Ж.ГАНИБАЛ: Удам судраараа бахархдаг ч түүндээ дулдуйдаж явсангүй


Жагваралын Ганибал хэмээх эрхэм хүмүүнийг “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Ганибал гэдэг ховор сайхан нэрийг хөгшин ээж нь буюу Бямбын Ринчен гуайн гэргий Раднаа зээ хүүдээ хайрласан гэнэ. Тухайн үед эмээ нь Ганибал баатрын тухай түүхэн ном уншиж байсан бөгөөд уг гарваль нь монгол нэр учраас хөгшин аав нь ч зөвшөөрчээ. “Би багаасаа л цэцгэнд их дуртай хүүхэд байв. Одоо ч энэ цэцгүүдээ өөрөө арчилж торддог. Хөгшин ээж минь цэцэг тарих дуртай байсан нь надад нөлөөлсөн биз. Бямба гараг бүр бид хөгшин аавынд очиж бужигнадаг. Гэрээр нь дүүрэн сонин содон ном байдаг, тэндээс шилж сонгон уншицгаана. Хөгшин аав бидэнтэй тоглох их дуртай. Зусланд гарахаар хамт дүүгүүр хүртэл шидэж тоглодог. Хөгшин ээж минь их зочломтгой, маш сайхан хоол хийдэг хүн байлаа” хэмээн бага насны дурсамжаа хуваалцав.

-Таны тухай мэдээлэл интернэтээр хайтал монголоор бараг ямар ч илэрц алга. Гадаад хэлээр бол бага сага мэдээлэл байна. Энд тэнд ярилцлага ч өгдөггүй бололтой. Тиймээс таныг агуу их Ринчен гуайн зээ хүү, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жагварал гуайн хүү, “Хас” банкны Амартүвшин захирлын аав, өөрөө нэртэй дипломатч гэдгээс илүү тоймтой судалгаагүй ирлээ. Өршөөн хэлтрүүлэх болов уу?

-Яах вэ. Хоёулаа ярилцаж байтал болох биз.

-Танайд ороод ирэнгүүт энэ хуучин хүрэн ширээ анхаарал татлаа. Ринчен гуайн ширээ болов уу гэж таамагласан, зөв үү?

-Тийм ээ. Хөгшин аавын минь гэртээ хэрэглэж байсан бичгийн ширээ нь. Өөд болохынхоо өмнөхөн “Эрдэмтэй хүн болоорой” гээд надад энэ ширээгээ бэлэглэсэн юм.

-Удам судар гэдэг ямар чухал болохыг монголчууд ярьдаг. Харин тэр сайхан ураг удмын нэрийг өндөрт өргөж явах үүрэг ямархан гүнзгий агуулгатайг тэр бүр ойлгож мэддэг нь хэр олон байдаг бол?

-Би өвөг дээдсийнхээ нэр хүнд, удам угсаагаар маш их бахархдаг. Бас ямагт хүндэтгэж, мэхийж явдаг. Хэдэн үеэрээ арвин баялаг ном судартай, эрдмийн их өв уламжлалтай гэр бүлд төрж, өснө гэдэг хүн болгонд тохиогоод байдаг хувь тавилан биш байх.

-“Би тэрний хүүхэд байна аа” гэдэг танилын нүүрээр ажил алба урагшилдаг нийгэмд бид амьдарч буй учраас асууж байгаа юм шүү. Дипломатч мэргэжлийг сонгох, Гадаад хэргийн яаманд ажилд орох, гадаадын улс орнуудад Элчин сайдаар томилогдож ажиллахад таны аав, эсвэл өвөөгийн нөмөр нөөлөг ямар нэг хэмжээгээр мэдрэгддэг байв уу?

-Дипломатч болоход надад хэн ч нөлөөлөөгүй. Аравдугаар анги төгсөх жилээ гэнэт нэг өдөр “Би дипломатч болно оо” гэхэд аав, ээж хоёр минь их гайхсан. “Гэнэт юу яриад эхлэв. Дипломатч гэж ямар хүн байдгийг чи мэдэх юм уу” гэхэд нь “Мэднэ ээ” гээд л зүтгэчихсэн. Дипломатч болохын тулд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэх ёстой гэж дуулаад, шалгалтад нь бэлдэж эхэллээ. Тэгээд эрхээ аваад, Москвад сурахаар явах гэж байхад манайхан бүгдээрээ галт тэрэгний буудалд ирж гаргаж өгсөн юм. Тэр дунд хөгшин аав минь байсан. “Сайн сураад ирээрэй” гэснээс өөр зүйл хэлээгүй. Хөгшин аав бидэнд “Эрдэм ном л сайн сураарай” гэж л захидаг байв.

