Ж.БАЯРМАГНАЙ: Газар тариалан хэмээх эрсдэлтэй салбарт мэргэжилдээ хайртай нь л тууштай зүтгэдэг

Шинэ оны босго, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр Монгол Улсын гавьяат агрономич цолоор энгэрээ мялаасан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, “Чагтай” компанийн ерөнхий захирал Ж.Баярмагнайтай ярилцлаа.

-Танд Монгол Улсын гавьяат агрономич цол хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Өнгөрсөн онд арвин ургац хураав уу?

-Ургац арвин байлаа. Манай компани 3500 га газарт тариалалт хийсэн. 1888 га талбайд улаан буудай тарьсан юм. Нэг га-гаас дунджаар 15.2 центнер ургац хураан авч, улсдаа 2200 тонн улаан буудай тушаалаа. Мөн арвай, овьёос, гурвалжин будаа, рапс тариалсан. Шар хошоон гэж хоёр наст тэжээлийн ургамлыг сүүлийн хоёр жил тарьж байна. Өнгөрсөн жил шар хошооноо хурааж хадлан бэлтгэсэн. Энэ буурцагт ургамал хөрсийг азотоор борддог. Шар хошооныг манай компани Монголд анх удаа тарьж туршиж байгаа юм. Шар хошоон нь агаар дахь азотыг татаж аваад хөрсийг борддог. Монгол орны хөрсний 98 хувь нь азотоор дутмаг. Иймээс тариалалт хийхийн тулд азотын бордоогоор бордох шаардлага тулгардаг. Энэ ургамлыг тариалснаар биологийн аргаар хөрсөө бордож байна гэсэн үг.

-Тэгвэл нэг сумаар хоёр туулай буудах ургамал юм байна. Малын тэжээл бэлтгэчихнэ, хөрсөө бордчихно.

-Нэг сумаар гурван ч туулай буудах ургамал. Хөрсөө бордох, малын сайн чанарын уурагт тэжээл болохоос гадна маш их балт ургамал юм. Шар хошоон тариалах нь миний эрдмийн зэрэг хамгаалсан ажил. Би энэ чиглэлийн сэдвээр ОХУ-ын Буриад улсын Хөдөө аж ахуйн академид докторын зэрэг хамгаалсан. Судалгааныхаа ажлыг ийнхүү үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

-Үйлдвэрлэлийн үр дүн нь ямар байна вэ?

-Үр дүн нь сайн байна. Ховор таримал учраас үр нь олдоц муутай, үнэтэй байдаг. Тиймээс өөрсдөө үрээ үйлдвэрлэх зорилт тавьсан. Нэг га талбайг азотын бордоогоор бордвол дор хаяж сая төгрөгийн зардал гаргадаг. Өөрийн үрээр хангах зорилтоо биелүүлбэл тэжээл тариад, хөрсөө бордоод байх боломжтой. Энэ бол эдийн засгийн үр ашигтай технологи.

-Манай тариалангийн бүс нутгийн хөрсний үр шим муудаж байгаа тухай байнга ярьдаг. Шар хошоон тариалахыг дэлгэрүүлбэл тустай юм биш үү?

-Манай орны хөрс хөнгөн, механик бүтэцтэй. Иймээс салхины элэгдэлд хялбар өртөх аюултай. Мөн ялзмагийн агууламж бага. Ялзмагийн агууламж нь дээд тал нь гурван хувь байдаг. Иймээс Монголд тариа тарья гэвэл хөрс хамгаалах технологийг хамтад нь хөгжүүлж байж амжилтад хүрнэ. Нэг сантиметр хөрсийг бий болгоход 700-800 жил хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн хаана ч хөрс үйлдвэрлэж чадахгүй. Байгалийн олон жилийн нөлөөгөөр бий болдог эд. Гэхдээ хүн төрөлхтөн хөрс үүсэхэд ч, устахад ч нөлөөлж буйг эрдэмтэд тогтоосон. Шар хошооныг аж ахуйн нэгжүүд сонирхож байна. Би Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар хоёр жил ажилласан. Тэнд буурцагт ургамлын секторыг шинээр байгуулсан. Манай хүрээлэн буурцагт ургамал судалдаггүй байсан юм билээ. Таримлыг сэлгэн тариалах системд буурцагт ургамал аль болох их хувийг эзэлбэл үр дүнтэй. Ингэвэл хөрс шим тэжээлээ байнга хадгалах юм. Шар хошооноор сэлгэн тариалалт хийх боломжтой нь практикт нотлогдлоо. Цаашдаа улс орон даяар дэлгэрүүлэх боломжтой гэж боддог.

