Ж.БАЯНЦАГААН: Уул намайг хүлээдэг, би уулаа үгүйлдэг

Монголын уулчдын үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч, ОУХМ, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ж.Баянцагааныг уулын спортынхон “ах аа” хэмээн хүндэлж харилцдаг. Арга ч үгүй биз. Энэ спортод хөл тавихаар ирэхэд нь халуун сэтгэлээр угтан авч, урам хайрлан зоригжуулдаг хүн бол энэ эрхэм. Түүний удирдлагад олон залуу бэлтгэл сургуулилалтаа базаан уулчин болж, өндөр оргилуудад авирч, гайхамшгийг нь мэдэрсэн гэдэг. Тэд “Уулын хүү”-тэй багш, шавийн барилдлага тогтоож, зовлон, жаргалаа хуваалцсаар ирсэн. Түүнд уултай хуваалцсан маш олон дурсамж бий. Тэрбээр мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй, мөгөөрст нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргилд хөл тавьж, хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлсэн нэгэн билээ.

-Өвөл эхлэхтэй зэрэгцээд уулчид хийморио сэргээх, бэлтгэлээ базаахаар оргилд авирдаг. Амжилт, эрсдлийн аль алиных нь замд уулчдын амьдрал өрнөх юм аа. 

-Ууланд авирах нь нэг талаар спорт, нөгөө талаар биеийн тамир юм. Монголчууд өндөр оргилд гарч, хийморио сэргээж ирсэн уламжлалтай. Эзэн богд Чингис хаан “Өндөр ууланд гарч, өргөн далайг хар. Хүлгийн сайныг уна, хүнтэй танилц” хэмээн сургаал хайрласан байдаг. Оргилд гарчихаад орчныг ажиглаж зогсоход үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг уулчин хүн бусдаас илүү мэдэрдэг юм. Би спортын гараагаа гүйлтийн цанаар анх эхлүүлсэн ч 50 гаруй жил уултай нөхөрлөлөө. Ууланд гарахгүй хэд хоновол дотор давчдаад сууж төвддөггүй. Долоо хоногт нэг удаа Богд ууланд гарахаар сэтгэл сэргээд, бие хөнгөрч сайхан болдог. “Уул морийг зовооно, уур биеийг зовооно” гэдэг үг бий. Миний хувьд уул биеийг зовоодоггүй, харин ч эрүүл саруул байлгах эрч хүч хайрладаг.

-Та уулын спортод хүч, хөдөлмөрөө зориулж, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 30 жил ажиллалаа. Уултай нөхөрлөсөн он жилүүд тань энэ спортын зовлон жаргал, баяр хөөр, дурсамжийг бишгүй л үлдээсэн байлгүй.

-Би 1968 оны есдүгээр сард “Барилгачин” нийгэмлэгийн дэргэдэх уул, тойрон аяллын дугуйланд хичээллэхээр хөл тавьж байв. Биеийн тамирын төв байгууллагууд 16 настай хүүхэд авахгүй, заавал нас биед хүрсэн хүн авна гээд зөвшөөрдөггүй. Тухайн үед би хөнгөн атлетик, гүйлтийн цанаар хичээллэж, залуучуудын шигшээ багт нэр дэвшсэн байлаа. Миний ууланд авирах оргилуун хүслийг нутгийн минь уулс бадраасан. Тиймээс уул миний бахархал. Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол миний хэлд, хөлд орсон газар. Алдарт Отгонтэнгэр хайрхнаас 20 км-ийн зайд оршдог. Энэ нутагт хүүхэд насны минь дурсамж, үлджээ. Отгонтэнгэр хайрхан цаг агаар, байгалийн үзэгдэл ямар байхыг цаг уурчдаас дутуугүй хэлдэг. Биднийг хонь хариулахаар явахад ээж минь “Хойд хамар дээр гарч хайрхныг хараад ир” гэнэ. Хамар дээр гараад хайрхныг харахад битүү үүлтэй байвал бороо орохын шинж тул энгэрт нь, хайрхны орой бүртийх ч үүлгүй харагдвал оройгоор нь хонио хариулж байгаад ирдэг байлаа. Манай нутгийн зон олон энэ уулаараа тэнгэр эрхсийг шинжсээр ирсэн. Аглаг сайхан хангайд төрж өссөндөө би баярладаг. Төрсөн нутагтаа үр хүүхэд, ач, зээ нараа дагуулж очоод “Аав, өвөө нь ийм сайхан газар төрж өссөн юм шүү дээ” гээд нутгийнхаа байгалийн сайхныг харуулдаг. 

