Ж.БАЯРЦЭЦЭГ: Эмэгтэйчүүд өөрсдөө “хохирогч”-ийн сэтгэлгээнээс салах хэрэгтэй

Иелийн их сургуулийн ерөнхийлөгч Петер Саловейн хамт

Колумбийн их сургуульд судалгаа хийж, Харвардын Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан Ж.Баярцэцэг 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдоход олзуурхах хүн олон байсан. Дараа нь түүнийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсныг уншигчид санаж буй биз ээ. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай. 2016 оны сонгуулийн дараа Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдсөнөөсөө хойш хаана, юу хийж явааг сонирхсоноор бидний ярилцлага эхэллээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээс олон нийтийн цахим хуудсанд өгүүлэл нийтлүүлэх болжээ.

-Сайн байна уу. Та одоо хаана, юу хийж байна вэ. Миний, магадгүй өөр олон хүний хувьд Төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээлгэн өгснөөс хойш сураг алдарсан тантай өгүүлэл, нийтлэлээр нь дамжуулан холбогдсондоо баяртай байна.

-Сайн, сайн байна уу. Одоогоор судалгаа хийж байна. 2017 оноос хойш АНУ-д Иелийн их сургуулийн Хуулийн сургууль болон Олон улс судлалын төвд судлаачаар ажилласан. Орчноо сольж, эрдмийн ажилд мэдлэг, чадвараа сорин, шинжлэх ухааны сүүлийн үеийн чиг хандлагаас сурxалцах нь өөрийгөө цэнэглэх том боломж юм даа.

-Судалгааны ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

-Хуульч мэргэжилтэй ч сэтгэл зүй, зан хандлага, хүний шийдвэр гаргах үйл явцыг илүүтэй сонирхон судалж байгаа. Тухайлбал, хүний зан авирт нөлөөлөх хүчин зүйл, нийгэм, эсвэл байгууллагад хэрхэн өөрчлөлт бий болдог гэх мэт сонирхолтой сэдвийн хүрээнд энэ чиглэлийн нэртэй эрдэмтэн, судлаачдаас мэдээлэл сонсон, өөрийгөө цэнэглэж явна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд, жендерийн тэгш эрхийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Аюулгүй байдлын салбарын эмэгтэйчүүдийн олон улсын байгууллага (WIIS)-ын салбарыг Монголдоо байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр зорьж явна. Одоогоор найман орны энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн талаар хийж буй харьцуулсан судалгааны Монголын хэсэг дээр ажиллаж байна.

-Сонирхолтой сонсогдож байна. Судалгааны үр дүн, онцлог зүйлсийн талаар хуваалцаж болох уу?

-Уг судалгаа арай дуусаагүй. Коронавирусийн тархалтаас болоод гацчихаад байна. Энхийг сахиулагч эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг үнэлж, дүгнэх нь судалгааны зорилго. Манай улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор олон улсад дээгүүр ордог тул судалгаанд багтсан.

-Ikon.mn цахим хуудсанд яагаад “ажиллах” болов?

-Саяхнаас цаг зав гарган нийтлэл бичиж, Ikon.mn цахим хуудсаар хүргэж эхэлсэн. Олон нийтэд зориулан нийтлэл бичсэн туршлагагүй ч эрдмийн орчинд нэртэй эрдэмтэн, судлаачидтай уулзаж, хамтарч ажиллаад эхлэхээр сонссон, мэдсэнээ бусадтай өөрийн эрхгүй хуваалцмаар санагдсан. Цаашид улс төрийн оролцоо, сонгууль, ардчилал, хүний эрх зэрэг манайд тулгамдсан асуудлаар нотолгоо, судалгаанд суурилсан нийтлэл бичих, нэртэй эрдэмтэдтэй ярилцлага хийж хүргэх бодолтой байгаа. Сүүлийн үед шийдвэр гаргах үйл явц нотолгоо, судалгаанд суурилахаас илүү сэтгэл хөдлөлд хөтлөгдөх хандлагатай байх шиг.