Нуулгүй хэлэхэд, аавын минь ажил, албан тушаал надад харин ч “сөргөөр” нөлөөлдөг байсан гэхэд болно. Дээд сургууль хамт төгссөн үеийн залуус дарга даамлаар дэвшиж байхад би томилогдохгүй дөрөв, таван жил болсон. “Хүүхдээ томиллоо” гэдэг яриа гарахаас аав минь болгоомжилдог байсан биз. Залуу байхад нэг хэсэг аавдаа юунд ч юм гоморхонгуй явдаг байлаа. Тийм байсныг минь мэдэхгүй зарим нь “Энэ Ганибал өвөг эцэг болон эцгийнхээ ачаар л ингэж яваа юм” гэж гадуурхах маягтай ярьдаг. Тэгэх тусам нь шар хөдөлдөг байв. Өвөг дээдсийнхээ нэр хүнд, нөмөр нөөлгөнд дулдуйдаж албан тушаалд хүрэх санаархал надад огт байгаагүй. Манайхан тийм хүмүүжилтэй улс биш.

-Тэгж хэлдэг хүмүүсийн өөдөөс амыг нь таглах хариулт уг нь бэлэн баймаар. Гэвч та дуугардаг байв уу. Ринчен гуайн үр хойчис маш энгийн даруу улс гэдгийг мэдэх юм?

-Албин чөтгөр шиг дотортой хүмүүстэй тэр бүр цэц булаалдаад яах вэ дээ. Нэг удаа харин уурласаан. Яаманд ажилд ороод удаагүй байхад гурван үеийн намтар түүхээ үнэн зөвөөр бич гэхээр нь “Хөгшин аав минь Бямбын Ринчен. Ийм ажил мэргэжилтэй. Миний эцэг Нямын Жагварал. Ийм ажил эрхэлдэг” гээд бичлээ. Тэгсэн юм болгоныг гоочилж шүүмжилж явдаг нэг нөхөр “Чи юун ч онгироо юм билээ дээ” гэдэг байгаа. Тэгэхэд л “Түүхээ үнэнээр нь бич гэсэн биз дээ. Би юу ч нэмж хачирлаагүй. Та нар тэгж гоморхоод байгаа юм бол тэрийгээ бичгээр мэдүүл.

Тэр дагуу чинь би гурван үеийн түүхээ өөрчилж, шинээр зохиоё” гэж нэг муудалцсан удаатай (инээв). Миний хөгшин аав ч тэр, эцэг минь ч тэр энгийн л хүн. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хийх ёстой ажлаа хэн хүнээс илүү сэтгэл зүтгэлтэй хийж байсан учраас нэр хүнд олж, албан тушаалд дэвшүүлсэн биз. Аавыг минь ЗХУ-д суралцаж, эдийн засгийн ухаанаар Монголын анхны докторын зэрэг хамгаалаад ирэхэд зарим хүн хөгшин аавын ажил албатай холбож дэмийрсэн байгаа юм. Харин маршал Х.Чойбалсан “Хүүе, манай анхны доктор эх орондоо ирж байгаа юм байна шүү дээ. Цөмөөрөө очиж угтая” гэж байсныг би сүүлд л уншиж мэдлээ.

-Улстөрч, эдийн засагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын анхны академич Нямын Жагварал гуайн тухай залуу үеийнхэн мэдье гэвэл манайхаас илүү Оросын сайтуудад олон мэдээлэл байдаг юм билээ. Таныг өнөөгийн залууст аавынхаа тухай яриач гэвэл юуг нь онцолж дурсах вэ?

-Миний аав ядуу зүдүүхэн айлын хүүхэд. Гэхдээ төрөлхийн ном эрдэмд шамдах авьяастай байсан шиг байгаа юм. Ямар сайндаа л 15-хан настайдаа Дорноговь аймгийн захиргаанд хэлтсийн дарга хийж байсан хүн шүү дээ. Тэр үед бичиг үсэгт сайн боловсорсон хүн ховор учраас эрдэмтэй хүнийг нас харгалзахгүй, хэрэгтэй газарт нь томилж ажиллуулдаг байж. Аав минь тэнд ажиллахдаа сарын цалингаа цуглуулж байгаад унадаг дугуй авч, түүгээрээ Улаанбаатарт ирсэн гэдэг юм.

