар Багдадтай хэлэлцэхээр болсон аж. Генерал Сулейманийг амь үрэгдсэнээс хойш Иракийн парламент гадаадын бүх цэргийг улс орноосоо гаргахаар санал нэгдсэн. Гэвч Иракийн эрх баригчид терорризмтой тэмцэх талаар АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. Ингэхдээ нутаг дэвсгэрээ Тегеран, Вашингтон хоорондын харилцаагаа зохицуулдаг газар болгохыг Багдад огт хүсэхгүй байгаа аж. Тухайлбал, Зарифыг айлчлахтай холбогдуулан Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу гал нээжээ. Үүнд Вашингтон урьдын адил “Аль-Хашд аш-Шааби” болон Тегераныг буруутгасан байна. Гэсэн ч Багдад гадаадын бүх тоглогчтой харилцаагаа тэнцвэртэй байлгаж, бүс нутгийнхаа байдлыг тогтворжуулагч хүч байхыг эрмэлздэгээ Иракийн улстөрчид байнга тэмдэглэдэг. Энэ тухайгаа Ж.Зарифын айлчлалын үеэр ч дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)