-“Атрын IV аян”-ыг Засгийн газраас зарласан. Уг аянаар хөрс хамгаалахад түлхүү анхаарна гэсэн. Тариаланчид маань хөрсөө хэр хамгаалж байна вэ?

-Тариаланчид хөрсөө хамгаалахын ач холбогдлыг ойлгосон. “Гацуурт” компани 2003 онд Канадын хөрс хамгаалах технологийг Монголд нэвтрүүлсэн. Энэ бол тариаланч бидний мөрөөдөл байлаа. Хөрс хамгаалах технологийн дагуу ажилладаг техникийн зургийг сэтгүүл дээрээс л хардаг байв. “Гацуурт” оруулж ирснээс хойш ихэнх компани хөрс хамгаалах технологийн дагуу ажилладаг иж бүрэн техниктэй болсон. Аль болох бага хөндөх, нэг явалтаар олон үйлдэл хийх технологийг хөрс хамгаалах технологи гэж нэрлээд байгаа юм. Манайхан хөрсөө хамгаалах технологийг байнга сайжруулж байна. Бидний хүсэж тэмүүлж буй технологи бол тэг боловсруулалт. Энэ нь хөрсийг тарихаас бусад үед огт хөндөхгүй, боловсруулалтыг нь химийн аргаар хийх технологи юм. Ингэж тариалсны дараа буудайгаа хурааж аваад сүрлийг нь хэрчиж цацан хөрсөө хучина. Хэрчиж цацсан сүрэл хөрс салхинд хийсэх, чийг ууршихаас хамгаалдаг. Хөрс чийгтэй байвал дараагийн ургацад сайнаар нөлөөлнө. Өнөөдөр тэг боловсруулалтын технологийг томоохон компаниуд нэвтрүүлээд эхэллээ. Манай компани ч гэсэн тэг боловсруулалт хийх техникээ бүрдүүлсэн. Техник, сэлбэг өндөр үнэтэй учраас тариаланчдад хүнд. Гэхдээ хүнд гээд хөрсөө устгаад суултай биш, тэг боловсруулалтын технологи руу шилжихээс өөр замгүй.

-Та бол зөвхөн улаан буудай тариалдаг хүн биш, “Амьдрал хашаанд байна” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, аймгийнхаа иргэдийг хашаандаа төмс, хүнсний ногоо тариалдаг болгосон гэж сонссон. Сумын Засаг дарга байх үеэсээ эхлүүлээд аймгийн Засаг дарга болсон ч энэ хөтөлбөрөө орхиогүй гэсэн үү?

-Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаар 1996 онд томилогдсон. Тухайн үед манай улс зах зээлд шилжиж байлаа. Бүх зүйл нь замбараагүй байдалтай, яахаа ч мэдэхээ байсан үе. Сумаар дүүрэн ажилгүй хүмүүс. Манай сумд 100 гаруй ажилтантай Хөдөө аж ахуйн техникум байлаа. Үйл ажиллагаа нь зогсчихсон. 600 ажилтантай сангийн аж ахуй маань зургаан компанид хуваагдсан ч олигтой үйл ажиллагаа явуулж чадахгүй байв. Ингээд би “Амьдрал хашаанд байна” гэсэн уриатайгаар ажилласан. Энэ зорилгынхоо хүрээнд сумынхаа иргэдийн дунд хашаандаа худаг гаргах, халуун ус барих, ногоо тарих бодлого хэрэгжүүлсэн. Тухайн үед хүнсний ногооны эрэлт маш их байсан ч төмс, хүнсний ногооны том сангийн аж ахуйнууд дампуурчихсан байв. Хятадын ногоо л орж ирж байсан үе. Ингээд гадаадын төсөл, хөтөлбөрийг уриад, албан бус боловсролын төвийг сургууль дээрээ байгуулж ногоо тарих сургалт хийсэн, дараа нь үрээр хангасан. Хашаандаа худаг гаргавал тухайн өрхийг 10 мянган төгрөгөөр урамшуулж байв. ОХУ-ын Буриад улсын тусламжаар сумдаа таван саун барьсан юм. Үүнээс үлгэрлээд хашаандаа саун барих уриалга гаргаж, барьсан айлд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож байлаа. Агрономич хүний хувьд байгаа боломж нөхцөлөө ашиглаж сумынхаа иргэдийг ингэж орлоготой болгосон. 