Тэгж л ажил, амьдралын замаа өөрөө сонгож олоод, хөдөлмөрлөж, бүтээж, тэмцсэн хүн дээ. Улмаар ЗХУ-д суралцан эрдмийн зэрэг хамгаалж ирээд, Шинжлэх ухааны хүрээлэнг удирдахдаа академи болгох төсөл боловсруулж, түүнийгээ ажил хэрэг болгосон түүхтэй. Нэгдэлжих хөдөлгөөнийг анх санаачилсан, тэгэхдээ ЗХУ-аас өөр, монголчуудад арай илүү тохирох хувилбараар нь хэрэгжүүлсэн, сангийн аж ахуйнууд байгуулах ажлыг эхлүүлсэн гээд Монголын хөдөө аж ахуйн салбарт аавын минь оруулсан гавьяа их. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан гэдгийг нь одоо хүмүүс ихэвчлэн ярьдаг юм.

-Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс дахь Монголын Элчин сайдын яаманд төлөөлөгчөөр та анх томилогдон ажиллаж байсан юм билээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юү?

-1976 оноос Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс дахь Элчин сайдын яаманд томилогдож ажилласан. Тухайн үед манай ЭСЯ гэж жижигхэн байртай, хүн хүч ч цөөн. Харин Чехословакт ажиллаж амьдардаг монголчууд улам бүр олширч байсан үе. Монголын үйлдвэрүүдээс ажилчдыг нь тэнд дадлагажуулан, мэргэжил дээшлүүлдэг байв. Манай гутал, арьс ширний үйлдвэрүүд бүгд Чехословакийн тусламжтайгаар хөл дээрээ юм боссон шүү дээ.

Эхэндээ ч “Манайхан ирээд яадаг бол” гэж эмээдэг л байлаа. Ямар сайндаа л монголчуудыгаа очихоос өмнө би ажилчдын байрлах дотуур байрнаас үйлдвэр хүртэлх замд өөрөө явж, урьдчилан шалгав аа. Тэгэхэд тэрүүхэн тэр замд архи, шар айргаар үйлчилдэг 22 газар байсан гээд бод. Шар айргийг бараг л ундаа шиг уудаг нь тухайн улс үндэстний онцлог юм даа. Манайд бол архи, дарсыг нэлээд хатуу хорьдог байсан. Гэтэл харин ч санасныг бодоход манайхан гайгүй шүү. Үйлдвэрийн удирдлага ч “Танай ажилтнууд шиг үлгэр жишээ хүмүүс алга” гээд монголчуудад ам сайтай байсан. Бахдууштай л юм билээ.

-Элчинд ажиллаж байхад чих халууцуулах мэдээ бас ирнэ биз?

-Чехословакт зургаан жил ажиллахад нэг их айхтар юм болоогүй ээ. Нэг удаа харин “Танай ажилтнууд нутгийн иргэдтэй төдийлөн сайн харилцаатай биш болчихлоо” гэсэн мэдээ ирж байна. Юу болсныг тодруулахаар очтол чех ажилтнууд “Монголчууд хэтэрхий их ачаалал даах юм. Бид тэгж ажиллаж чадахгүй. Монголчуудын хөдөлмөрийн бүтээмжээр үйлдвэр норм тогтоогоод байна. Тиймээс та нар ажилчдадаа хэлж өг. Танайхан ч яах вэ, нэг жил, их сайндаа жил гаруй ажиллаад л нутаг буцчихна. Үлдэж байгаа бид насан туршдаа энд ажиллана. Тэгэхдээ монгол ажилчид шиг тийм их хүч хөдөлмөр зарцуулахад маш хэцүү” гэдэг юм байна. Үүнийг би монголчууддаа юу гэж тайлбарлаж хэлэх билээ (инээв).


-“Та нар яагаад сайн ажиллаад байгаа юм. Ачааллаа жаахан багасга” гэлтэй нь биш нээрээ хэцүү л юм.