-Жендерийн хандлагаа өөрчлөх цаг болсныг та сүүлийн нийтлэлээрээ, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөндсөн байна лээ. Үнэхээр ч таны бичсэнчлэн “Жендерийн тэгш эрхийн талаар олон жил багагүй ажил хийж байгаа ч сүүлдээ энэ сэдэв улиг болсон гэхэд буруудахгүй болжээ. Бид энэ талаар ярьж, гаргаж тавьж, шийдвэрлэж байгаа хандлагаа эргэн харах цаг болсон нь гол асуудал”. Энэ асуудлыг эргэн харах шалтгаан хийгээд ямар арга хэлбэр ашиглавал хандлага нааштайгаар өөрчлөгдөх талаарх байр сууриа хуваалцахгүй юу?

-Хандлагаа эргэн харахыг эрчүүдэд гэхээс илүү өөрсдөдөө сануулсан юм. Манай улсад жендерийн тэгш эрх асуудал хэвээр байна. Үүний нэг шалтгаан нь уг асуудлыг шийдвэрлэх гэсэн туйлширсан хандлага. Бид эрэгтэйчүүдийг жендерийн тэгш эрхийн “дайсан” гэж харан, тэд л байхгүй бол асуудал үгүй гэх шахам хандлага цухалзуулдаг. Түүнчлэн төрийн зарим бодлого, эмэгтэйчүүдийн талаарх хөтөлбөр, төсөл нь бүсгүйчүүдийг зөвхөн “хохирогч” гэх нийгмийн дүр бүтээлгэдэг. Үүний сөрөг тал нь эмэгтэйчүүдийг сул дорой, нийгмээ түүчээлэх чадваргүй, хүлцэнгүй оролцогч гэсэн стереотипийг (тогтсон хандлага) улам өөгшүүлж буй явдал. Эмэгтэйчүүд өөрсдөө “хохирогч”-ийн сэтгэлгээнээс салах хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь бид эрэгтэй, эмэгтэй гэж хуваагдан, туйлшрахаас илүү хамтран зүтгэгч л байх ёстой. Энэ бол дэлхий нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн зарчим болсон. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, тэдний авьяас чадвар, нөөц бололцоог бүх түвшиндээ ашиглах нь улс орны хөгжилтэй шууд хамааралтай талаар НҮБ болон олон улсын бусад байгууллага, Харвард зэрэг нэртэй сургуулиуд, “McKenzie”, “Deloitte”, “Credit Suisse” гэх мэт компаниас нийт 70 гаруй судалгаа хийсэн байна. Одоо үүнийг дахин батлах, нотлох шаардлага бараг үгүй. Нэгэнт нотолгоо байгаа тул бид хандлагын зөрүүгөө арилгаад, хамтран ажиллах л хэрэгтэй.

-Нийтлэлүүдийн тань сэдэв болох жендер, цахим хэрэглээ, нийгмийн сүлжээний дам нөлөөллийн талаар хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд манайд нутагшихад хол байна даа гээд урам хугарах үе гарав уу. Та саяхан фэйсбүүктээ “Бидэнд хийх ажил их байна” хэмээн нийтлэлүүдтэйгээ холбоотой сэтгэгдэл бичсэн байсан.

-Юу гэж урам хугарах вэ. Харин ч өөр өөр үзэл бодолтой хүмүүст нийтлэл маань хүрч байна гэж талархсан. Магадгүй гарчгийг нь хараад л уншихыг хүсэхгүй хүн олон байж болно шүү дээ. Хамгийн гол нь энэ асуудлыг хөндөж, мэтгэлцээн өрнүүлэх нь чухал. Гэхдээ үзэл бодлын, эрүүл мэтгэлцээн өрнүүлэх учиртай. Харамсалтай нь, манайд энэ байдал дутмаг юм шиг санагддаг. Өөрийнхөөсөө өөр үзэл бодол, байр суурийг сонсох, зарим аргументыг нь хүлээн зөвшөөрөх нь орчин үеийн оюунт хүний чухал чадвар шүү дээ. Тэгэхгүй бол зөвхөн eco-cham¬ber гэж нэрлэдэг цуурайндаа гацаж үлдвэл бид оюун санааны цар хүрээний хувьд тэлж хөгжихгүй. Эрүүл мэтгэлцээний нэг зарчим нь асуудалд олон ургальч үзлээр хандах явдал. Гэтэл манайд хувь хүний асуудал руу халтиран орох гээд байх шиг.