Дараа нь аймгийн Засаг дарга болохдоо өрхийн аж ахуйг хөгжүүлэхийг мөрийн хөтөлбөрийнхөө гол болгосон. Манай нутагт өрхийн аж ахуйг хөгжүүлэх суурь нь бэлэн байв. Үр шимтэй хөрстэйгөөс гадна сэлэнгэ, хангай, ерөө, орхон үүлдрийн үхрүүд өрх айлуудад байлаа. Мөн урьдын сангийн аж ахуй, мал аж ахуйн фермд ажиллаж байсан мэдлэг, чадвартай боловсон хүчин нь ч байсан. Социализмын үед бий болгосон энэ суурь баазад тулгуурлан өрхийн аж ахуйг хөгжүүлсэн. Иргэд ч дэмжсэн. Айлууд төмс, хүнсний ногоо тарих нь тариад, жимс жимсгэнээ ургуулаад, зөгийгөө үржүүлэн Сэлэнгийн иргэд өрхийн аж ахуйн тухай л ярьдаг болсон. Хөтөлбөрөө хоёр жил хэрэгжүүлсний дараа “Өрхийн аж ахуй эрхлэхэд хэн саад болж байна вэ” гэсэн зөвлөгөөн хийлээ. Иргэдийнхээ саналыг сонсож, саад болж буй зүйлийг нь шийдвэрлэсэн. Үүнд миний мэргэжлийн хандлага нөлөөлсөн гэж боддог. Би 2000 онд аймгийн Засаг даргын орлогч болсон юм. Тухайн үед Р.Нямсүрэн гуай аймгийн Засаг дарга байлаа. Р.Нямсүрэн гуай намайг уриад “Чамайг орлогчоороо ажиллуулмаар байна. Нэгдүгээрт, чи залуу хүн, хоёрдугаарт, манай аймаг ОХУ-ын Буриад улстай хиллэдэг. Буриадтай хамтын ажиллагаатай байх шаардлагатай байна. Чи хил дээр 10 жил ажиллаж, буриадуудтай найз болсны зэрэгцээ агрономич мэргэжилтэй. Газар тариалангийн нутгийн гол удирдлагад аргономич хүн ажиллуулахгүй бол болохгүй” гэж хэлээд Засаг даргын орлогчоор томилж байлаа. Ер нь газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймгийн удирдлагад агрономич хүн байх ёстой гэж боддог. Манай аймаг улсын газар тариалангийн 60 хувийг дангаараа хариуцаж байна шүү дээ.

-Сэлэнгэ шилдэг аймаг, та шилдэг Засаг дарга болж байсан юм билээ. Өрхийн үйлдвэрлэл хөгжүүлсэн гээд шилдэг болгож байв уу?

-Би аймгийнхаа Засаг даргаар 2004-2008 онд ажилласан. Энэ хугацаанд 2007, 2008 онд дараалж шилдэг аймаг, шилдэг Засаг дарга болж байлаа. Өрхийн аж ахуйг хөгжүүлж, иргэдээ ажилтай, орлоготой болгосон нь шилдэг болох гол үзүүлэлт байсан.

-Хүмүүс таныг буриадуудтай ойр ажиллаж байсан гэх юм билээ. Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалыг хойшоо яваад олоод ирдэг байсан гэдэг.

