Ж.Батзандан: Хуульчид аа, хуулиа унш

Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хаврын чуулган нээлтээ хийсэн сайхан өдрийн мэндийг хүргэе. Нэгдүгээрт, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд батлагдан гарсныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Л.Болд гишүүн бид 2 намаасаа хөөгдсөн учраас бие даагчид болж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа талаар мэдээлсэн. Бие даагчид болсон учраас хэрхэх вэ гэдгээ ард түмнээсээ асууж байгаа.

Хаврын чуулганы хэлэлцэх жагсаалтад чухал асуудлууд багтсан. Жишээлбэл, Зөрчлийн хуулийг өөрчилж өгөөч гэдэг саналууд дээр үндэслэж, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хамаатай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Энэ бол Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм.

Олон түмний сонирхлыг татаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл чуулганаар орж ирж байгаа. Үүнийг хэлэлцээд эхэлвэл хуулиараа 45 хоног тасралтгүй хэлэлцэх шаардлагатай болдог. Энэ үед өөр хуулийн төслийг хэлэлцэхийг хуулиар хориглодог.

Мөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ их чухал гэдгийг хэлэх нь илүүц биз. Улс төрийн намуудын тухай хуульд олон өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, одоогийн намуудад тавигдах шаардлагыг өндөрсгөж, хатуу гишүүнчлэлтэй улс төрийн намуудыг шинэчилнэ. Үүнээс болж ард түмнийг ялгаварлан гадуурхаж, монголчуудыг хооронд нь талцуулж байгаа хэмээн үзэж байна.

Үүнээс гадна татвартай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл орж ирж байгаа.

Хоёрдугаарт, УИХ дээр Х.Нямбаатар гишүүнээс ахлуулсан том ажлын хэсэг байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд шударга бусын хонгилоор орж, эрүүдэн шүүгдсэн, эрх нь зөрчигдсөн олон мянган иргэн, аж ахуйн нэгж бий. Тэдний өргөдөл, гомдлыг албан ёсоор УИХ-д хүлээн авч байна. Одоо хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд солигдож эхэлнэ. Үүний дараа өмнөх удирдлагуудын үед Монгол хүний эрхийг зөрчиж, Эрүүгийн хяналт шийдвэрийн тухай хуулийг зөрчиж, эрүүдэн шүүж, дарамталж байсан хүмүүсийн гомдлыг хүлээж авна.

Гуравдугаарт, миний бие хамтран тэмцсэн таван нөхдийнхөө хамтаар есөн дүүрэг, 21 аймгуудаар явж ард иргэдтэйгээ уулзаж байгаа. Энэ долоо хоногийн уулзалт Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд болно.

Сүүлийн үед иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудлын талаар мэдээлэл өгье. Эрүүдэн шүүх ажиллагаа хэзээ эхэлсэн бэ, хэний үед байсан бэ гэдгийг мэдэж байгаа. С.Зориг агсны хэрэгт холбогдуулж, Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үе бол 2014-2015 он. Зарим хуульч “Прокурорын мөрдөн байцаах газрыг татан буулгаснаас болоод эрүүдэн шүүдэг болсон” хэмээн ярьж байна лээ. Үгүй шүү. Монгол Улс 2002 онд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орсон. Тус конвенци 1984 онд батлагдсан. 1992 оны Үндсэн хуулиар эрүүдэн шүүхийг хориглосон. Тэрнээс биш 2014 онд гарсан хуулиар эрүүдэн шүүхийг зөвшөөрсөн мэтээр ярьж байгаа хуульчдад хандаж хэлэхэд “Хуулиа унш”. 5б ангийнхан гээд их сургуулийн таван хуульч багш бий. Тэр хүмүүсийн үед МАНАН мафи, шударга бусын хонгил хүчээ авсан. Иймээс тэрхүү таван багшийн бузар, булайг удахгүй дэлгэнэ. Худалдаа хөгжлийн банкинд үйлчилдэг, Эрдэнэтийн 49 хувийг хамгаалдаг Захиргааны шүүхийн Батсуурь, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьсан Эрдэнэбат гэж багш бий. Мөн Хууль зүйн сайд асан Тэмүүжин гэж багш байгаа. Ийм таван багш сүүлийн 4-5 жил Монгол Улсын эрх зүйн системийг баллаж хаясан" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)