-Та жендерийн хандлагын талаар тасралтгүй хөндөн бичиж буй. Үнэндээ үүнийг манайд “улс төрд хүч үзэж, шийдвэр гаргах түвшинд ажиллах гэсэн хэдэн хүүхний хэнээрхэл” гэж ойлгодог хүн цөөнгүй. Яг дээд түвшний шийдвэр гаргагчдын жендерийн нөхцөл байдал, хандлагын тухайд та юу хэлэх вэ?

-Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, үүнээс улбаатай асуудал зөвхөн Монгол төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж байна. НҮБ гэхэд л санаачилга гарган, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудынхаа тал хувийг эмэгтэйчүүдээс томилсон. Одоо энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм билээ. Эмэгтэйчүүдэд улс төр, шийдвэр гаргах түвшинд очиход, соёлын хандлага, ялгавартай байдал, нийгмийн хэм хэмжээнээс авхуулаад олон бэрхшээл бий. НҮБ-ын гишүүн 75 орныг хамруулсан саяхны судалгаагаар эрэгтэйчүүдийн 91, эмэгтэйчүүдийн 86 хувь нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн талаарх нийгэмд тогтсон хэвшмэл хандлагын bias буюу дам ялгаварлалыг хүлээн зөвшөөрсөн. Тэдний 50 хувь нь эрэгтэй хүн сайн удирдагч болно гэж хариулсан байсан. Энэ дам ялгаварлал нь зөвхөн улс төрд хөл тавьж, дарга болоход ч хамаатай бус, эмэгтэй хүний үзэл бодол, оршихуйд нөлөөлдөг. Тухайлбал, олон нийтийн сүлжээн дэх цахим дарамтад эмэгтэй улстөрч, шийдвэр гаргагч, СЕО нар илүү өртдөг. Үүнээс болоод эмэгтэйчүүд тодорхой шатанд хүрэхээрээ нийгэмд тогтсон хэм хэмжээний эсрэг дуугарахаас эмээж, хүлээлтийн дагуу л ажиллахад хүргэдэг гэсэн судалгаа бий. Үүнийг АНУ-ын сонгуулийн кампанит ажлаас харж болно. Эмэгтэй нэр дэвшигч сайн эзэгтэй, эхнэр, ээж байх, нийгмээ халамжлах талаар ярихад олны дэмжлэг авах жишээтэй. Харин эрэгтэйчүүдийн гэгддэг сэдвээр яривал олон нийтээс “шийтгэж”, хүлээж авдаггүйг эдгээр судалгаа нотолдог. Ийм байдалтай эвлэрэх бус, өөрчлөх хэрэгтэйг энэ нь улам нотолж буй хэрэг.

-Хүүхдийн хүчирхийлэл газар авч байхад эмэгтэй улстөрчид анхаарсангүй, хүүхдүүд эмнэлгийн коридорт, шалан дээр эмчлүүлж байхад эмэгтэй гишүүд хаачив гэж бухимдаж, шүүмжилдэг нийтлэг дүр төрх манайд бий. Чухам энэ нь эргээд ийм ийм үүрэг эмэгтэй хүнийх, тийм ажил нь эрчүүдийнх гэсэн хэвшмэл ойлголтыг улам бэхжүүлээд байна гэж боддог уу?

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хувьд нийгмээрээ тэднээс хэт их зүйл хүлээдэг. Эмэгтэй улстөрч бараг ид шидтэн байх ёстой мэтээр ханддагаас нийгэмд хүлээлтийн зөрүүний зөрчил үүсдэг. Ийм ижил зүйлийг эрэгтэй улстөрчдөөс хүлээж байгаа, эсэх нь бас л дам ялгаварлалттай холбоотой асуудал. Хандлагаа өөрчлөхийн тулд шинэ хууль батлах, хүчирхийлэгчийг барьж хорьдог шорон, эсвэл хохирогчийн хамгаалах байр бариад бүгд шийдэгдэхгүй л дээ. Бидний үзэж, судалж байгаа кино, сурах бичигт дандаа эрэгтэй даргын зураг байвал эрэгтэй хүн л дарга байх ёстой гэдэг хандлага улам л батжина. Бид хөвгүүд, охидоо багаас нь энэ хэвшмэл хандлагаас өөрөөр хүмүүжүүлэх, сурах бичиг, хэвлэл мэдээллийн контент, орчин үеийн инфлуенсэрүүдийн үлгэр жишээнээс л энэ байдал өөрчлөгдөнө. Жишээ нь, НҮБ-ын Хүүхдийн байгууллага саяхан Солонгосын хамгийн алдартай хамтлаг BTS-тэй хамтран ажилласан.