-Алтанбулагийн сангийн аж ахуйн ерөнхий агрономичоор томилогдоод буриадуудтай холбоотой ажиллаж эхэлсэн. Хуучин цагт сангийн аж ахуйнууд хоорондоо маш сайн холбоотой ажилладаг байлаа. Бид сүрэл, өвс, тэжээлийн буудайгаа хойшоо борлуулна, тэгээд сэлбэг шатахуун, техник авдаг байв. Хил орчмын л наймаа юм даа. Иймэрхүү байдлаар эдийн засгийн нягт холбоотой болсон. Хамтарч ажиллаад ирэхээр найз нөхдийн холбоо өргөжих нь мэдээж. Жишээ болох нэг дурсамж ярья. 2002 онд улс даяараа улаан буудай тариалах гэтэл үр байдаггүй. Хөдөө аж ахуйн яам үр оруулж ирнэ гэж хөөцөлдөөд бүтээхээ больсон. Гэтэл Засгийн газраас “Та нар өөрсдөө яваад хөөцөлд” гэлээ. Тэгээд Р.Нямсүрэн дарга бид Буриадын ерөнхийлөгч Л.В.Потаповтой очиж уулзаад 4000 тонн үр авахаар болж, үрээ 20 хоногт оруулж ирж тараасан. Ингэж үрийнхээ 68 хувийг бид элит болгож чадсан. Ганд тэсвэртэй, богино болцтой сортын элит үр оруулж ирсэн.

-Та Буриад улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан. Энэ цолыг замын хэн нэгэнд өгчихгүй байлгүй.

-Буриад улс, Сэлэнгэ аймгийн эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хамтарч ажиллахад хувь нэмрээ оруулж, хичээл зүтгэл гаргасан гэж Буриадын Ерөнхийлөгч үнэлээд гавьяат цолоо олгосон байх.

-Буриад хүн учраас буриадуудтай ойр байв уу. Хойд талынхан Цөх голыг гаталж Монголын нутагт ирээд манай буриадуудтай дуулж, хуурдаж байгаад үүрээр буцдаг байсан гэх яриа сонссон.

-Буриад хүндээ ч биш юм. Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй, оросоор чөлөөтэй ярьчихдаг, хилийн сумд ажиллаж байсан маань нөлөөлсөн байх. Тухайн үед хоёр улсын хооронд хилийн худалдаа ид өрнөж байлаа. Арилжаа наймаа хийж, хамтран ажиллаж яваад л олон буриад найзтай болсон. Социализмаас өмнө хоёр улсын буриадууд наашаа, цаашаа чөлөөтэй зорчдог, нэг талдаа цуглаж Эв модны наадмаа хийдэг байсан. Таны сонссон яриа бол бодит үнэн. Харин социализмын үед соёл, уламжлалын энэ харилцаа алдагдсан. Нэг мод нь Монголдоо, нөгөө нь Буриаддаа хадгалагддаг үе байсан учир хоёр модоо эвлүүлээд буриадууд Эв модны наадам хийдэг. “Эв мод эвээрээ байна, хэвээр байна” гээд хоёр талын ах дүүс, найз нөхөд уулздаг юм. Алтанбулаг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 1999 онд санаачилга гаргаад Буриадын Хиагт хоттой хамтарч өөрийн нутагт Эв модны наадмыг сэргээн хийж байлаа. Түүнээс хойш аймгийн Засаг дарга болоод уламжлал болгон үргэлжлүүлсэн.

-Газар тариалангийн салбарт хэдэн жил ажиллав. Улс төрийн албан тушаал хашиж байсан ч газар тариалангаасаа хөндийрөөгүй юм биш үү?