-Хөөрхий минь, манайхан ар гэрээ тэжээж тэтгэх гэж л тэгж махруу зүтгэж байгаа хэрэг шүү дээ. Жилийн хугацаанд сайн ажилласан хүмүүс нь цоо шинэ биш ч гэлээ, гайгүй боломжийн шинэвтэр машин аваад нутаг буцаж байлаа. Тэр хүмүүсийн өмнөөс бид баярлахаас өөр яалтай билээ.

-Хэнийг хаана Элчин сайдаар томилох вэ гэдэг бол тухайн улсын гадаад бодлогын гарцаагүй нэг илэрхийлэл гэж үздэг юм билээ. Сүүлийн үед манайхан Элчин сайдын томилгоог улс төрийн ашиг хонжоо, албан тушаалын “наймаа” болгоод буйг олон хүн шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Аль ч улс орны хувьд гадаад бодлого нь тууштай, алсын хараатай, тогтвортой байх ёстой. Хэн нэг улстөрчийн хувийн үзэл бодол, ашиг сонирхол түүнд нөлөөлдөг байж яагаад ч таарахгүй.

Элчин сайд нарын томилгоо “наймаа” болсон, эсэхийг нь би сайн мэдэхгүй юм. Ер нь бол Элчин сайдын томилгоо гэдэг үеийн үед байдаг зүйл. Гагцхүү дүрэм журмаараа л явах ёстой. Тусгайлан бэлтгэгдээд үүрэг даалгавар авсан хүмүүсээ хааш нь яаж томилохыг төр өөрөө мэдээд зохицуулдаг. Элчин сайд хүний баримтлах ёстой хамгийн чухал зүйл нь улс төрөөс л аль болох хараат бус байх ёстой. Тийм ч учраас зарим улсад Элчин сайд нарыг улс төрийн намын гишүүнчлэлгүй байхыг шаарддаг болсон. Харин манайд “Энэ бол тэр намын хүн. Тэндхийн Элчин сайд энэ намын тэрний шахаасаар томилогдсон” гэдэг яриа мэр сэр дуулдах юм. Ингэвэл буруутна. Ялангуяа Элчин сайд хүн буруу хазгай гишгэж, хэрэг төвөгт орооцолдсон бол аль намын, хэн ч байсан түүнийг хатуу шийтгэж, дипломат албанд эргээд оруулахгүй байх хэрэгтэй. Монголын ч байна уу, Америкийн ч байна уу, хамаагүй. Элчин сайд гэдэг бол маш өндөр хариуцлагатай, нэр төртэй алба.

-Гуравдагч хөршийн асуудлыг манайхан нэлээд ярьдаг. Наашаа гэсэн улс орон болгоныг “Манай гуравдагч хөрш” гээд очиж элгэмсээд байх нь хэр зохистой юм бол?

-“Монгол Улс хоёрхон хөрштэй яваад байж болохгүй. Бид гуравдагч хөрштэй байх ёстой” гэдэг ойлголтыг анх гаргалцсан хүмүүсийн нэг нь таны өмнө сууж байна. Хоёр том хөршөөсөө бүх талаар хамаардаг байх бус, өөр бусад оронтой олон талт харилцаа тогтоох учиртай. Чухам аль улсыг нь шилж, хаанахтай нь илүү ойр байх вэ, ямар байдлаар харилцах вэ гэдгээ улс орон бодолцох ёстой. Гуравдагч хөршийн асуудал дээр түүх, соёл уламжлал, харилцааны агуулгаа бодолцоод тогтсон ерөнхий чиглэл гэж байдаг. Түүнийг засаг, төр солигдох тоолонд өөрчлөөд “Энэ манай гуравдагч хөрш биш. Үүнийг гуравдагч хөрш болгоё” гэсэн хандлага байж таарахгүй.

-Дэлхийн томоохон удирдагчид төрийн эрхэнд гарсныхаа дараахан Далай ламыг урьж, эсвэл өөрсдөө очиж заавал уулздаг, түүгээрээ бас нэг имиж хийдэг юм шиг санагддаг. Харин манайхан “Далай ламыг Монголд дахиж урихгүй” гэдэг амлалт урд хөршдөө өгчихсөн. Үүнийг та гадаад бодлогын үүднээс юу гэж харсан бэ?