-Та улс төрд хүч үзэх үү?

-Би улс төрийн орчинд идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ энэ нь заавал УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэсэн үг биш. Улс төрийн оролцоо гэдэг нь өргөн ойлголт. Судалгааны ажил хийх, нийгмийн үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэх зэрэг янз бүрийн хэлбэрээр оролцож болно шүү дээ.

-Таныг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад л Монголын хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар ярьж байсан. Өнөөдөр ч ярьж байна. Энэ хугацаанд Засгийн газар, сайд нь, салбарын томоохон хуулиуд, тэр ч бүү хэл Үндсэн хууль өөрчлөгдлөө.

-Аливаа салбарын шинэчлэл удаан хугацааны, байнгын үйл явц байдаг. Анхны үзэл санаа, зарчим нь тасралтгүй үргэлжилж байгаа, эсэх нь л чухал. Энэ салбарын шинэчлэл хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөс эхэлсэн. 2012-2016 онд дангаараа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд манай яамнаас батлуулсан 20 гаруй хууль бий. Хэдийгээр эрүүгийн шинэчлэлийн гол, томоохон хуулиуд нь нэлээд өөрчлөгдсөн ч бусад, тухайлбал, хүний эрхийг баталгаажуулсан баримт бичгүүдийг одоо ч мөрдөж байгаа. Жишээ нь, Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын үйл ажиллагааг анх удаа нэг стандартад оруулан зохицуулсан. Ингэхдээ хүний эрхийг хангах үүднээс шийдвэр гаргах үйл ажиллагааны стандарт, иргэдийн оролцоог баталгаажуулсан чухал суурь хууль болгон батлуулсан. Бас Хууль, тогтоомжийн тухай хуульд хуулийн төсөл боловсруулах, батлуулах үйл явцад аль болох олон нийтийн санал бодлыг тусгасан байхаар хуульчилсан. Мөн хуулийн төслийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах тогтолцоог бүрдүүлсэн гэж үздэг. Үүнийг хэрэгжүүлээд л явж байна. Анх 2002 оноос ярьж, дуугарч эхэлсэн, эрх зүйн чадавхыг дээшлүүлэх, хууль зүйн туслалцааны талаар ч дурдаж болно. 2015 онд байгуулсан Хууль зүйн туслалцааны төв одоо Бүх нийтийн эрх зүйн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр болон өргөжөөд байна. Энэ салбарын “Хүний эрхийг хангах шалгуур үзүүлэлт” гэх мэт хүний эрхийн зарчимтай нийцүүлэх чиглэлээрх олон ажил анх удаа хийгдсэн. Цаашид ч хүн рүүгээ хандсан, түүнийг хамгаалах тогтолцоо руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай.

-Энэ хугацаанд хууль зүйн салбарт нааштайгаар өөрчлөгдсөн, ахиж дэвшсэн зүйл гэвэл юуг хэлэх вэ?

-Одоо мэдээлэлд ойр биш байгаа учраас тодорхой хэлж мэдэхгүй юм. Бидний үед эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй байсан. Хөрөнгө оруулалт байтугай урсгал зардал, цалингийн төсвөө хүртэл тануулдаг байлаа шүү дээ. Одоо хөрөнгө оруулалт, төсвийн хүрэлцээ, хуваарилалт харьцангуй сайжирсан байх.

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан түүнийг одоо хууль хяналтын байгууллага шалгаж, эрэн сурвалжилж, эх орондоо ирэхгүй байна гэх мэтээр бичиж, ярьж байна. Та түүнтэй холбоотой байдаг уу?

-Би огт холбоогүй байгаа тул тодорхой мэдээлэлгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)