-Уулын ертөнцөд хөл тавьсан хүмүүсийг харахад өссөн орчин нь их нөлөөлсөн байдаг. Өндөр уулстай нутагт төрж, өссөн болохоор та оргилын гайхамшгийг мэдрэхээс татгалзаагүй байх л даа.

-Хүүхэд байхдаа нутгийнхаа уулсаас сүрддэг байлаа. Намайг уулчин болоход нөлөөлсөн нэг зүйл байдаг юм. Би ном их уншдаг. Аймгийнхаа номын сангийн ихэнх номыг уншсан болохоор “Тэргүүний уншигч”-аар шалгарч, зураг минь номын сангийн үүдэнд өлгөөтэй байдаг байв. 1965 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт, орчуулагч Г.Амар гуай Дэнзэн Норгайн “Цаст уулын барс” хэмээх номыг монгол хэлнээ орчуулсныг номын дэлгүүрээс харчихаад унших хүсэл төрж билээ. Ээжээс “Би ном авч унших гэсэн юм, та надад мөнгө өгөөч” гэж гуйлаа. Ээж минь хэдий бага боловсролтой ч судар сайн мэддэг байсан тул дуртай зөвшөөрлөө. Гар чийдэн тусгаж байгаад номоо шөнөжин уншсан. Уншаад дуусчихсан хэрнээ хорхой хүрээд дахин уншлаа. Энэ номд уул, уулчин нэгнээ хэрхэн мэдэрдэг нарийн нандин холбоо, тэр дундаа уулчин хүн замдаа ямар их саад, бартааг даван туулж, оргилыг эзэлдэг, оройд нь гараад хамгийн сайхан мэдрэмж авдаг тухай өгүүлсэн байв. Тэр цагаас оргилд авирах хүсэл минь уул руу хөтөлсөн. Би хүүхэд байхын хурдан хөдөлгөөнтэй. Уулын энгэр хаданд ургасан сонгиныг ямаа идэх гэж байгаад боогдчихно. Ямааг аврахын тулд хаданд авирч гараад буулгадаг байв. Энэ мэтчилэн хүүхэд байхаасаа хаданд авирч сурсан. 

-Таныг анх уулын спортод хөл тавихад Монголд уулчин цөөн байсан болов уу?

-1951 оноос Монголд уулын спорт үүсэж хөгжсөн байдаг. Намайг анх хичээллэхэд 20 гаруй хүн байлаа. Би уул, тойрон аяллын дугуйланд орчихоод, ахдаа энэ тухайгаа хэлтэл огт зөвшөөрсөнгүй. Манай ах тэр үед Нийгмийг Аюулаас хамгаалахын яаманд ажилладаг, хурандаа цолтой байв. 1965 онд Түргэний уулсад хүмүүс осолдсоныг ах сонсчихоод “Чи уулын спортоор хичээллэх хэрэггүй, цанаараа л гулга” гэв. Ахыг зөвшөөрөхгүй болохоор нууцаар хичээллэлээ. Намар нь СЭЗДС-ийн оюутан болоход ээж надтай уулзахаар Улаанбаатарт ирсэн юм. Ээжид ах “Энэ нөхөр ууланд авирч, унаж үхэх гээд байна шүү” гэж ховлоход “Ямар хамаа байсан юм, миний хүү ууланд авирч л байг. Хүүхэд байхдаа Даянгийн оройгоор бишгүй л хонь хариулсан даг, дүү чинь алзахгүй ээ” гэж хэлснээр миний уулчин болох зам шулуудсан. Спортод ерөнхий нарийн бичгийн даргаар 30 гаруй жил ажилласан хүн Монголд надаас өөр байхгүй. МҮОХ-нд 1986 оноос хойш Чанар шалгалтын зөвлөлийн, мөн улсын цол олгодог комисст 20 гаруй жил ажиллажээ. Би одоо залгамж халаагаа болгож, залуу уулчдыг бэлдэж байна. 

