Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэ надад авлига өгөхийг завдсан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Монгол Улсаас Хөх хотод сууж байсан консул асан Д.Мөнх-Эрдэнийн ярьсан зүйлд хариу тайлбар хийж, мөн АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.

Д.Мөнх-Эрдэнэ нь энэ долоо хоногийн эхээр NTV телевизээр гарсан “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон түүний төрөл төрөгсдийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэсэн утгатай, гүтгэлгийн шинжтэй зүйл ярьсан нь олон нийтийн сүлжээгээр нэлээд тархсан. 

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбарлахдаа “Энэ хүн намайг хятадуудтай танилцуулж өгөөрэй гэсэн хэмээн гүтгэлэг тарааж байна. 2017 онд миний бие болон УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Санжмятав нар Хөх хотод Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр монгол, хятадын 1000 гаруй компанийн төлөөлөлтэй уулзсан. Монголын бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтран ажиллаарай гэж хэлсэн. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас бидэн өгсөн үүрэг даалгавар юм. УИХ-ын гишүүн хүн гадаад харилцааг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Д.Мөнх-Эрдэнэ боловсролгүй хүн болохоор “монголыг дэмжээрэй” гэсэн үгийг маань Батзанданг дэмжээрэй гэж ойлгосон бололтой. Ийм боловсролгүй нөхрийг Ц.Элбэгдорж консулаар явуулсан. Энэ хүнийг машины наймаа хийсэн, архидан согтуурч олон хүнд агсам тавьсан, зодоон цохион хийсэн гэсэн үндэслэлээр Д.Цогтбаатар сайд ажлаас нь халсан юм билээ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэхүү хэвлэлийн хурлын үеэр Д.Мөнх-Эрдэнэ өөрт нь авлига өгөхийг завдсан талаар мөн мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, Д.Мөнх-Эрдэнэ нь өнгөрсөн оны 3 дугаар сард Хөх хотын консулаар ажиллаж байхдаа миний зөвлөхтэй холбогдож, “Өөрт чинь 20.0 сая төгрөг, гишүүнд 50.0 сая төгрөг Хятад хүнээр өгүүлмээр байна. Хөх хотод хүрээд ирээч...” хэмээн ярьсан байдаг. Миний бие тухайн үед “Энэ бол хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлийг зогсоох, саармагжуулах оролдлого” хэмээн үзэж, дахиж ийм байдал гаргахгүй байхыг сануулахыг зөвлөхдөө даалгасан гэлээ.

Иймд АТГ-т нэгдүгээрт, өөрийгөө болон ах дүүсээ шалгуулах, хоёрдугаарт, Мөнх-Эрдэнийн хахууль өгөх гэсэн үйлдлийг шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, Шударга иргэдийн нэгдсэн эвслийн гишүүд болох эх оронч тэмцэгчид өнгөрсөн хугацаанд оффшортой тэмцэх хуулийг анх санаачилж батлуулсан, Эрдэнэтийн луйврыг илчилсэн, Багануурын цахилгаан станцыг хятадуудад өгөх гэрээг эсэргүүцэж хүчингүй болгуулсан, гадныханд өгсөн Сүхбаатарын талбайг монголын ард түмэнд эргүүлэн авчирсан гээд чамгүй амжилт гаргасан. Эх орончдын энэхүү тэмцлийн үр дүнг нь монголчууд нийтээрээ хүртэж эхэлж байна. Үүнд хорссон, сонгуулиар төрийн эрхэнд гарах вий гэж айсан МАНАН бүлэглэлийнхэн тэднийг гутаан доромжлох, гүтгэх явдал улам гаарч байгаа ч шударга ёсны төлөө тэмцлээ зогсоохгүй, ШИНЭ цагийг нийгэмд авчрахын төлөө тууштай тэмцэх болно гэдгээ Ж.Батзандан гишүүн мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)