-Би Д.Ичинхорлоо, Б.Дорж, н.Аваадорж, Н.Бямбажав, Р.Бор тэргүүтэй мундаг эрдэмтдээс номын дуу сонсож Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр 1982 онд төгссөн. Төгсөөд Хөдөө аж ахуйн удирдах газарт үрийн агрономичоор нэг жил, дараа нь 1983-1992 он хүртэл Алтанбулагийн сангийн аж ахуйн ерөнхий агрономичоор ажилласан. Ингээд сангийн аж ахуйнуудыг хувьчлахад “Чагтай” компаниа байгуулж байлаа. Намайг ерөнхий агрономичоор ажиллаж байхад манай аймгийн даргаар Г.Төмөрбаатар, Намын хорооны нэгдүгээр даргаар Ш.Гунгаадорж гуай ажиллаж байлаа. Ш.Гунгаадорж гуай хожим Ерөнхий сайд болсон агрономич мэргэжилтэй хүн. Түүнийг манай аймгийн удирдлагад ажиллаж байхад Монгол Улсын газар тариалангийн салбар маш эрчимтэй хөгжсөн гэж боддог. Би газар тариалангийн салбарт 38 жил зүтгэхдээ компани, сум, аймгийн хэмжээнд газар тариаланг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллалаа. Мөн эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан. Тэгэхээр газар тариалангийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, удирдлага, зохион байгуулалт гэсэн гурван гол чиглэлд ажиллажээ.

-Та 1992 онд “Чагтай” компаниа байгуулсан. Зах зээлийн нийгэмд шилжиж байсан тэр үед газар тариалангийн салбар уналтад орсон гэдэг. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байв уу?

-Сангийн аж ахуй бүрийг жижиг компани болгон хувьчилсан. Түүний нэг нь л манай компани. Би ерөнхий агрономичийн хувьд сангийн аж ахуйнхаа нэг хэсгийг хувьчилж авсан юм. Миний хувьд зах зээлийн харилцаанд компани удирдахад олон бэрхшээл давна, мэдлэг чадвар шаардана гэдгийг ойлгож байлаа. 1993 онд нэг сая гаруй төгрөгийн зардал гаргаад, Сингапурт очиж сургалтад хамрагдан зах зээлийн нийгмийн талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болсон. Тухайн үед сангийн аж ахуйг хувьчилж авсан хүмүүсийн олонх нь социалист сэтгэхүйгээс салаагүй байлаа. Иймээс дийлэнх нь дампуурч, дараагийн эзэд нь сэргээн босгосон. Нэг хэсэг тариалалт 20 дахин унаж байлаа. Тариалангийн ихэнх талбай ч атаршсан. Гурилын үйлдвэрүүд дампуурчихаар газар тариалангийн салбар дагаад уначихдаг. Тариаланч, гурил үйлдвэрлэгч хоёр нягт холбоотой. Манай компани 1999 онд Сэлэнгийн гурилын үйлдвэрт 1000 тонн улаан буудай тушаачихаад мөнгөө авч чадахгүй сууж байлаа. 2000 оноос төр, засгаас ч дэмжсэн, гурилын үйлдвэрүүд ч байгуулагдаж эхэлснээр газар тариалан сэргэсэн. “Алтан тариа” компанийг П.Цэнгүүн худалдаж аваад шинэ менежментээр ажиллуулсан бол “Улаанбаатар гурил” 2001 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн. Тариаланчид “Улаанбаатар гурил”-д буудайгаа тушаагаад бараг л анх удаа гар дээрээ мөнгө тавьж үзсэн юм шүү. Гурилын үйлдвэр хөгжиж байж тариаланчид амьдардаг. Тариаланч хүний ажил буудайгаа цэвэрлээд, сортлоод, гурилын үйлдвэрт тушаасны дараа л дуусдаг. Ингэсний дараа л ургац авлаа гэж ярих нь хамгийн зөв. Түүнээс биш, үтрэм дээр хэдэн нуруу буудай буулгачихаад ургац авлаа гэж ярьж болохгүй. Тэр нь гурилын үйлдвэрт тэнцэхгүй бол яах вэ. Жишээ нь, манай компани 2010 онд га-гаас 32 центнер ургац авч, 3000 гаруй тонн улаан буудай хураасан ч гурилын үйлдвэрийн шаардлагад тэнцээгүй. Түүнийгээ тэжээлд л нийлүүлсэн. Дараа жил нь ган болоод га-гаас зургаан центнер ургац хураатал гурилын үйлдвэрт тэнцчихсэн. Бүр борлуулалтын орлого нь өмнөх жилийнхтэйгээ тэнцсэн дүн гарч байлаа. Тэгэхээр тариаланчид бид чанарт анхаарах хэрэгтэй. Иргэдийнхээ хэрэгцээг хангахуйц, гурил болохуйц буудай тариалах шаардлагатай. Ингэвэл эдийн засгийн үр ашиг нь ч өндөр байна.