СПОРТЫНХНЫ ДУНД “УУЛЫН БАЯНЦАГААН” НЭРТЭЙ

-Оргилд авирах зориг олон хүнээс гардаггүй. Та айдсаа дийлж байж авирч байв уу?

-Эдийн засагч хүн байнга хянан шалгаж, тооцоолон төлөвлөдөг. Дугуйланд заасан бүхнийг хүүхэд байхдаа хурга, ишиг хариулж явахдаа сургуулилалт хийж сурсан тул авирахдаа алдаа бага гаргадаг байв. Гэхдээ санамсаргүй тохиолдлоор халтирч, ойчихын алийг тэр гэх вэ. Би шавь нартаа уулаа судалж, анхаарал болгоомжтой авирахыг байнга зөвлөдөг юм. Намайг Монголын уулчдын холбооны нарийн бичгийн даргын ажлыг хүлээлгэж өгснөөс хойш ууланд олон ч осол гарлаа. Ажлаа хийж байх үед минь хөл нь холгосон уулчин байгаагүй, нэг ч уулчин оргилд эрсдээгүй. Уулчдыг авирахаас өмнө ямар дасгалжуулагчийн удирдлагад хэд хоног бэлтгэл базааж, ямар хувцас, багаж хэрэгсэл, хоол хүнстэй явахыг нь хүртэл шалгадаг байв. Өөрөө цэргийн хүн болоод ч тэр үү, дэг журам, захиргаадалтын аргыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг байлаа. Ингэсний ач тус зөндөө гарсан. 

-Амьдрал, амжилт, алдар нэрийг тань одоо уулгүйгээр төсөөлшгүй болжээ.

-Уулчид намайг андахгүй. Спортынхны дунд “Уулын Баянцагаан” нэртэй. Одоогийн сонгогдсон гишүүд “Та уулын спортын хөгжил, уулчдын амьдралаар ном бичээч” гэж хэлдэг юм. Надад уулын спортын тухай түүх, дурсамж өгүүлэл, хэвлэлд нийтлүүлсэн материал бий. Монголд анх 20 уулчин энэ спортын шанг татаж байсан бол өдгөө 200 гаруйд хүрчээ. Миний хувьд “Үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр” гэдэг шиг уулчдаа танихгүй болж. Энэ нь уулын спорт хөгжиж буйг харуулж байна. Алжаал тайлах сэтгэлийн нэг таашаал бол ууланд гарах. Ууланд авирсны дараа ядардаг ч хэдхэн цагийн дараа бие, сэтгэл сэргээд сайхан болдог. Япон залуу манай уулчидтай хамт авирахдаа дахиад хэзээ ч уул руу зүглэхгүй гэсэн хэрнээ гурван сар болоод авирмаар санагддаг болсон тухайгаа ярьж билээ. Энэ бол уулчин хүнд байдаг зан. 

-Анх авирахад уулс таныг хэрхэн угтаж авсан бол. Уул, уулчин хоёр ямар нэгэн далд холбоосоор нэгэндээ татагддаг шиг санагддаг. Тийм зүйл мэдэрсэн үү?

