Ж.БОЛДБААТАР: Долоогоос доош насны хүүхдээр морь унуулахгүй

Наадам болоход цөөн хоног үлдлээ. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Хурдан морины салбар хороог ямар бүрэлдэхүүнтэй байгуулав?

-Морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг. 2019 оны зургадугаар сарын 02 тоот тогтоолоор хурдан морины салбар хороог цэрэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий 35 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Өмнө нь уяачдыг оруулдаг байсан ч энэ удаа оруулаагүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Төр наадмаа хийж буй учраас зөвхөн төрийн албан хаагч оруул” гэдэг чиглэл өгсөн.

-Салбар хорооны төсвийг хэдэн төгрөгөөр баталсан бэ?

-258 сая төгрөгийн төсөвтэй. Үүний 78 хувийг шагналд зарцуулна. Үлдсэн нь үйл ажиллагааны зардал юм. Шагналын 20 хувийг хурдан морь унасан хүүхдэд олгоно. Аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, хийх ажлын чиглэл өгч эхэлсэн. Долдугаар сарын 1-нээс Хүй долоон худагт байрлаж, үндсэн ажилдаа орно.

-Үзэгчдийг баясгах, цэнгүүлэх соёл, урлагийн тоглолт зохион байгуулах уу?

-Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборынхон урлаг, соёл, худалдаа, үйлчилгээний бүхий л арга хэмжээг хариуцана. Цэрэг, цагдаа, хүн болон мал эмнэлэг, цахилгаан, тээвэр, холбоо, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл 2500 орчим хүн тэнд ажиллана.

-Хурдан морины уралдааны журамд өөрчлөлт оруулна гэж дуулсан. Ажил хэрэг болсон уу?

-Уяачид дүрэм, журам өөрчлөгдсөн, эсэхийг байнга асууж байна. Одоогоор өөрчилсөн зүйлгүй. 2015 оны долдугаар сарын 1-ний 05 тоот тогтоол хүчинтэй хэвээр. Уг тогтоолын дагуу баталсан журамд зааснаар сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг хянана.

-Уг журамд нь юу гэж тусгасан юм бэ?

-Жишээ нь, уралдах морины сэрвээний өндөр азарга, соёолон 140, их нас 141, хязаалан 137, шүдлэн 132, даага 127 см байвал монгол морь гэж үзнэ хэмээн заасан. Үүнийг өөрчилсөн шинэ журам гаргаагүй. Есөн насны морь уралдана. Үндэсний их баяр наадмын хуулийн 2.8.1-т зааснаар эхний хоёр өдөр монгол зургаа, уяачдын наадмаар эрлийз гурван насны морь уралдуулна. Түрүүлсэн морийг таван сая төгрөгөөр байлна. Уяачид бүх хүүхдийг даатгалд хамруулсан байх ёстой. Долоогоос доош насны хүүхдээр морь унуулахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)