-Тэр тухайд манайхан жаахан дутуу дулимаг ажилласан байх аа. Хятадын хувьд Далай лам ямар хүн бэ гэдгийг бүгд мэднэ. Харин манай ард түмний шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, оюун санааны хувьд Далай лам ямар хүн бэ гэдгийг тайлбарлаж, ойлгуулах ёстой байсан юм. Далай лам Монголд айлчилсан нь улс төрийн ямар нэг далд агуулгагүй, сүсэгтэн олны хүсэл эрмэлзэл байсныг тайлбарлавал хятадууд ойлгоно шүү дээ. Дипломат ёс бол харилцан ойлголцол, итгэлцэл дээр тогтдог.

-“Дипломатч мэргэжлийг сонгосон хүний хувьд улс орныхоо төлөө ийм л зүйл хийчихвэл болно доо” гэсэн зорилго танд байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Та санасандаа бүрэн дүүрэн хүрч чадсан уу?

-Тэр болгоныг хийж гүйцэтгэж чадаагүй ээ. Тэгэхийн тулд албан тушаал, эрх мэдэл, мөнгө төгрөг ч хэрэгтэй юм билээ. Ямар ч байсан дипломатч мэргэжлийг сонгосных хоёр, гурван чиглэлээр тодорхой үүрэг гүйцэтгэсэн шүү. Тухайлбал, Монгол-Чехословакийн харилцааг шинэ шатанд гаргахад миний оруулсан хувь нэмэр багагүй гэчихвэл онгирсон болохгүй байх аа. “Монгол ажилчид нэгэнт Европт очоод мэргэжил дээшлүүлж, туршлага судалж байгаагийнх зөвхөн ажил сураад буцах нэг хэрэг. Харин энэ улсын соёлоос сайн суралцах хэрэгтэй шүү” гэж монголчууддаа захидаг байв. Хэдхэн хоногийн өмнө Архангай, эсвэл Говь-Алтай аймагтаа ажиллаж амьдарч байсан хүмүүс гэнэт Европт хөл тавина гэдэг соёлын хувьд асар хол зөрүүтэй орчинд орчихож байгаа юм. Ямартай ч манайхан ажлаа сайн хийсэн, соёлоос нь ч суралцаад буцсан. Гагцхүү тэднийг эргээд ирэхэд манайхан ямархуу байдалтай угтаж авсныг мэдэхгүй юм.

...Яаманд ажилд ороод удаагүй байхад гурван үеийн намтар түүхээ үнэн зөвөөр бич гэхээр нь “Хөгшин аав минь Бямбын Ринчен. Ийм ажил мэргэжилтэй. Миний эцэг Нямын Жагварал. Ийм ажил эрхэлдэг” гээд бичлээ. Тэгсэн юм болгоныг гоочилж шүүмжилж явдаг нэг нөхөр “Чи юун ч онгироо юм билээ дээ” гэдэг байгаа. Тэгэхэд л “Түүхээ үнэнээр нь бич гэсэн биз дээ. Би юу ч нэмж хачирлаагүй. Та нар тэгж гоморхоод байгаа юм бол тэрийгээ бичгээр мэдүүл. Тэр дагуу чинь би гурван үеийн түүхээ өөрчилж, шинээр зохиоё” гэж нэг муудалцсан удаатай...

Хоёрдугаарт, Монгол-Зөвлөлтийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Чухам энэ бүгдийг өнөөгийн төр, засаг мэддэг, үнэлдэг, эсэхийг нь мэдэхгүй юм.

-Үнэлэх гэснээс танд төрийн одон медаль байдаг уу?

-Надад “Алтан гадас” одон хоёр ч бий. Ерөнхийлөгчийн Тамгын газар хавьцаа л эндүүрэл гарсан шиг байгаа юм.

-Хэн хэний гарын үсэгтэй байдаг юм бол. Хоёуланг нь Төрийн ордонд очиж авсан уу?

-(Инээгээд) тэгсэн. Нэгэн дээр нь Ерөнхийлөгч Н.Багабандийн гарын үсэг байдаг байх аа. Үнэмлэхийг нь харахгүй бол сайн санахгүй байна.

-Өнөөгийн Монголд жинхэнэ элитүүд алга. Нэр хүнд гэдэг ойлголтыг нийгмийн байр суурь, албан тушаалтай холбож ойлгодог болсныг судлаачид шүүмжилдэг юм билээ. Сайд болохоор нь “Төрийн хүн байна. Хүндлэх ёстой” гэдэг мөртлөө буусан хойно нь хэн дуртай нь хэлэх, хэлэхгүй үгээр давшлахыг бид бүгдээрээ хардаг. Олж авсан нэр хүнддээ эзэн байх ухаан тэр хүмүүст дутаад байна уу?