-Би ууланд гарах болгондоо үүнийг мэдэрдэг. Анх 1969 онд Сар шинийн баярын өмнөхөн Асралт хайрханд таван уулчин авирсан юм. Хэнтийн нурууны ноён оргилд гарчихаад эргэн тойрныг харж зогсоход надад эх дэлхийгээ өндрөөс үргэлж харж явах юм сан гэх бодол төрж билээ. Тэгэхэд би 16 настай байв. Тэр жилийнхээ хавар нь Ховд аймгийн Мөнххайрханд гарсан. Уулын 200 гаруй аялал зохион байгуулж, дасгалжуулагчаар нь явлаа. Мөн удирдаж, тамирчны хувиар ч оргилд олон гарсан. Би амьдралдаа уулын нэг багш, нэг дасгалжуулагчтай хүн. 1975 оноос хойш дасгалжуулагч болж, өөрийн шавь нараа бэлдсэн. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Лувсаннямын Бямбадорж миний багш. Монгол Улсад энэ хүн уулын спортын багшаар бэлтгэгдэж ирсэн. Тэрбээр ОХУ-д уулын спортын сургуульд гурван жил суралцаж, багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн юм. Энэ хүнээр би уулын спортын онол, практик заалгасан. Дараа нь Булган аймгийн Сайхан сумын харьяат Доржготовын Чагнаа миний дасгалжуулагч багшаар ажилласан. Багш намайг I зэрэгтэй уулчин байхад ирсэн хэрнээ дасгалжуулж, улсын тэмцээнд оролцуулдаг байв. Тэрбээр биеийн тамирын дээд сургуульд суралцаж дүүргэсэн, дугуйн спортын тамирчин. Ууланд авирах уяа сойлгыг минь тааруулж, тэмцээнд уулчидтай шандас сориулсан хүн. Манай уулын спортынхон намайг багш аа гэхээс илүү ах аа гэж хүндэлж харилцдаг. Миний шавь нарын дунд өндөр настай уулчин, надтай хамт өтөлж байгаа тамирчин ч бий. Миний анхны шавь хаданд авиралтын 11 удаагийн аварга, олон улсын шилдэг уулчин, ОУХМ Б.Даваахүү, Ч. Ганболд нар. 1973 онд намайг “Алдар” спорт хороонд тамирчдыг дасгалжуулахаар бэлтгэл хийлгэдэг байхад нэг нь цэрэг, нөгөө нь хөнгөн атлетикаар хичээллэдэг тамирчин байлаа. 1974 онд Ховд аймгийн харьяат, Гавьяат тамирчин Т.Гүррагчаа надад хадаг барьж, багш шавийн барилдлага тогтоож билээ.

-Одоо та уулын хэлийг мэддэг, уул таны сэтгэлийн үгийг сонсдог болсон байх аа.

-Ууланд авирах гэж буй хүн хамгийн түрүүнд цаг агаарыг сайн мэдэх хэрэгтэй. Оргилын оройд бүртийх ч үүлгүйд авирахад гэнэт бороо орж, цасаар шуурна, эсвэл цасаар шуурах нь уу гэж бодож байтал цэлмээд сайхан болчихно. Энэ мэдээллээ уул ямар нэгэн байдлаар хэлдэг. Уулын оройд үүл гарч, хавь ойрын зүйл харагдахгүй болбол хоёроос гурван хоног эвгүй зан гаргахаа, салхи салхилаад үүл нүүвэл маргаашнаас цаг агаар сайхан болох дохио өгдөг. Би учиргүй их шүтлэгтэй хүн биш. Гэхдээ ууландаа бол шүтлэгтэй. 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намайг урьж, уулзаад “Та намайг зуучилж яваач, би ууланд авирах гэсэн юм” гэлээ. Төрийн тэргүүн ийм санал тавихад би яаж татгалзах билээ, зөвшөөрч хоёр сар бэлтгэл сургуулилалт хамт хийсэн. Нэг өдөр над руу утасдаад “Манай гэр бүлийн хүн, хүүхдүүд хамт авирна гээд байх юм. Яах вэ” гэж асуухад би “Явж болно. Гэрийхнийгээ бэлтгэл хийхдээ хамт дагуулаад яваарай” гэв. Тухайн үед Алтайн уулсад авирахгүй юм гэхэд сүрлэг сайхныг нь харж баясаг дээ гэж бодож байлаа. Би өндөр оргилд авирахаар өөрийн эрхгүй огшдог. Алтай Таван Богдыг харахаар сэтгэл догдолно. Уул намайг дуудаж, би үгийг нь сонсож байгаа нь тэр. 

