Ж.Батзандан: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт "бантан" болж дууслаа

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх хуулийн заалт хойшилсон байгаа юм. Тэгвэл энэ заалтыг эсэргүүцэж, зарим гишүүд эсрэг кноп даржээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт баялагийн стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг Монголын ард түмэнд өмчлүүлэх ёстой гэсэн заалтыг эрх баригч нам унагаасан учраас Л.Болд болон миний бие одоогийн байдлаар хуралд оролцохгүй гэсэн байр суурьтай байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үндсэндээ "бантан" болж дууслаа. Чухал заалтууд нь унаад дууслаа. Монголд хортой, хэрэггүй заалтуудыг эрх баригч нам хэлэлцэж байна. Хэрэгтэй заалтуудаа оруулахын төлөө манай эвсэл тэмцэл явуулна. Баялаг, стратегийн ордуудын өмчлөлийн асуудлыг эхлээд шийдээгүй байж дараагийн асуудлыг ярьж болохгүй.

Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг нь өгөх ёстой. Гэхдээ үндсэн чиглэлийн буюу ХЗДХ, Сан, Гадаад харилцаа, БОАЖ-ын салбарын сайдууд УИХ дотроос сонгогдох ёстой. 100 хувь гаднаас бүх сайдуудыг томилогдог туйлширсан бодлогоо зогсоох ёстой. Парламент, Засгийн газар хоорондоо уялдаа холбоотой байснаар төрийн ажил урагшилна. 

Нэг зүйлийг хэлэхэд Д.Лүндээжанцан шиг Үндсэн хууль Монголд хэрэггүй. Лүндээгийн саналыг дэмжихгүй болохоор гишүүдийг гүтгэж доромжилж болохгүй. Үндсэн хуулийн асуудалд бид үндэсний эрх ашгаа бодож асуудалд нухацтай хандах ёстой” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)