-Нэр хүнд гэдгийг үнэхээр л манайхан төөрөлдөж ойлгодог болсон. Төрийн сайд гэдэг бол монголчуудын их хүндэтгэдэг албан тушаал юм шүү дээ. Хүссэн хүн болгон ч тэр өндөр сэнтийд амархан суугаад байдаггүй юм. 1911 оноос хойших шинэ цагийн Монголын түүхэнд нийтдээ 400 гаруй сайд байсан гэдэг юм билээ. Энэ хүмүүсийн үйл хэрэг, замналыг үеийн үед монголчууд ярьсаар л байх болно. Өөрөөр хэлбэл, төрийн сайд болгон улсын түүхэнд ямар нэг хэмжээгээр нэр, мөрөө үлдээж байдаг. Миний аав ч Хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллаж л байсан. Хийж хэрэгжүүлсэн ажлыг зөвхөн яамныхан гэлтгүй Монголын хөдөө аж ахуйн салбарынхан өнөө хэр дурсан ярьж байдаг. Тиймээс сайд нар хариуцлагатай, нэр төртэй, зөв гэж бодсон, зорьсон үйл хэргээ ямар ч эрх ашгаас үл хамааран гүйцэлдүүлэх зоригтой, чадвартай байх ёстой юм. Тэгж үйл хэргээрээ олж авсан нэр хүндийг баргийн хүн үгүйсгэж, гутааж чадахгүй.

-Уучлаарай, жаахан тааруу үр хүүхэдтэй хүн тэдэндээ өв хөрөнгө үлдээхээр нас барсных нь дараа өнөөхөө булаацалдаад хэцүүддэг гэдэг. Билгүүн номч өвөөгийнхөө хамгийн том өв хөрөнгө болсон олон сайхан ном судрыг та бүхэн хэрхэн хувааж авсан бол. Ажил, мэргэжилтэйгээ ойролцоо ойролцоогоор нь хуваарилсан уу?

-Хөгшин аавын минь ном судар, бичиг соёлын өв зөвхөн манай гэр бүлийн өмч биш. Монгол Улсад, нийт монголчуудад хэрэгтэй чухал өв сан учраас бидний хэн нь ч байсан үүнийг цаашид улам их хайрлан хямгадаж, илүү олон хүнд түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. Манай гэр бүлийн хувьд гэхэд л хөгшин аавынхаа бүтээлээр таван боть хэвлүүлсэн. Зохиол бүтээлийг нь хойч үеийнхэн уншиж мэдээсэй, түүгээр дамжуулан эх орон, ард түмнийхээ түүх, өв соёлоор бахархах сэтгэлтэй, хайрлаж хүндэтгэх итгэл үнэмшилтэй болоосой гэдэг л бидний чин хүсэл.

-“Ри багш минь хэрэв амьд сэрүүн байсан бол Монголын хүн ам гурван сая давсанд хязгааргүй их баярлана. Бас УИХ-аас анх удаа Монгол хэлний тухай хууль баталсанд магнайгаа хагартал баярлах байсан” хэмээн Тангадын Галсан гуай нэгэнтээ ярьж билээ. Тийм л эх оронч өвөөгийн хүмүүжлээр өссөн таны хувьд эх орны үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ?

-Гадаадад байна уу, Монголд ажиллаж амьдарч байна уу хамаагүй. Хамгийн гол нь монголчууд дор бүртээ ямар нэг юм хийж бүтээдэг л байх ёстой. Тэр нь энэ улс орны ирээдүйд, нийгмийн хөгжилд заавал хэрэгтэй тустай зүйл байгаасай гэж би боддог.

-Зөвхөн өөрийнхөө амьдралыг авч явах бус, улс орны ирээдүйд тустай үйл хийх хэрэгтэй гэж үү?