АРМИЙН ЗАВГҮЙ АЖИЛ НАМАЙГ УУЛААС ХОЛДУУЛЖ ЧАДААГҮЙ

-Оргилоос амьд ирэх баталгаагүй гэсэн яриа уулчдын дунд байдаг. Үүнийг ар гэрийнхэн нь хүлээж авах нь хүнд. Манай уулчдаас Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестэд, Б.Гангаамаа К2-т авирахдаа гэрээслэл үлдээсэн гэж ярьдаг. Та уулчдаас тийм захидал хүлээж авч байсан уу?

-Үгүй ээ. Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүхэд Б.Гангаамаа бор дугтуйтай зүйл үлдээснийг нь мэдсэн. Бид нэг нутгийн уулчин, зовлон жаргалаа хуваалцдаг ах дүүс. Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нар Эверестэд хоёр талаас нь авирч гарсан. Б.Гангаамааг К2-т авирахаар явах гэж байхад нь үнсээд “Чи Эверестэд авирсан юм чинь К2-т ч гарч чадна. Хамгийн гол нь буухдаа анхаараарай. Уулчид энэ оргилд авирчихаад буухдаа алдаа гаргадаг. Тиймээс буухдаа эрсдлийг сайн тооцоолоорой” гэж захисан. Тэрбээр амжилттай авираад ирснийхээ дараа телевизэд ярилцлага өгөхдөө “Ж.Баянцагаан ахын захиж хэлсэн үг толгойд минь байнга бодогдож байлаа. Эрсдэлгүй яаж буух вэ гэж их бодсон. Тэгээд 8000 метрээс буулгүй хонож, маргааш нь хөдөлсөн” гэж ярьж байлаа. Нутгийнхаа дүүд баяр хүргэж уулзахад “Ахынхаа үгийг сонсож, захиж хэлснийг тань их бодсон. Танд маш их баярлалаа” гэж хэлсэн шүү. 

-Спортод алдсан алдаагаа засаад амжилт гаргаж болдог бол уулын спортынхонд алдаа, оноо нь анхных бөгөөд сүүлчийнх байдаг. Олон жил оргилтой нөхөрлөхдөө та юуг баримталж ирэв? 

-Тийм ээ, алдаа нь анхных болоод сүүлчийнх байдаг нь үнэн. Отгонтэнгэр хайрханд тэр жил олон уулчин эрсдэж, амиа алдахад би маш их хямарсан. Хэдэн өдөр уулчдаа бодож шаналсан. Тэр уулчидтай хүү минь хамт авирах төлөвлөгөөтэй байв. Тэгсэн хамт авч явах хүмүүс нь мартчихсан уу, эсвэл унаанд нь багтах боломжгүй байсан уу, орхиод хөдөлсөн юм. Тухайн үед хүү Багануурт байх хадмынх руугаа явчихсан байж таарав. Тэгсэн надтай утсаар “Отгонтэнгэрт авирсан уулчдад таагүй явдал тохиосон байна” гээд ярьсан. Миний хүү тэр өдөр уулын хувцас, хэрэглэлээ зэхсэн байв. 

-Уулчдынхаа төлөө өөрийгөө мартаад зүтгэсэн өдөр хоног танд олон байдаг уу?

