Ж.Батзандан: Ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамт явуулах нь зүйтэй

УИХ дахь Шударга Иргэдийн Нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намын зөвлөл өнөөдөр Төрийн ордны “В” танхимд анхны хуралдаанаа хийлээ. Хурлын дараа намын удирдлагууд хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлэхдээ “УИХ дахь ШИНЭ намын зөвлөл хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, ээлжит бус сонгууль явуулах нь хууль, эрхзүйн хүрээнд нь зөв, буруу эсэхийг хэлэлцлээ. Ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамт явуулах нь зүйтэй гэдэг дээр Л.Болд гишүүн бид хоёр байр сууриа илэрхийлсэн байгаа.

Хоёрдугаарт, ээлжит бус сонгууль явуулахтай холбогдуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд оруулах Ард нийтийн санал асуулгын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьснаа УИХ-д хүргүүлсэн байна. ШИНЭ намын зөвлөл энэ хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Ерөнхийлөгчийн хоригийн гол агуулга нь Ард нийтийн санал асуулгыг хуульд нийцүүлж явуулах шаардлагатай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн заалт зөрчигдөж байна гэсэн агуулгатай. Энэ хуулийн зөрчлийг арилгаж, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ШИНЭ намын зөвлөлөөс гаргалаа.

Гуравдугаарт, ШИНЭ намын зөвлөл долоо хоног бүр эрх нь зөрчигдсөн, хохирсон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан, мэдээлэл авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, тухайн асуудлыг шийдвэрлэх чиглэлд үйл ажиллагаа явуулна гэж шийдвэрлэсэн байгаа. Энэ хүрээнд “Монкорд” ХКХ-ны хохирогчид болох 3000 иргэний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ асуудал дээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг байлцуулж, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах чиглэлд тодорхой үүрэг даалгавар өглөө. Мөн “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн хохирогчдын төлөөллийг хүлээн авч сонслоо. Энэ асуудлаар Өргөдлийн байнгын хороотой хамтран бид даасан Ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдлээ.

Мэдэллийн дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)