-Тийм ээ. “Миний хийж байгаа зүйл улс орны ирээдүйд ямар ач тустай байх вэ” гэдгийг хамгийн түрүүнд бодолцох ёстой гэж би боддог. Намайг ингэж хэлэхээр олон хүн “Юуны чинь эх орноо нэгдүгээрт тавих вэ. Хүн чинь эхлээд өөрийгөө болгох хэрэгтэй биз дээ” гэж шүүмжилдэг юм. Эх орон яагаад чиний зорилгод хүртээлгүй байх ёстой гэж. Чиний амьдрал ахуй өнгөтэй өөдтэй, сайн сайхан байвал тэр хэрээр эх орон чинь хөгжинө гэсэн үг биз дээ. Тэгэхээр харин ч хамгийн их хүртээлтэй болж таараад байгаа юм. Заавал төрийн түшээ болбол л эх орны төлөө үүрэг хариуцлага хүлээх ажил хийж байгаа хэрэг гэсэн үг биш. Эх орон гэдэг бол асар өргөн утга агуулгатай зүйл. Тиймээс амьдрал ахуйгаа, ажил мэргэжил, хүсэл зорилгоо эх орны төлөө гэдэг бодолтой уяж холбохгүй, хар амиа хоохойлсон үхээнц нэгэн байж таарахгүй. Ийм сайхан улсыг хайрлаж хамгаалж, хөгжүүлэх эрхэм үүрэг хүлээсэн гуравхан сая хүний нэг болсондоо баярлах хэрэгтэй хувь заяа юм шүү.

-“Аав, ээж хоёр минь хоёулхнаа Монголд амьдардаг учраас хань болох гээд эх орондоо ирсэн” гэж Амартүвшин захирал нэгэнтээ ярьсан байдаг. Хүү нь ойр ойрхон ирдэг байх. “Аав, юу захих вэ” гээд утасдана биз?

-Манайх гурван хүүхэдтэй. Зургаан ач, зээтэй. Тэд минь энэ амьдралын хамгийн том баяр баясгалан болж байна. Гэр бүлийн минь хүн тэнгэрт одоод хоёр жил боллоо. Хүү, бэр хоёр хүүхдүүдтэйгээ энд байгаа учраас ханьтай сайхан юм аа. Ирэхдээ “Юу захих вэ” гээд утасдана. Өмнөх юмаа барахгүй, хөргөгчинд хадгалчихдаг хүн би юу захих вэ дээ. Хүү ирэхээрээ манай хөргөгчийг цэвэрлэж өгөөд явдаг юм. Хүн ер нь нас ахиад ирэхээрээ элдэв юм хүсэхээ ч больдог шиг бололтой. Хоёр охин минь Европт ажиллаж, амьдарч байгаа. Бельгид Элчин сайдаар нэлээд удаан хугацаанд ажиллах үед хүүхдүүд минь тэнд сургуулиа төгсөж таарсан юм. Тиймээс өдөр тутам харилцдаг хүмүүс нь, хүрээлэл нь дандаа гадаадынхан болчихсон. Тэгээд тэндээ их сургуульд элсээд, ажиллаж, амьдарч байна. Гэхдээ зүрх сэтгэл нь ямагт Монголтойгоо уяатай.

-Ханьтайгаа та хэдэн жил ханилсан бэ. Гэр бүлийн хүнээ өөд болсных нь дараа үгүйлж, ганцаардахын зовлонг юутай ч зүйрлэшгүй гэдэг. Тэр үед юу танд түшиг, дэм болж байв?

-Миний хань орос, франц хэлний орчуулагч мэргэжилтэй хүн байв. Бид Москвагийн их сургуульд сурч байхдаа танилцсан. Оюутан байхаасаа эхлэн амьдралаа холбож, 50-иад жил ханилсан хүнээ алдах шиг уйтай юм үгүй. Ялангуяа оройн цагаар мөн ч амаргүй дээ. Үр хүүхдүүд, ач зээ нар бужигнаж байгаад явсны дараа бүр ч эзгүйрчих шиг болдог. Гээд орчлонгийн жамыг яалтай билээ. Өөрийгөө сатааруулахын тулд интернэтээр орж, дэлхий ертөнцөөр “тэнүүчилнэ”. Одоо л гэхэд би испани хэл сурч байгаа. Гэрт энд тэндгүй баахан ном байгаад байдаг. Томоохон тавиур хийлгэж, номуудаа цэгцлэх санаа бий.

-Та ер нь ингэхэд хэдэн хэл мэддэг билээ?

-Орос, англи, франц гэсэн хэлтэй. Хөгшин аавын дэргэд бол хэлгүйтэй адилхан шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)