-Аав минь намайг бага байхад хорвоог орхисон. Ах нар өрх тусгаарлахад би ээжтэйгээ үлдсэн. Хүнд худлаа хэлэхгүй, хүнтэй ам мурийхгүй, эв найртай яваарай гэж ээж минь сургадаг байлаа. Энэ зан чанараа уулын спортод гаргая гэж зорьсоор ирсэн. Уулын спорт хүнийг зөв төлөвшүүлж, зоригтой, нийтэч, хамт олонч, нэгэндээ туслах энэрэнгүй сэтгэлтэй болгодог. Байгалийн бэрхшээлийг ялан дийлэхийн тулд өөрийнхөө бүх зүйлийг зориулж чаддаг хүн уулчин болдог. Тиймээс намайг ч гэсэн энэ спорт тэсвэр хатуужилтай болгосон. Би үр хүүхдүүддээ хүний төлөө яваарай, олны төлөө явсан хүн хожим баярлаж талархсан үг сонсдог юм шүү” гэж захидаг. 

-Та өөрийгөө залгамжлах шавь нараа бэлджээ. Үе үеийн уулчдад зааж, зөвлөж ирсэн болохоор танаар бахархдаг биз ээ.

-Намайг Гавьяат дасгалжуулагч цол хүртэхээс өмнө долоон тамирчин Гавьяат цол хүртсэн. Тэднээс зургаа нь миний шавь. Би шавь нараараа бахархдаг. Тэдэнтэй адил намайг сонирхол минь уултай холбосоор ирсэн. Армид дэд хурандаа цолтой байхдаа амралтаа аваад л маргааш нь уулаа зорьдог байлаа. Цэрэг, армийн цаг завгүй их ажил намайг уулаас холдуулж чадаагүй. Шавь нараа амжилтад хүргэхийн тулд олон жил уйгагүй зүтгэлээ. Уулын спортоор хичээллэсэн тамирчдаас найм дахь гавьяат цолтон нь би, Монгол Улсын уулын спортын анхны Гавьяат дасгалжуулагч нь. Манайх гурван охин, нэг хүүтэй. Хүүг минь Төгсжаргал гэдэг. Хүү, зээ хүү хоёр минь уулчин, спортын мастер цолтой. Тэд намайг уламжилж уулын спортоор хичээллэдэг. Хаданд авиралтын тэмцээнд хүү минь олон удаа түрүүлсэн. Алтай Таван Богдод авирч байхдаа таван хүн аварч байв. Есөн настай байхдаа Отгонтэнгэр хайрханд аавтайгаа хамт авирсан юм шүү дээ. 

-Та Гавьяат цол хүртчихээд ууландаа хүндэтгэл үзүүлж, “Баярлалаа” хэмээн шивнэж сэтгэлийнхээ үгийг дайв уу?

-Хэлэлгүй яах вэ, Отгонтэнгэр хайрхандаа очих болгондоо цай, сүүнийхээ дээжийг өргөж, залбирдаг. Төрийн ордноос Гавьяат цол хүртчихээд, Богд Дүнжингарав ууланд баярлаж талархсанаа илэрхийлэн, сэтгэлийнхээ үгийг шивнэж дайсан. Мөн Сутай хайрханд авирахдаа ч мөн залбирлаа. Би уулсынхаа хүчинд өөдрөг яваа. Тийм ээ, уул намайг хүлээдэг, би уулаа үгүйлдэг. Бид нэгнийхээ сэтгэлийн үгийг сонсож, амжилт, зовлон жаргалаа хуваалцсаар ирсэн. Уул намайг ойлгодог шиг, би ч бас уулаа ойлгодог юм. Уул уурладаг, бас баярладаг. Уурлавал авирах замд юу ч тохиолдож мэднэ. Тиймээс уулчин болох гэж байгаа бол ууланд дуртай, сонирхолтой, хайрлах, хамгаалах сэтгэлтэй байх хэрэгтэй. Уул амжилтад хүрэх болсныг чинь дуудаж хэлдэг, бас хүрэх болоогүйг тань сануулж буцаадаг юм шүү дээ. Уулын ертөнцөд хөл тавьсан бол гайхамшгийг нь эхлээд мэдэр, туулсан замаа хараад бахарх, тэр үед үгийг тань сонсож, энергиэрээ ивээдэг юм.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)