Ж.Батзандан: Монголыг бузарлаж байгаа олигархи бүлэглэлийн өмнө сөгдчихсөн гишүүдээс болж Монголын төр өндийхгүй байна

Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар улс төрийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хянах Түр хороо байгуулах тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж байдаггүй юм. 21 жил нуулаа. Одоо болсон юм биш үү? 16 настай хүүхэд 29 настай хөхүүл хүүхнийг дагуулж ороод С.Зоригийг алчихсан гэдэг жүжгээ зогсоох ёстой. Прокурор н.Эрдэнэбат "Хангалттай нотлох баримттай хэрэг" гэж ярьж байна лээ. Тэгвэл яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүдэг юм бэ. 2 жилийн өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёртой уулзсан тухайгаа болон эрүүдэн шүүсэн гэх хэргийг хэлж байсан. Түр хороо байгуулж өгөөч гэж хоёр жилийн турш ярьж байна. Одоо үнэнд гүйцэгдэж байх шиг байна. Одоо асуудлыг нэг тийш нь эцэслэн шийдвэрлэх цаг нь болсон. Прокурор, хуулийн байгууллага, Б.Хурц нарт хариуцлага тооцох ёстой. Монголыг бузарлаж байгаа олигархи бүлэглэлүүдийн өмнө сөгдчихсөн гишүүдээс болж Монгол төр өндийхгүй байгаа юм. Хоёр жилийн турш та бүхний өмнө бөхийж гуйлаа. Түр хороогоо түргэхэн шиг байгуулаад асуудлыг шийдье. Эх орончдынхоо амийг хамгаалъя.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, ямар хулуийн заалтууд зөрчигдсөн талаарх дүгнэлт гарна. Жишээлбэл, нэг хэргийн хорё холбогдогчийг хамт хорьж болдоггүй хууль зөрчигдсөн. Мөн мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьдоггүй, эрүүдэн шүүж болохгүй гэж заалтууд тус тус зөрчигдсөнийг харж байгаа байх. Үүнээс гадна дуртай, дургүй хүмүүсээ тагнаж чагнадаг асуудал ч бий. Эднийг шалгана.

Хоёрдугаарт, хуулийн дагуу төрийн нууцад хамруулсан хэргийг задруулах тохиолдолд Үндэсний аюулгүй байдал болон ашиг сонирхолд хохирол учруулах мэдээлэл гээд заачихсан байгаа. Хүний амь насыг хохироосон хэргийг ил хэлэлцэхээр Үндэсний аюулгүй байдал болон ашиг сонирхолд ямар хохирол учрах гээд байгааг гаргаж ирэх хэрэгтэй. Их баримттай гэж өөрсдийгөө өмгөөлдөг хүмүүс хэлдэг. 18 жилийн өмнө намайг ахындаа очих гээд явж байхад нэг залуу С.Зоригийн гэрийг асуугаад өнгөрсөн. Би хэлж өгсөн. Гэтэл тэр залуу "Эд нар байна" гээд шийтгүүлсэн залууг заасан. Ийм зүйл байх уу. Үүнийг хэлсэн залуу нь нэг гүйцэтгэх ажилтантай нь хамт сургуульд сурч, бүр нэг давхарт хамт амьдарч байсан. 18 жилийн өмнө тамхи татаад зогсож байсан залуу гол гэрчийг мөн хэмээн баталсан байдаг. Мэдүүлэг гээч зүйл чинь ийм л байсан. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 21 жилийн өмнө ардчилагчид Засгийн эрхийг барьж байсан. Тэгвэл тэд яагаад хамтран зүтгэгчийнхээ амийг эрсдчихээд байхад юу ч хийгээгүй юм бэ. Дээрээс нь төрийн алба хэдэн хүний атганд орчихсон юм биш үү. Хэн ч хэнийхээ өөдөөс үг хэлж чадахгүй. Нөгөөтэйгүүр, энэ нийгмийг ямар болгох гээд байгаа юм бол оо. Улс төрчид маань цахим сүлжээгээр хэн нэгнээ монгол хүний аманд багтахааргүй муу үгээр харааж, доромжлуулах захиалгыг залуучуудад өгч байна. Тэгэхээр энэ ямар нийгэм болж хувирах вэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)