-Газар тариалан, тэр дундаа буудай тариалах нь маш эрсдэлтэй. Байгалийн гамшиг тохиолдвол мөнгөө салхинд хийсгэнэ. Ийм эрсдэлтэй салбарт мэргэжилдээ хайртай, эсвэл хөдөө аж ахуйд дуртай хүмүүс бизнес хийдэг болов уу гэж боддог.

-Санал нэг байна. Хамгийн эрсдэлтэй салбар гэдэгтэй хэн ч маргахгүй. Манай нутаг эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас тариа ургаж ч магадгүй, ургахгүй байж ч мэднэ. Ийм эрсдэлтэй салбарт бизнес хийнэ гэдэг нэг талаар зоригтой, нөгөө талаар мэргэжилдээ хайртай хүмүүсийн ажил. Эрсдлийг хэрхэн давах нь тариаланч хүний оюун ухаан, чин сэтгэлээс хамаарна. Оросын алдарт эрдэмтэн, академич Т.Мальцев гуай “Тариаланч, байгаль хоёр шатар тоглодог. Байгаль цагаанаар түрүүлж нүүдэг. Харин тариаланч яаж хориглох вэ гэж боддог. Хожих, эсэх нь тариаланчийн ухаанаас шалтгаална. Байгалийн байнга нүүх дуртай нүүдэл нь ган. Тиймээс гантай тэмцэхийн тулд ямар нүүдэл хийхээ байнга бодож байх ёстой” гэж хэлсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тэмцдэг гэхээр үнэхээр эрсдэлтэй бизнес.

-Төр, засгаас 2000 оноос тариаланчдыг дэмжсэн гэж ярилаа. Хэрхэн дэмжиж байсан бэ. “Атрын III аян”-ыг эхлүүлж, тариаланчдад урамшуулал олгодог болсон. Үүнийг газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд дорвитой хөшүүрэг болсон гэж боддог.

-Тариаланчид 2000 онд долоон тэрбум төгрөгийн өртэй болсон байлаа. Өрөө төлөх чадал бидэнд бараг үгүй. Ерөнхий сайд Н.Энх-баяр, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нар шийдвэр гаргаж, тариаланчдын өрийг тэглэсэн. Тэгээд “Уринш” хөтөлбөр боловсруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тариаланчид уриншаа боловсруулж чадахаа больсон үе л дээ. Газар тариалангийн салбар сэхэл авахад Н.Энхбаяр, Д.Насанжаргал нар бодитой хувь нэмэр оруулсан гэж боддог. Ерөнхий сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Нямсүрэн нар 2007 онд намрын ажлаар Сэлэнгэд очиход нь “Газар тариаланг татаастай болгохгүй бол цаашид дорвитой хөгжихгүй” гэдгийг би хэлж байлаа. 

Дэлхийн бусад орны газар тариалангийн салбар нь татаастай хөгжиж байгааг ч дуулгасан. Төр, засгийн удирдлага саналыг маань нааштай хүлээн авч, татаас олгох арга хэлбэрийн талаар тодруулахад “Ажлын эцсийн үр дүнд нь урамшуулал олговол шударга дэмжлэг болно” гэсэн саналаа хэлсэн юм. Улсад их буудай тушаавал илүү урамшуулал авах нь шударга биз дээ. Харин гурил болохгүй буудай тарьсан хүнийг урамшуулбал шударга биш. Удалгүй Засгийн газар тогтоол гаргаж улаан буудайд урамшуулал олгож эхэлсэн. Түүнээс хойш улсад тушаасан тонн буудай тутамд 50-100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна. Ийм арга хэмжээ аваагүй бол тариаланчид өнөөдөр бүгдээрээ рапс ургуулдаг болчихсон байхыг үгүйсгэхгүй. Улаан буудай бол Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн. Эх орноо улаан буудайгаар бүрэн хангахын тулд эдийн засгийн ийм хөшүүрэг хэрэглэсэн нь зөв болсон гэж боддог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)